Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Германы  сургалтын  стандартыг Монголд  нутагшуулна

А.Халиун

Нийслэлийн Налайх дүүрэгт уул уурхай, үйлдвэрлэлийн инженер бэлтгэх нэгэн их сургууль төвхнөсөн нь Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль /МГТИС/ юм.   ХБНГУ-ын дээд боловсролын стандартаар ирээдүйн инженерүүдийг бэлтгэж буй олон орны соёл, өвөрмөц онцлогийг шингээсэн тус их сургууль Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны дэмжлэгтэй  Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан төрийн өмчит их сургууль юм. 

2011 оны аравдугаар сард ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, А.Меркель нар хоёр улсын хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэл­цэхэд манай талаас инженер, технологийн чиглэлийн их сургууль байгуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсныг Германы тал дэмжсэн аж. Энэхүү саналын дагуу хоёр талын хамтарсан Ажлын хэсэг байгуулагдан хоёр жилийн хугацаанд бэлтгэл хангаснаар 2013 онд тус сургууль байгуулагдсан түүхтэй. 

2023 онд 10 жилийн ойгоо тэмдэглэсэн МГТИС-ийн сургалтын хөтөлбөрийг олон улсад  магадлан итгэмжилсэн бөгөөд уул уурхай, үйлдвэрлэлийн салбартаа нэгэнт танигджээ. Тус сургууль өдгөө 420 гаруй оюутантай, бакалаврын сургалтын 6 хөтөлбөртэй. Үүнд: 
-Эрдэс баялаг, боловсруулалтын инженерчлэл
-Хүрээлэн буй орчны инженерчлэл 
-Үйлдвэрлэлийн инженерчлэл 
-Механик инженерчлэл
-Цахилгааны инженер, Мехатрони­кийн хөтөлбөрийг 2020 оноос эхлүүлсэн байна.  Бакалаврын оюутнууд  эхний 2 жилд бүгд ижилхэн хөтөлбөрөөр хичээллэж, инженерийн суурь боловсрол эзэмшсэний дараа 3 дугаар курсээс нарийн мэргэжлийн ангиа сонгож суралцдаг. 

Тэр дундаа Үйлдвэрлэлийн инженерчлэлийн ангид дараагийн 2 жилдээ менежментийн хөтөлбөрүүдээс гадна банк, санхүүтэй холбоотой хичээлүүд үзнэ. Уул уурхайн салбарт хэрэгжих томоохон төслүүдийн санхүү, эдийн засгийн тооцооллыг хийхэд инженерийн суурьтай, давхар эдийн засаг, санхүүгийн мэдлэг, ур чадвартай боловсон хүчин шаарддаг ба энэ шалгуурт тэнцэх боловсон хүчин бэлтгэдэг гэсэн үг. Герман улсад мөн адил мэргэжилтнүүдийг ийнхүү бэлтгэдэг байна. 


 

Инженер мэргэжлээр элсэх оюутны тоо жил ирэх тусам нэмэгдэж байна

Их хотын нүргээнээс зайдуухан орших энэ сургууль хичээлийн  байр, 600-гаад оюутны багтаамж бүхий оюутны 2 дотуур байртай. Тэндээ өөрийн оюутнуудаас гадна гадаадын зочин багш нарыг хүлээн авах тохилог байртай, хотхон хэлбэрээр хөгжиж буй жишиг их сургууль юм. Сургалт нь англи хэл дээр явагддаг бөгөөд оюутнууд давхар герман хэл сонгон суралцсанаар их сургуулийн 4 жилдээ Германы технологийн их, дээд сургуульд  суралцах, тус улсын компаниудад дад­лага хийх, улмаар төгсөөд эзэмшсэн мэргэж­лээр  шууд Герман улсад ажил эрхлэх зэрэг олон давуу талыг олгодог байна. 

Германы инженерийн сургалтын стандарт, системийг Монголд нутагшуулах зорилго тавин ажиллаж буй тус сургуулийн сургалтын хөтөлбөр дотоодын дээд боловсролын хөтөлбөрөөс зарим талаар ялгаатай. Сургалтын хөтөлбөр нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээгээ дагаад үргэлж шинэчлэгдэж байдаг аж. 

