Монгол Улсын техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт (ТбМБС)-ын салбарт дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар Австрали улсын Элчин сайдын яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран ажиллах гэрээ байгууллаа. “Түншлэлд суурилсан ТбМБС - II” (ТСТМБС - II) төслийг Холбооны бүгд найрамдах Герман улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны даалгавраар GIZ, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлэх юм.
Хамтын ажиллагааны гэрээнд Австрали улсын Засгийн газрыг төлөөлж, Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Кэйти Смит, GIZ-ийг төлөөлж, Монгол дахь GIZ-ийн төлөөлөгч Юрген Хартвиг, ТСТМБС – II төслийн удирдагч Д.Оюунаа 6 дугаар сарын 11-нд гарын үсэг зурав.
ТСТМБС–II төсөл нь гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад нэвтрүүлэх, аж ахуйн нэгж болон сургалтын байгууллага дээр зохион байгуулах хосмог ТбМБС-ыг бий болгох зэргээр Монголын ТбМБС-ын тогтолцооны шинэчлэлийг дэмжин ажиллаж байна.
Австрали улсын Засгийн газраас олгож буй 2.4 сая ам.долларын нэмэлт санхүүжилт нь дээрх зорилтыг дэмжихээс гадна сэргээгдэх эрчим хүчний салбарт эрэлт хэрэгцээнд тулгуурласан, практик ур чадварт суурилсан сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэх, жендэрийн мэдрэмжтэй сургалтын орчныг бий болгоход чиглэнэ.
“Австрали Улс нь ашигт малтмалын салбар дахь мэргэжлийн боловсрол, сургалтыг сайжруулахад ХБНГУ-тай саяхныг хүртэл хамтран ажилласан. Бид ХБНГУ болон Монгол Улсын Засгийн газар болон бусад оролцогч талуудтай хамтран Монгол Улсын ТбМБС-ын салбарын шинэчлэлийг бий болгоход хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болсондоо баяртай байна.” хэмээн Австрали улсын Элчин сайд Кэйти Смит онцоллоо.
Боловсрол, шинжлэх ухааны яамны ТбМБС-ын газрын дарга А.Халиунаа “Бид өмнө нь хамтран ажиллаж, олон шинэчлэл, ололт амжилтыг салбартаа бий болгосон. Энэ удаагийн хамтын ажиллагааны хүрээнд бид тогтвортой, хүн бүрд хүртээмжтэй, тэгш хамруулсан ТбМБС-ын хөгжлийг бий болгож чадна гэдэгт итгэлтэй байна”.