Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ), Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ), Capital Markets Mongolia (CMM) болон Торонтогийн Хөрөнгийн бирж (TSX) хамтран "Opportunities on Toronto Stock Exchange: Navigating Listings & Regulations" сэдэвт онлайн танилцуулгыг 6 дугаар сарын 24-нд зохион байгууллаа. Нийт 51 хөрөнгийн зах зээлийн оролцогч хамрагдсан.
СЗХ-ны дарга Д.Баярсайхан вебинар буюу онлайн танилцуулгыг нээж үг хэлэхдээ “Монголын хөрөнгийн зах зээлийг олон улстай холбох, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг Монголын хөрөнгийн зах зээлд оролцох идэвх сонирхлыг нэмэх, дотоодын аж ахуйн нэгжүүд шаардлагатай урт хугацааны санхүүжилтээ олон улсын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлэхэд нь бодлогоор дэмжлэг үзүүлж, татвар, эрх зүйн зохицуулалтын таатай орчныг бүрдүүлэх нь бидний нэн тэргүүний зорилт” гэжээ. Мөн Монгол Улсаас Канад улсад суугаа Элчин сайд Э.Сарантогос вебинарыг нээж үг хэлсэн бөгөөд СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын төлөвийн талаар танилцуулга хийлээ.
Энэ үеэр Торонтогийн Хөрөнгийн биржийн Европ, Ойрх Дорнод, Африкийн бүс хариуцсан Бизнес хөгжлийн захирал Грайм Даллас гадаадын үнэт цаас гаргагчдад тавих давхар бүртгэлийн төрлүүд, түүний шаардлагууд болон Канад улсын бүртгэл, тайлагналын шаардлагын талаар оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Үнэт цаас давхар бүртгүүлэх шалгуурт нэгдүгээрт, хөрөнгө, орлого, мөнгөн урсгал, хоёрдугаарт эргэлтийн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр, гуравдугаарт хувьцааны хуваарилалт, зах зээлийн үнэлгээ, олон нийтэд арилжигдсан хувьцаа, дөрөвдүгээрт менежмент, удирдах зөвлөл, тавдугаарт санхүүгийн дэмжлэг зэрэг орох юм байна.
Цаашид CMM Webinar-ийг тогтмол зохион байгуулах ба дараагийн вебинарыг Лондоны Хөрөнгийн биржтэй хамтран “Unlocking Capital: Opportunities at the London Stock Exchange” сэдвээр 7 дугаар сарын 22-нд 17:00 цагаас цахимаар зохион байгуулах аж.
Дашрамд дурдахад, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн зохион байгуулж буй MinePro Mongolia үзэсгэлэн, чуулга арга хэмжээний гурав дахь өдрийг CMM зохион байгуулж байгаа юм.
”MinePro 2024” арга хэмжээ нь уул уурхай, санхүүгийн болон мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, санхүүжилтийн шийдлүүдийг гаргаж, уул уурхайн салбарт тогтвортой санхүүжилтийн шийдлүүдийг олоход тусална.