“Германы инженерийн дээд боловсролын сургалтын нэг онцлог бол сургалтыг практиктай хослуулах. Оюутнуудын дадлага хийх хугацаа урт буюу 3 дугаар курст хийдэг үйлдвэрлэлийн дадлагын хугацаа 14 долоо хоног буюу нийт  98 хоног.  Дадлагажих хугацаандаа оюутан жинхэнэ мэргэжлээ эзэмших, дараагийн зорилгоо тодорхойлох, компаниудад өөрийгөө таниулах ач холбогдолтой” гэж тус сургуулийн Сургалт, судалгаа хариуцсан дэд захирал, доктор, профессор Л.Алтангэрэл тодотгосон юм. 

Инженер мэргэжлээр энэ сургуульд элсэх оюутны тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд жил бүр дунджаар 100 гаруй оюутан элсэн суралцаж байна. 

Биднийг 6 дугаар сарын эхээр очиход төгсөлтийн шалгалт дуусаж, оюутан залуус удахгүй болох төгсөлтийн баяраа хүлээж байв. Энэ жил бакалавр, магистрын зэрэгтэй 25 оюутан төгсөж буй ажээ. 

Оюутнууд дотуур байрандаа амьдарч, суралцаж, тэндээ   чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Хичээлийн хажуугаар спортоор хичээллэх, фитнест явах, Номын сангаар үйлчлүүлэх, мөн оюутнуудын санаачилгаар тэдний байгуулсан тохилог кофе шоп сургууль дотор нь бий. 

Дотуур байртайн давуу тал нь эхний 2 жилд хичээл ихтэй тул оюутнууд гадуур явахгүй тэндээ төвлөрч, суралцах боломжийг олгодог. Тэр хэрээр залуусын сурлагын амжилт, сургуулиа төгсөөд ажлын байранд хамрагдах үзүүлэлт 100%. Төгсөгчид ажлын байрт тэнцэж байгаа үзүүлэлт нь ямар ч сургуулийн сургалтын чанарыг илтгэдэг гол үзүүлэлт болдог билээ. 

Манай улсын экспортын 93%-ийг уул уурхайн салбар эзэлж байгаа бөгөөд салбарын томоохон компаниудаас эрэлттэй мэргэжлийн судалгаа авч, тэрхүү судалгаандаа үндэслэн  Монголын талаас БШУЯ, Германы талаас Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам хариуцан сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулдаг онцлогтой аж. 

Германы талын бодлогыг хэрэгжүүлэгч нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг буюу GIZ байгууллага. Монголчуудын сайн мэдэх болсон GIZ байгууллага манайд олон төсөл, хөтөлбөр хариуцан хэрэгжүүлдгийн нэг нь энэ сургууль. Германы Эрдмийн солилцооны алба /DAAD/ нь Германы их, дээд сургуулиудын дэлхийн бусад оронтой хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг. GIZ байгууллага DAAD-тай Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, харин  DAAD нь Германы их, дээд сургуультай харилцаа тогтоож, хамтран  ажилладаг юм байна.  

Германы  профессор багш нар урт хугацаагаар ирж ажилладаг.   Мөн  оюутнууд дадлага хийхэд Германы компаниудад холбон зуучилдаг. Энэ ажил цар тахлын үеэр  зогссон бол өнгөрсөн жилээс урьдын адил хэрэгжиж эхэлжээ. 2024 он гарсаар 4 оюутан Герман улсад дадлага хийсэн байна.  

МГТИС-ийн сургалтын жилийн төлбөр 7 сая төгрөг бөгөөд оюутнууд хичээвэл олон төрлийн сургалтын тэтгэлгүүдэд хамрагдах өргөн боломжтой. Тус сургуулийн нэрэмжит 100, 75, 50%-ийн тэтгэлгээс гадна Германы эрдмийн солилцооны албаны /DAAD/ сургалтын төлбөрийн тэтгэлэг, дээр нь сар тутам 200 еврогийн амьжиргааны зардал олгох тэтгэлгүүд нь өрсөлдөөн ихтэй аж. Мөн DAAD-аас 4 дүгээр курсын оюутнуудад зориулсан ХБНГУ-ын Фрайбергийн Технологийн их сургууль, Бохум хотын Георг Агрикола Техникийн дээд сургуульд семестр солилцооны хөтөлбөрөөр сургах боломж олгодог нь оюутнуудад дараа дараагийн боломжуудыг нээж өгдөг өгөөж ихтэй хөтөлбөрүүдийн нэг аж. 

