Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

ЖАН ВЭЙВЭЙ: ХЯТАДЫН ЗАМНАЛ, ХӨГЖЛИЙН ЗАГВАР

Mонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгээс санаачлан 2023 оны 10 дугаар сараас эхлэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвтэй хамтран “Хятадын үйл явдал” сэдэвт цуврал лекц зохион байгуулж эхэлсэн юм. Уг цуврал нь урд хөршид өрнөж буй үйл явдлыг өгүүлэх, Хятад орныг танин мэдэх нэгэн чухал индэр болж буйг хятад судлаач, доктор М.Чимэдцэеэ онцлов.

Энэ удаа Хятад улсын нэрт эрдэмтэн, Шанхай хотын байгалийн шинжлэх ухааны Фүдань их сургуулийн Хятад судлалын хүрээлэнгийн захирал, хүндэт профессор Жан Вэйвэй Монголд хүрэлцэн ирж “Хятад маягийн орчин үе” сэдэвт лекц уншсан юм. Эрдэмтэн Жан Вэйвэй нь “Шанхайн хавар, намар” хөгжлийн стратеги судлалын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн тэргүүн, “Дорнын эрдэм шинжилгээ” сэтгүүлийн ерөнхий редактор, “Гуанмин” өдөр тутмын сонины газраас тодруулсан 2016 оны Хятадын бодлогын судалгааны шилдэг 10 эрдэмтний нэг. Тэрбээр Оксфордын их сургуулийн зочин судлаач, Женев дэх Олон улсын харилцаа, дипломатын академийн профессор бөгөөд Женевийн их сургуулийн Ази судлалын төвийн ахлах судлаачаар ажиллаж байжээ. Өдгөө Цинхуа их сургуулийн төрийн бодлого, удирдлагын сургуулийн ахлах судлаач, Шанхайн Нийгмийн шинжлэх ухааны академийн төрийн удирдлагын зочин профессор, Дэлхийн Хятад судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. Профессор Жан Вэйвэй “Дэн Сяопины үеийн үзэл суртал ба эдийн засгийн шинэчлэл”, “Хятадын өөрчлөлт, эдийн засгийн шинэчлэл ба түүний улс төрийн нөлөө”, “Хоёр орны харилцааг өөрчлөх тухай бодол” гэх мэт олон бүтээл туурвисан байна. “Хятадын тухай технологийн бодол” цуврал, “Хятадын цочрол”, “Хятадын хүрэлцэхүй”, “Хятадыг гүйцэн түрүүлэхүй” зэрэг ном нь Хятадын шилдэг номын шагнал хүртэж, нийгэмд асар их нөлөө үзүүлсэн бөгөөд англи, япон, испани, солонгос, тайланд, араб зэрэг олон хэлнээ орчуулагджээ.

Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд Хятад улсын дэлхийд нэр хүндтэй онолч, эрдэмтний үгийг сонсохоор эрдэмтэн судлаачид, боловсрол, улс төр зэрэг салбар салбарын төлөөлөгчид, оюутан залуус цуглажээ. “Жан Вэйвэй нь Хятадын замнал, хөгжлийн загвар болон тогтолцоог судалж, улс орноо төлөөлөхүйц эрдэмтэн бөгөөд гадаад, дотоодод танигдсан нөлөө бүхий улс төр судлаач юм. Хятадын нам, төрийн удирдагчдын оролцсон олон удаагийн хурал, симпозиумд тэрээр улс төрийн салбарын төлөөллийн хувьд шинжлэх ухаан, Хятадын үсрэнгүй хөгжил, бүтээн байгуулалт зэрэг судалгааны талаар илтгэл тавьж, сургалт удирдан зохион байгуулдаг” хэмээн БНХАУ-ын ЭСЯ ны зөвлөх Ли Жи танилцуулав. Профессор Жан Вэйвэй “Намайг Монгол Улсад урьсан Монгол Улсын Гадаад харилцааны -Хятадын яам, Найрамдлын Монгол нийгэмлэг, БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Элчин сайд, Монголын эрдэмтэн судлаачдад талархал илэрхийлье” хэмээгээд “Би товчхон мэдээлэл өгье. Дараа нь та бүхэн сонирхсон зүйлээ асуугаарай” хэмээн илтгэлээ эхлэв. “Өнгөрсөн сард Европын холбооны Гадаад бодлогын сайд Жозеф Боррел нэгэн чухал мэдэгдэл хийсэн юм. Тэрхүү мэдэгдлийн агуулгыг товчилж үзвэл, “Латин Америк, Африк, Ойрхи Дорнод, мэдээж Азийн бүх улс орон эдийн засгийн хувьд төдийгүй технологи, цэрэг арми, үзэл суртлын хувьд барууны ертөнцийг орлохуйц чадварлаг хувилбар болоод байна” хэмээн онцолсон. Үүнийг би маш чухал мэдэгдэл гэж үзэж байна. Үзэл суртлын хувьд Хятадын талаас хэрэгжүүлж буй “Бүс ба зам” санаачилгын суурь нь хамтаар бүтээн байгуулж, хамтдаа хөгжиж, хамтдаа үр дүнг нь хүртэх зорилготой. Энэ нь барууны ертөнцийн улс төрийн тогтолцоо, үзэл санаанаас огт өөр баримтлал юм.

