Бэрхийн уурхайг түшиглэсэн “Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-ийн нээлт өнөөдөр боллоо. Тус төвийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Г.Ёндон тэргүүтэй салбарын төлөөлөл оролцлоо.
"Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв” нь уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн жишиг болох хаагдсан уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулж, уурхай дагасан хот тосгоны иргэдэд ажлын байр бий болгох, уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, Монгол Улсын эдийн засагт томоохон ач холбогдол бүхий уул уурхайн салбарын талаарх ойлголт, уурхайчны мэргэжил, өв соёлыг хадгалах, залуу үед өвлүүлэх, энэ чиглэлийн мэргэжлийн оюутан, судлаачдад сургалт судалгааны бааз болох, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох зэрэг өндөр ач холбогдолтойг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан онцоллоо.
Далд уурхайн музейд уурхайн тээврийн түүхийг харуулсан хэсэг, уурхайчдын амрах байр, сургалтын танхим, Монголын үйлдвэрлэлийн түүхийн танхим, Монголын уул уурхайн үүсэл хөгжлийн танхим, Бэрхийн уурхайн түүхийн танхим, “Эрдэнэт үйлдвэр”-ийн газрын нэрэмжит танхим, “Монголросцветмет” ТӨҮГ-ын түүхийн танхим, “Оюутолгой”-н уурхай түүхийн танхим, Уурхайчин цайны газар, Уулзалтын өрөө, Хүлээн авалтын танхим, VR тоглоомын өрөө, Айдсын өрөө, Усан хүрхрээ зэргийг газрын гүнд цогцлоожээ.