Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн АНУ-ын Дэлхий дахины түншлэл хариуцсан тусгай төлөөлөгч, хатагтай Дороти Маколиффыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр УИХ-аар хэлэлцэгдэж буй ач холбогдолтой үед айлчилж байгаад талархал илэрхийлэв. Хатагтай Дороти Маколифф Монгол Улсад зохион байгуулж байгаа “Олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д АНУ-ын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол Улс нь АНУ-ын чухал түнш бөгөөд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А..Блинкений Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр орны стратегийн иж бүрэн яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийг зорьж байгааг онцлон тэмдэглэв.

Энэхүү яриа хэлэлцээний нэг чухал хэсэг нь эрчим хүч, ашигт малтмалын сэдэв гэдгийг дурдаад энэ намар зохион байгуулагдах “Ашигт малтмалын аюулгүй байдлын форум” (Minerals Security Partnership Forum)-д Монгол Улсыг оролцож хамтран ажиллах, хувийн хэвшлийн салбарын түншлэл, хөрөнгө оруулалт, ажлын байрыг шинээр бий болгох харилцан ашигтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг санал болгов. Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн Форумын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч, салбарын сайдад уламжлан Монгол Улс энэхүү санаачилгад гишүүнээр элсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлсний үндсэн дээр албан ёсоор хариу хүргүүлэхээ илэрхийллээ.