“Эрдэнэс Тавантолгой” компани Стратегийн ач холбогдол бүхий томоохон 10 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эдгээр төслийн нэг Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2022 онд эхлүүлж өнөөдөр эхний шат болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад орууллаа.
Уул уурхайн салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрээр Тавантолгойн ордыг түшиглэн жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2 үе шаттай хэрэгжүүлэх юм.
Төслийн нийт санхүүжилт 1 их наяд төгрөг бөгөөд одоогоор 796 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ. Нүүрс баяжуулах үйлдвэр нь Ази, номхон далайн бүсэд үйлдвэрлэл, технологиороо тэргүүлэгч брэндүүдийн техник, технологитой гэдгээрээ онцлогтой.