“Бүс ба зам” санаачилга бий болсноос хойш 11 жилийн хугацаанд 153 улс уг санаачилгад нэгдэж, шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 1 их наяд ам.долларт хүрээд байна.

“Бүс ба зам” санаачилга бий болсноос хойш 11 жилийн хугацаанд 153 улс уг санаачилгад нэгдэж, шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 1 их наяд ам.долларт хүрээд байна. Энэ жил БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байна. Улс орны хөгжлийг эхний 30 жил, дараагийн 45 жил гэж хэсэгчлэн хувааж үзэж болно. Эхний 30 жил бол хятад маягийн улс төр, эдийн засаг, нийгмийн үндэс суурийг тавьсан шинэчлэлийн он жилүүд байлаа. 1978 онд өөрчлөлт шинэчлэл, нээлттэй хаалганы бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойш Хятад орны хөгжил дэвшил сүүлийн 10 гаруй жилийн дотор тогтвортой, тасралтгүй өссөн. 1978-1995 онд аж үйлдвэрийн хувьсгал эхэлж байлаа. Бид Английн аж үйлдвэржилттэй адил хөгжих замыг сонгосон. Эхний ээлжинд нэхмэлийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, дэлхийн хамгийн том нэхмэл бүтэгдэхүүн үйлдвэрлэгч орон болов. 1995 онд БНХАУ дэлхийд нэхмэл бүтээгдэхүүний хамгийн том үйлдвэрлэгч төдийгүй хамгийн том экспортлогч болсон. 1995-2012 онд Хятадын үйлдвэр жилтийн хоёр дахь үеийг амжилттай даван туулсан. Хоёр дахь удаагийн аж үйлдвэржилтийн хувьсгал бол Европ, барууны ертөнцтэй адил эрчим хүч үйлдвэрлэх, боловсруулахад түлхүү анхаарснаараа онцлогтой. 2010 он гэхэд БНХАУ эрчим хүчний үйлдвэрлэлээрээ Америк болон барууны улс орнуудын эрчим хүч үйлдвэрлэлийг давсан.

Аж үйлдвэржилтийн гурав дахь шат бол мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар юм. Анх 2G технологи нэвтэрч эхлэхэд олон улсын стандартын түвшинд хүрээгүй байлаа. 3G гарч байхад Хятад улс өөрийн гэсэн стандарттай болж байв. 4G технологи суурилуулсан байдал барууны орнуудын 50%-д хүрч байсан бол 5G-гээр Хятад улс дэлхийд тэргүүлэх байр сууринд хүрсэн.

ХЯТАД УЛС АЖ ҮЙЛДВЭРИЙН IV ХУВЬСГАЛЫГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Аж үйлдвэрийн хувьсгалын IV үе шат их өгөгдөл, хиймэл оюун ухаан, атомын станц болон харилцаа холбооны салбарт өрнөж байна. 2014 он гэхэд Хятад улс ДНБ-ий худалдан авах чадвараараа дэлхийн хамгийн том эдийн засаг болсон. Үүнээс хойш 10 жил өнгөрлөө. Судлаачид тоо хэлэх байх. Одоо дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, хамгийн том экспортлогч, хамгийн том хэрэглэгч орон болсон. Эдийн засгийн тоо баримтаас гадна хотжилт, нийгмийн хөгжил нь аливаа улс орны хөгжлийг илэрхийлдэг. Хятад улс дэлхийн 200 гаруй улс орны дунд худалдааны хамгийн том түнш, хамгийн том экспортлогчийн харилцааг маш сайн хэрэгжүүлж, өргөжүүлж чадсан байна. Аж үйлдвэрийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, эрчим хүч, мэдээллийн технологи, хиймэл оюун ухааны технологийг зэрэг нэвтрүүлэх боломжтой дэлхийн цор ганц улс орон болон хөгжсөн. Олон нийтийн санал асуулгаар хятад иргэдийн 91% нь Хятадын өнөөгийн улс төрийн систем, явж байгаа замнал нь зөв болохыг онцолсон байдаг. Одоо Хятад маягийн модернизацийн үндсэн логик, соёл иргэншсэн улсын талаарх ойлголтын талаар дурдая. Соёл иргэншсэн улс гэдэг энэ ойлголтыг товчлон авч үзвэл тасралтгүй өрнөсөн уламжлалт соёл иргэншил дээр орчин үеийн асар том улс төрийн системийн хослол багтаж буй юм.