Одоо нийт төгсөгчдийн гуравны нэг нь “Оюутолгой”-д, мөн “Энержи ресурс” зэрэг уул уурхайн томоохон компаниудаас гадна уул уурхайн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад ажилд ордог байна. 
Сургуулийн үйл ажиллагаа жил ирэх тутам өргөжиж, 600 орчим оюутан хүлээн авах багтаамжтай оюутны  2  байр болон хичээлийн байрандаа нийт 1000 орчим оюутан хүлээж авах хүчин чадалтай сургуулийн  өргөтгөлийг барихаар шав тавьжээ. Судалгаа шинжилгээний зориулалтын лабораториуд бүхий хичээлийн байрыг удахгүй ашиглалтад оруулж, сургалт судалгааны ажлаа улам өргөжүүлэхээр төлөвлөсөн байна.

 

 М.Марал-Од: 
Бид нүүрсний үнснээс германиумыг ялган авах судалгаа хийсэн 

Оюутнууд орчин үеийн тоноглол бүхий Хими, физикийн лабораториудад судалгааны ажлаа үргэлжлүүлж байна. Нэг лабораторид 15 оюутан зэрэг хичээллэх боломжтой. Сургалт, дадлагаас гадна багш нар оюутнуудаа дагуулан тодорхой судалгаа хийдэг нь энэ сургуулийн сургалтын бас нэг онцлог давуу тал. 

Биднийг очиход Химийн лабораторид төгсөж буй оюутнууд судалгааны ажлаа хийж байв.   Төгсөх курсын оюутнууд, багш нарын хамт  Германаас ирсэн Профессор Манфред Хампе багшийн  удирдлага дор нүүрсний үнснээс газрын ховор элемент германиумыг ялган авах судалгаа хийж байна. Харин магистрын оюутнууд ахисан түвшний судалгаа хийдэг аж.  

Сүүлийн үед дэлхий дахинаа хаягдлаас төрөл бүрийн элемент гарган авах судалгаа эрчимтэй явагдаж байгааг Эрдэс баялаг, боловсруулалтын инженерчлэлийн IV курсын оюутан М.Марал-Од тодотгоод, өөрийн багийн хийж буй судалгааны ажлыг товчхон танилцуулсан юм. 

Тэрбээр, Бид дулааны станцаас гарч байгаа нүүрсэнд шүүлтүүр тавьж, нэг жилд 20 тонн германиумыг гаргах зорилготой ажилласан. Манай багийнхан үйлдвэрийг ионжуулах аргаар ажиллахаар төсөөлж, нүүрсний хаягдлыг  уусгалтын арга ашиглаж 9 үе шаттай туршилтын ажлын дараа германиумыг гаргаж авах юм. Менделеевийн үелэх системийн 32-т бичигддэг G буюу германиум нь газрын ховор элементэд багтдаг  бөгөөд бид багаа­раа энэ бодисыг гарган авах судалгааг амжилттай хийж, үр дүнгээ танилцуулсан. 

Германиумыг ямар зорилгоор ашиглах боломжтой вэ? 
Дэлхий дахинаа хагас дамжуулагч бүтээхэд германиумыг түлхүү ашигладаг. Бид Герман дахь хагас дамжуулалтын үйлдвэрт түүхий эд нийлүүлэх зорилготой ажилласан. Шатаж байгаа нүүрснээс гарах нарийн ширхэгтэй бодисууд дотор төрөл бүрийн элемент агуулагддаг. Гэхдээ германиумын агууламж маш бага буюу 100%-иас 10%-тай байдаг гэв.

Эрдэс баялаг, боловсруулалтын инженерчлэлийн IV курсын оюутан М.Бүрэнбилэг:

Герман улсад ажиллах урилга авлаа

-Би өнгөрсөн 4 жилийн хугацаанд сургуулиасаа  үр шимийг маш их хүртсэн. Герман улсад нэг семестрийн хугацаанд суралцсан. Хичээлээ дуусгаад үйлдвэрлэлийн дадлагаа Германы Бохум хот дахь геотехник механикийн олон улсын консалтинг компанид 4  сар хийлээ. Дадлагынхаа зэрэгцээ бакалаврын дипломын сэдвийг тэнд сонгож, судалгаа хийж, дипломоо амжилттай хамгааллаа. Мөн дадлага хийсэн компаниасаа Герман улсад ажиллах урилга аваад, сургуулиа амжилттай төгсөж, урам зориг дүүрэн байна. 

