Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Т.Баттулга: Бид шинэлэг олон  арга хэмжээг  нэвтрүүлэхээр төлөвлөж байна

Олон улсын уул уурхайн үзэсгэлэн Mongolia Mining-2024  уламжлал ёсоор 2024 оны 10 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Үзэсгэлэнгийн зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компанийн Ерөнхий захирал Т.Баттулгатай тус арга хэмжээний энэ жилийн онцлог болон төлөвлөж буй  шинэлэг ажлуудын талаар ярилцлаа. 

Mongolia Mining  үзэсгэлэн 13 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн арга хэмжээний онцлог юу вэ?
Mongolia Mining Олон улсын уул уурхайн үзэсгэлэнг  энэ жил уламжлал ёсоор 2024 оны 10 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулна. Монгол Улсын ирэх 4 жилийн төр барих парламентын сонгуулиар шинэ Засгийн газар бүрдэж, бодлогын шинэ орчинд болох гэж байгаа нь гадаад орчны нэг онцлог гэж хэлж болно. 

Нөгөө талаар, жилээс жилд  идэвхжиж, зах зээлд  байр суурь нэгэнт баттай бэхжсэн Mongolia Mining үзэсгэлэнгийн үйл ажиллагаа  улам өргөжиж байна. Энэ удаа бид шинэлэг олон  арга хэмжээг  нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа ба  зарим онцлог ажлуудаас дурдахад таатай байна. 
•    Үзэсгэлэн зохион байгуулагчид болон зочдыг  нэгдсэн мэдээллээр хангах  аппликэйшныг нэвтрүүлж байна. Энэхүү систем нь үзэсгэлэн зохион байгуулагч болон  үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид,  ханган нийлүүлэгчдийг нэг  дор уурхайн үйл ажиллагаатай танилцах нэгдсэн системтэй  холбох  байдлаар хөгжүүлнэ. 
•    Үзэсгэлэнгийн үеэр шинэ бүтээгдэхүүн, техник технологиудыг танилцуулах  үйл ажиллагааны шоукэйсүүд явагдана. 
•    Бизнесийн байгууллагуудыг шинэ төсөл, хөтөлбөртэй танилцах, гэрээ контракт байгуулах зэрэг хамтын ажиллагааны бүхий л  боломжуудаар хангахын тулд сурталчилгаа, танилцуулга бэлтгэх,  нээлттэй, чөлөөтэй  ярилцлага өрнүүлэх  боломжтой нетворкингийн танхим  нээн ажиллуулна. Өглөөний нээлтээс эхлэн өдрийн туршид нетворкингийн орчинд төрөл бүрийн арга хэмжээ  тасралтгүй болно. 

•    Иргэдэд уул уурхайн мэдлэг олгох Mining Academy төслийг нээж, үзэсгэлэнгийн үеэр эхний сургалтуудыг явуулна. 
•    Уул уурхайн шилдгүүдийг шалгаруулах Ёслолын арга хэмжээг  байгаль орчин, орон нутгийн оролцоо, технологи, аюулгүй ажиллагаа, шилдэг уурхай зэрэг 10 номинациар хамгийн нээлттэй, ил тод, шударга хэлбэрээр зохион байгуулна.  Шилдгүүдийг тодруулах үйл ажиллагааны номинацид нэр дэвшсэн байгууллагуудад салбарынхнаас санал авах үйл ажиллагааг Mongolia Mining 2024 үзэсгэлэнгийн үеэр  зохион байгуулна. 

Эдгээр арга хэмжээнүүд маань  үзэсгэлэнгийн  талбайд бүтээгдэхүүнээ сурталчилж буй бизнесийн байгууллагууд болон үзэсгэлэнгийн үеэр   шинэ техник, шилдэг технологитой танилцах  уул уурхайн салбарынхны  үзэсгэлэнгээс  хүртэх үр шимийг хамгийн өндөр түвшинд хүргэхийг зорьж буй хэрэг юм. 

Мөн   бүтээгдэхүүн болон худалдан авалтын талаарх  семинарууд, B2B уулзалтууд, томоохон худалдан авалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанууд  уламжлал ёсоор болно. 
Гурван өдрийн турш үргэлжлэх тус үзэсгэлэнд оролцогчид үзэж сонирхох зүйл арвин, сурах, судлах зүйл ихтэй,  бизнес эрхлэгчдийн цугларах  баялаг арга хэмжээнүүдээр дүүрэн байх болно. 