2014 он гэхэд Хятад улс ДНБ-ий худалдан авах чадвараараа дэлхийн хамгийн том эдийн засаг болсон.

Хятадын хөгжлийн 4 гол шийдэл нь эртний түүхтэй салшгүй холбоотой байдаг. Аливаа улс түүхэн замналын арвин баялаг, соёлын уламжлалаа хадгалах нь маш чухал. Бид улс төрийн соёлын талаар илүү их судалдаг ч хүн төвтэй улс төрийн соёлын тогтолцоо бүрдүүлэхийг чухалчилдаг. Хятад улсын төр, засгаас дэвшүүлж байгаа улс төр, эдийн засаг, нийгэм соёлын гэх олон талт бодлогууд эцэстээ хүн ардын амьдрал, амьдралын чанарыг дээшлүүлэхийг зорьдог. Хятадын улс төрийн систем дэх ардчиллын хэв маягийг авч үзвэл илүү зөвлөлдөх ардчилал тал руу чиглэсэн байдаг. Жишээ нь, Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан машины чанар хамгийн сайн. Өнөөгийн түвшинд хүртлээ тав таван удаа дөрвөн шат буюу 20 жилийн турш бэлтгэл ажил хийгдсэн. Таван жил тутамд цахилгаан автомашины үйлдвэрлэл, туршилт, R&D-н чиглэлээр холбогдох байгууллагуудын оролцоо хамгийн чухал байсаар ирсэн. 2015 онд бид “Made in China-2025” хөгжлийн бодлого гаргасан. Бид хоёр жилийн өмнө зорилгодоо хүрч чадсан. Үүний тод жишээ бол, дэлхийд тэргүүлэгч ТОП-41 технологи дотор Хятад улс 37-д нь тэргүүлэх байр суурьтай байна.

ЭДИЙН ЗАСАГТ ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ, ТӨРИЙН ӨМЧИТ ААН ИЙН ОРОЛЦООГ ХАНГАНА

Хятад улсын эдийн засаг илүү холимог тогтолцоотой. Барууны ертөнцөд Хятадын онцлогтой социалист эдийн засаг гэж нэрлэдэг. Хятадын эдийн засагт төр, хувийн хэвшил, төрийн өмчит ААН-ийн оролцоо байдаг. Хятад улсад сүүлийн жилүүдэд цахим эдийн засаг эрчимтэй хөгжиж байна. Гар утаснаас бүх үйлчилгээ авах нөхцөл бүрэн хангагдлаа. Дижитал дэд бүтцийг заавал төрийн өмчийн ААН хариуцаж хийдэг. Харин хувийн хэвшлийнхэн бүрдсэн дэд бүтэц дээр үйлчилгээ явуулах, хамгаалах үйлчилгээ үзүүлдэг. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад маягийн модернизацийн үндсэн шинжийг дараах дэвшлээр томъёолсон. Нэгд, Асар олон хүн амтай улс орны эрчим хүчний хангамж. Хүн амын тоо 1.4 тэрбум. Хоёрт, Бүх ард түмний нийтийн хөгжлийг хангана. 2021 он гэхэд Хятад улсын хэмжээнд ядуурлыг бүрэн арилгасан.

Тэр хэрээр ард түмний хэрэглээний түвшин нэмэгдсэн байна. Гуравт, Хүн байгалийн харилцан зохицолтой орчин цагийг бүтээх үйл хэрэг. Сүүлийн жилүүдэд бид байгаль орчинд ээлтэй технологид суурилсан гурван шинэ бүтээгдэхүүн болох цахилгаан машин, литийн батарей, нарны эрчим хүчний тоног төхөөрөмжүүдийг илүү их экспортолж байна. Дөрөвт, Энх тайванч хөгжлийн замыг бий болгох орчин үе. Хэрэв Хятадыг SWIFT /олон улсын гадаад гүйлгээний сүлжээ/-ээс гаргавал маргааш гэхэд юань дэлхийн худалдааны хамгийн хүчирхэг валют болох боломжтой. Яагаад гэвэл дэлхийн 140-өөд улс орны худалдааны нэгдүгээр түнш орон нь Хятад. Америк төдийгүй дэлхийн улс орнуудад Хятадын бараа худалдан авах зайлшгүй шаардлага байна. Тэгвэл Хятад улсын хөгжлийн ирээдүй чухам хаашаа чиглэж байна вэ? “Хятад бол ирээдүй. Ирээдүй бол өнөөдөр юм” энэхүү товч тайлбарыг хэлэхийг хүсч байна хэмээн тэрбээр илтгэлээ өндөрлөсөн юм.