 

Үйлдвэрлэлийн инженерчлэлийн (Эдийн засагч, инженер) IV курсын оюутан Б.Молор:
Герман улсын барилгын компанид 98 хоногийн цалинтай дадлага хийсэн

-Манай ангийг төгссөн оюутнууд уул уурхайгаас гадна маркетинг, тээвэр логистик, банк санхүү зэрэг олон салбарт ажиллах боломжтой. Бид  эхний 2 жилдээ инженерийн чиглэлийн хичээл түлхүү  үздэг боловч 3-4  курстээ төслийн менежент, маркетинг, бизнесийн удирдлага зэрэг хичээл үздэг. Миний хувьд 2020 оноос эхлэн 4 жил сураад төгсөж байна. 

Би ахлах сургуульдаа Америкт сурахыг мөрөөддөг байлаа. Анх сургуулийнхаа талаар сонсоод Налайхад байдаг хотоос хол  мөн сургалтын чанарт ч эргэлзэж байснаа нуугаад яах вэ. Харин  сургуультайгаа танилцаж, суралцаад эхлэхэд Америкийн сургуулиас дутахгүй сургалт, судалгаа, дадлага хослуулсан Герман улсын инженер бэлтгэх стандарт хангасан сургуулиараа бахархаж байна. 
Би инженер болохыг хүсдэг. Харин аав, ээж минь эдийн засагч мэргэжлийг санал болгодог байв.  Тэгээд энд ирээд    эдийн засагч-инженер мэргэжлээр сурч болохыг мэдэж, мэргэжлээ сонгож байлаа. 

Суралцах хугацаандаа 2 удаа дадлага хийсэн. Эхний дадлагаа “Тэнгэр ресорт”   кемпэд, хоёр дахь буюу үйлдвэрлэлийн дадлагаа Герман улсдаа барилгын топ 10 компанийн нэгт тооцогддог компанид 98 хоногийн цалинтай дадлага хийсэн. 

Германд ажиллах хугацаандаа юу сурсан бэ?
Бидний дадлагын ажлын нэг даалгавар нь тухайн компанидаа үнэ цэнтэй төсөл хэрэгжүүлэх ёстой. Би барилгын талбайн ашиглалтын үр нөлөөтэй байдлын талаар жижигхэн төсөл хэрэгжүүлсэн. Тодруулбал, барилгын давчуу талбайд 2 машин хэрхэн зөрөх, шороогоо хаанаа буулгавал талбай ашиглалт илүү зөв, зохистой болох талаар шийдэл гаргасан. 

Сурах хугацаандаа ямар тэтгэл­гүүдэд хамрагдаж байв? 
Бид 4  жил сурахдаа 28 сая төгрөгийн сургалтын төлбөр төлөх ёстой. Үүнээс миний хувьд 4  жилийн хугацаанд нийт 5 сая төгрөг л төлсөн болов уу. Манай сургуулийн оюутнуудад төрөл бүрийн тэтгэлгүүдэд хамрагдах боломж ихтэй. Би олон тэтгэлэг авч байлаа. Нэгдүгээр курстээ санхүүгийн тусламжийн тэтгэлэг, дараа нь манлайллын тэтгэлэг, 3 дугаар курстээ Германы DAAD-ын сар бүр 200 еврогийн стипендтэй сургалтын төлбөрийн тэтгэлэг, 4 дүгээр курстээ 75%-ийн манлайллын тэтгэлэг авсан. 

Төгсөөд ажиллах газраа сонгосон  уу? 
Манай сургуулийнхан “Оюутолгой”, “Энержи ресурс” зэрэг томоохон компаниудад ажиллахыг хүсдэг. Би ч тэр жишгээр хүсэлтээ явуулсан, орж чадах эсэхээ сайн мэдэхгүй байна. Манай сургуулиас жил бүрийн 3 дугаар сард “Үйлдвэрлэлийн өдөрлөг” зохион байгуулдаг. Энэ үеэр компаниуд ирж, ажлын байраа танилцуулдаг юм. Тэр үеэр 2 компани намайг ажилд авах урилга өгсөн.