Та Mining Academy төслийнхөө талаар  дэлгэрэнгүй тайлбарлана уу? 
Mongolia Mining Олон улсын уул уурхайн үзэсгэлэнгээс Монголд анх удаа иргэдэд уул уурхайн боловсрол олгох “Уул уурхайн академи” төслийг санаачлан эхлүүлж байна. Энэхүү санаачилга нь   уул уурхайн салбарын үндэсний эдийн засагт үзүүлэх нөлөө, нийгмийн ашиг тусын талаар иргэдэд тодорхой мэдээлэл хүргэж, уул уурхайн талаарх зөв мэдлэгийг дээшлүүлэхэд  чиглэх юм. 
Уул уурхайн салбар   Монголын эдийн засагт чухал байр суурь эзэлдэг. Гэтэл иргэдийн дунд уул уурхайн талаарх зөв мэдлэг мэдээлэл хомс учраас   цөөн хэдэн компани байгалийн нөөцийг шавхаж, ард түмэн  ашиг тус  хүртдэггүй  гэсэн буруу ойлголт түгээмэл. Энэхүү   ойлголт нь уул уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулахад ч саад болохуйц хандлага үүсгэж байна. Тиймээс нийт иргэд, хүүхэд залуучуудад уул уурхайн талаар мэдлэг боловсрол олгох зорилгоор  энэ удаагийн “Mongolia Mining 2024” үзэсгэлэнгээс эхлэн “Уул уурхайн академи” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд цаашид сургалтыг танхимаар болон уул уурхайн үйл ажиллагаа идэвхтэй явагддаг аймаг, орон нутагт үргэлжлүүлэн явуулна.  

“Уул уурхайн академи”  дараах хоёр үндсэн чиглэлээр сургалт явуулна. Үүнд:  
1.    Уул уурхай болон эдийн засгийн хөгжилд оруулж буй   хувь нэмрийн талаар иргэдэд   ерөнхий ойлголт өгөх, 
2.    Уул уурхайн салбарт ажиллах сонирхолтой залууст анхан шатны мэдлэг олгох сургалт. 
“Уул уурхайн академи” төслөөрөө бид олон жил хамтран ажиллаж ирсэн уул уурхайн салбарынхны ажиллах нийгмийн хандлагыг зөв чиглүүлж, тэдний хүнд хүчир ажилд хувь нэмэр оруулахыг зорьж байгаа юм. 
 
Mongolia Mining үзэсгэлэн­гийн өдрүүд ирэх намар болох Mining Week арга хэмжээтэй давхцаж байгаа юу. Өнгөрсөн жил өмнөх 7 хоногт нь болсон санагдаж байна?
Анх 2022 онд Уул уурхай, хүнд үйлдэрийн яам, “Оюу толгой” ХХК-тай хамтран “Уул уурхайн 7 хоног” хөтөлбөрийг зохион байгуулж эхэлсэн. Анх эхлэхдээ уул уурхайн салбарын томоохон арга хэмжээ болох Mongolia Mining үзэсгэлэнгийн өдрүүдтэй давхцуулан хийхээр шийдвэрлэж, “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний хүрээнд бид Mongolia Mining үзэсгэлэнгээс гадна Mongolia Mining хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгуулж хамтран ажилласан. 

Харин 2023 онд “Уул уурхайн 7 хоног”-ийн өмнөх 7 хоногт Mongolia Mining болсон нь нэгдүгээрт, бид үзэсгэлэнгийн товоо урьдчилан зарлаж гадаад, дотоодын компаниуд оролцоогоо баталгаажуулсан үед хугацаа өөрчлөх боломжгүй байсан,   хоёрдугаарт, манай үзэсгэлэн болдог “Буянт Ухаа” спорт ордонд   Футзалын Азийн аварга шалгаруулах тэмцээн товлогдсон байсан учраас   “Уул уурхайн 7 хоног”-той тааруулж чадаагүй, өмнөх 7 хоногт нь болсон. 

2024 оны “Уул уурхайн 7 хоног”-ийн тов гарсан үеэс бид өдрөө товлон 2024 оны 10 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэлээ хангаад ажиллаж байна. 

Үзэсгэлэнгийн бэлтгэл хэрхэн хангагдаж байна вэ? Энэ удаа хичнээн орны хэдэн компани оролцох бол?
Монголын уул уурхайн хамгийн гол ханган нийлүүлэгчид уламжлал ёсоор манай үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлсэн. Одоогийн байдлаар үзэсгэлэнгийн гол танхимын талбайн захиалга дууссан. Гадна талбайн техникүүдийг байрлуулах план зургийн дагуу захиалгаа аваад мөн дуусч байна. 

“Буян Ухаа” ордны гадна талбайн үзэсгэлэнгийн том танхимд  байгууллагуудын нэмэлт захиалгыг авч байна. Нийтдээ 20 гаруй орны 250-иад компани үзэсгэлэнд оролцох хүсэлтээ илэрхийлсэн. 

Манай үзэсгэлэнд оролцохоор бүртгэлээ хийлгэсэн уул уурхайн технологи, ханган нийлүүлэгчдийн товч мэдээлэл, онцлог бүтээгдэхүүний сурталчилгаа үзэсгэлэн болохоос  сарын өмнө эхэлнэ.  Үзэсгэлэнд оролцогчдын  голлох бүтээгдэхүүнийг   үзэсгэлэнгийн өмнө  сурталчилна.