А.Халиун
Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн Сургалт, судалгаа хариуцсан дэд захирал, доктор, профессор Л.Алтангэрэлээс сургалт, судалгааны ажлын талаар тодруулсан юм.
Та энэ сургуульдаа хэзээнээс багшилж байна вэ?
Би 2013 онд Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль байгуулагдсан цагаас багшаас эхлээд тасралтгүй ажиллаж байна. Миний хувьд Германд төгсөгч, Кемнитцийн Технологийн их сургуульд 2006 онд докторын зэрэг хамгаалсан. Анх математикийн профессор багш, дараа нь Математик, компьютер, байгалийн ухааны факультетийн декан, 2020 оноос эхлэн Дэд захирлаар ажиллаж байна.
Танай сургуулийн оюутнууд семестр солилцооны хөтөлбөрөөр Герман улсын технологийн их сургуулиудад суралцдаг. Германы хэчнээн сургуультай хамтын ажиллагаатай вэ?
Германы 8 их, дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй. 60 мянга гаруй оюутантай Аахены Технологийн их сургуультай хамтарч ажиллаж байна. Манай сургуулийн захирал Б.Батцэнгэл Аахенд докторын зэрэг хамгаалсан. Хоёр дахь түнш сургууль бол 250 жилийн түүхтэй Фрайбергийн Технологийн их сургууль.
Хоёр улсын Засгийн газрын түвшинд сургуулийг үйл ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөрийг 3 жилээр хэрэгжүүлэн дүгнэж, цаашдын хөгжлийн зорилтоо тодорхойлж явдаг. 2024 онд хөгжлийн IV үе шат эхэлж байна. Энэ хүрээнд өнгөрсөн 3 дугаар сард манай сургуулийн удирдлага болон төслийн багийнхан Герман улсын түнш 5 их сургуулиудаараа зочилж, хамтын ажиллагааны чиглэлүүдээ тохироод ирсэн.
Сургууль бүхэнтэй хамтран ажиллах онцлог бий. Жишээ нь, Фрайбергийн Технологийн Их Сургууль нь манай сургуулийн сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлд анхнаас нь оролцож, хамтарч ажиллаж ирсэн. Багш нар богино хугацаагаар ирж хичээл заадаг. Мөн манай сургуулийн оюутнуудад зориулсан тэтгэлгийн хөтөлбөрийг DAAD-д танилцуулж, хэрэгжүүлдэг. Германы эрдмийн солилцооны алба /DAAD/, Герман улсын Засгийн газрын тэтгэлэг бол манай сургуулийн оюутнуудын хамгийн өрсөлдөөнтэй хөтөлбөрийн нэг.
Ямар хэмжээний тэтгэлэг олгодог вэ?
Энэ тэтгэлэгт нэгдүгээрт, сургалтын жилийн төлбөрийг бүрэн хариуцна. Хоёрдугаарт, дээр нь 10 сарын хугацаанд сар бүр 200 еврогийн амьжиргааны зардлыг олгодог. Нэг оюутанд жилд нийт 4000 орчим еврогийн тэтгэлэг олгодог юм. Өнгөрсөн онд 29 оюутан энэхүү тэтгэлгийг авсан.
Мөн Монгол Улсын Засгийн газар сурлагын амжилт болон нийгмийн идэвх зэрэг үзүүлэлтийг харгалзан оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлгийг оюутнуудынхаа хүсэлтийн дагуу сонгон шалгаруулж олгодог. Сургууль дахь Тэтгэлгийн хороо эхний шалгаруулалт хийж, тэтгэлэгт хамрагдах боломж нь нээгдэнэ.
Танай сургуулиас одоогоор хэчнээн оюутан Германы их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцаж байна вэ?
ХБНГУ-ын Фрайбергийн Технологийн их сургуулиас хэрэгжүүлдэг бас нэг тэтгэлэг бол төгсөх курсын оюутнууд нэг семестр буюу хагас жил тус сургуульд суралцах боломжтой. Оюутнууд герман хэлийг сонгон суралцсанаар тус улсад дадлага хийх, суралцах боломжоо нэмэгдүүлдэг. Одоогийн байдлаар магистрын нэг оюутан Фрайбергийн Технологийн их сургуульд суралцаж байна. Бакалаврын ангийн сонгон шалгаруулалт нь удахгүй явагдах бөгөөд 6 дугаар сардаа багтаан зар нь гарч, 8 дугаар сард сонгон шалгаруулалт хийгдэнэ. Өнгөрсөн жил төгсөх курсын 6 оюутан суралцаад ирсэн. Мөн Георг Агриколагийн Техникийн дээд сургууль, БНСУ-ын KAIST ахисан түвшний судалгааны институтэд Оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцаж байна.
2013 онд их сургууль байгуулагдсан цагаас эхлэн нийт хэчнээн оюутан төгссөн бэ?
Өнгөрсөн жил бид сургуулийнхаа 10 жилийн ойг тэмдэглэлээ. 2018 оны анхны төгсөлтөө хийсэн бол энэ жил 7 дахь төгсөлтөө хийж байна. Энэ хугацаанд 150 гаруй төгсөгчийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэн гаргаад байна. 2023 онд магистрын анхны төгсөлт боллоо. “Байгалийн нөөц технологи”-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөр, Хүрээлэн буй орчны олон улсын менежментийн магистрын хөтөлбөрийн хүрээнд сургалт явуулж байна.
Герман улсын инженер бэлтгэдэг их сургуулийн стандартаар сургалтаа явуулдаг, мөн төгсөгчид 100% ажлын байраар хангагддаг юм байна?
Тийм ээ. Монгол Улсынхаа дээд боловсролын чанарт хувь нэмэр оруулах загвар сургууль болгон хөгжүүлэхийг анхнаасаа зорьж ажилласан. Сургалтын чанарыг илтгэх гол зүйл нь нэгдүгээрт, сургалтын хөтөлбөрийн олон улсын магадлан итгэмжлэлийн шалгуурыг хангах, хоёрдугаарт, манай төгсөгчдийг олон улсад хүлээн зөвшөөрөх, мөн төгсөгчид ажлын байраар хангагдах гэсэн үзүүлэлт сургалтын чанарыг илтгэдэг. Манай төгсөгчид 100% ажлын байраар хангагддаг нь манай хамт олны бахархал юм.