Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Г.Эрдэнэтуяа: Өнөөдрийн зөв бодлого, зөв менежментээс ирээдүйн 30 жил шалтгаална

MineWeek x Minepro 2024

Б.АРИУНАА

Аравдугаар сарын 02-05-ны өдрүүдэд болох Mining Week x Minepro 2024 уул уурхай, ханган нийлүүлэлтийн чуулга уулзалтын талаар Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяатай ярилцлаа.

Өмнөх жилүүдийн “Уул уурхайн долоо хоног”-оос энэ жилийн ялгарах онцлог юу вэ? Discover Mongolia, MineTech гээд өмнө нь амжилттай зохион байгуулагддаг байсан чуулга уулзалт, үзэсгэлэнг нэгтгэсэн?

Онцлогийн хувьд уул уурхай, эрдэс баялгийн компаниудын оролцоог жигд хангахыг зорьж байна. Эрдэс баялгийн салбар маш олон салбарын үйл ажиллагааг зохицуулдаг. Зөвлөх үйлчилгээ, хайгуул, бүтээн байгуулалт, олборлолт, хаалт, ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалт, орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчид гээд тоочвол их. Тэгэхээр бүх салбарын төлөөллийг оролцуулахыг зорилоо.  

Бас нэг онцлог нь эрдэс баялгийн салбарт ажиллаж байгаа төр, хувийн хэвшлийн байгууллагууд, дуу хоолойгоо хүргэж байдаг иргэний нийгмийнхэн, Төрийн бус байгууллагууд, иргэд гээд бүхий л талаараа оролцогч талуудын оролцоог хангахыг зорьсон. МУУҮА-ын  хувьд 20 жилийн хугацаанд Discover Mongolia төслийг амжилттай зохион байгуулж анхны гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татах, идэвхжүүлэхэд өндөр үүрэг гүйцэтгэж байсан. MineTech”-ийн хувьд ханган нийлүүлэлтийн томоохон арга хэмжээ болдог байлаа. Тал талд тус тусдаа арга хэмжээ зохион байгуулж байснаас нэг дээвэр дор, том зургаар нь харсан чуулган зохион байгуулах нь зөв юм байна аа гэж зохион байгуулагчид ч тэр, оролцогчид ч тэр ойлголцсоноор энэ чуулган болж байна. МУУҮА-ийн хувьд олон улсын жишгээр хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, нутагшуулах чиглэлд ажиллаж байна.

Энэ арга хэмжээний үр дүн ямар байна гэж харж байна вэ?

Хөрөнгө оруулагчдын итгэл буурсан энэ үед сэргэлт авах боломж нь чухал ашигт малтмал, эрчим хүчний сэргэлт, ногоон хөгжил гэдгийг дахин ойлгож байгаа болов уу. Энэ боломжийг хэрхэн ашиглаж эрдэс баялгийн салбарыг хэрхэн хөгжлийн дараагийн шатанд хүргэх вэ гэдэг нь хөндөх ёстой чухал асуудал. Монгол Улсын хувьд олборлолтын цөөн хэдэн төсөл дээр эдийн засаг тогтдог нөхцөл байдалд байна. 

Бид зах зээлд шилжсэнээс хойш 30 жилийн хугацаанд уул уурхайн салбар улс төр, нийгэм, эдийн засагт ямархуу хэмжээний өөрчлөлт авчирсныг харж байна. Харин 30 жилийн дараа ямар байхыг өнөөдрийн зөв бодлого, хууль эрх зүйн орчны тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын орчин, цаашлаад итгэлтэй түнш нь байж чадах эсэхээс хамаарна. Сүүлийн 30 жилийн хугацаанд олон улсын сайн жишгийг дагавал хэрхэн хөрөнгө оруулалтыг амжилттай татаж болдог, үүнийгээ дагаад үйл ажиллагаа нь тогтвортой байж болдгийг харлаа.

Дараагийн 30 жил хаана байх вэ? гэдэг яг өнөөдрийн зөв бодлого, зөв менежментээс их шалтгаална.

Өөрөөр хэлбэл, эдийн засагт үр өгөөжөө өгч байгаа томоохон салбараа түшиглэн улс орны эдийн засаг сайжирч үсрэнгүй хөгжиж болдгийг хэлээд байгаа юм. Эсвэл эсрэгээрээ ямархуу хэмжээний том хохирол амсаж хөгжлийн шат нь хэдэн арван жилээр ухарч болдгийг өнгөрсөн жилүүдийн сургамжаас харлаа. Тэгэхээр цаашид эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг зөв тодорхойлох, чухал эргэлтийн цэг, шилжилтийн үе гэж хэлж болох энэ цаг хугацаанд Монгол Улсын баримтлах бодлогыг мэргэжлийн түвшинд гаргаж харуулахыг зорьж байгаа.

Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, санхүүгийн байгууллагууд гээд маш олон гадаад, дотоодын байгууллагууд өргөн цар хүрээг хамарч оролцохоор бүртгүүлж байна.

Энэ жилийн чуулган бол зөвхөн хэдэн өдөр хуралдаад салах биш эргээд энэ салбараас эдийн засаг дахь нөлөөлөл үр өгөөжийг яаж нэмэгдүүлэх вэ, ЖДҮ, орон нутаг, үндэсний хэмжээний бизнесийг яаж дэмжих вэ, салбарын үйл ажиллагаанд чухал үүрэгтэй тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг хийж байгаа бизнесүүдийн тогтвортой байдлыг яаж дэмжих вэ гээд өргөн цар хүрээтэй зохион байгуулахаар зорьж байна. Үүнийгээ дагаад талуудын оролцоог чухалчилж байна.

Жишээ нь, шинээр үйл ажиллагаа явуулж буй уурхайнуудад санхүүжилтийн өдрийг зохион байгуулж уул уурхайн салбарын худалдан авалт, хөрөнгө оруулалтыг дэмжихээр төлөвлөж байна. Гадаад, дотоодын санхүүгийн байгууллагууд оролцож хөнгөлөлттэй зээлийн нөхцөлүүдийг жижиг дунд бизнес эрхлэгчдэд, үндэсний компаниудад санал болгоно. Ингэснээр бодит хөрөнгө оруулалт болж худалдан авалт хийхэд тодорхой үр дүнд хүрэх байх гэсэн өндөр хүлээлттэй байгаа.

Бодитой, тогтвортой үйл ажиллагаа бий болж, ажлын байр нэмэгдүүлэх тал дээр мэдэгдэхүйц үр дүн гарна гэсэн хүлээлттэйгээр экспог зохион байгуулж байна.

Салбар бүрт тулгамдаж буй асуудал хүний нөөц болоод байгаа. Магадгүй чуулганаас гарах бас нэг үр дүн ирээдүйн инженерүүд бэлтгэх асуудал руу чиглээсэй.

Яг тийм. Монголын уул уурхайн үндэсний ассоциациас санаачлан “Ирээдүйн инженер” хөтөлбөрийг энэ жилээс нэлээд өргөн цар хүрээтэй хэрэгжүүлэхээр зориод салбарын мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллаж эхэллээ. “Ирээдүйн инженер хөтөлбөрт хамтран ажилладаг сургуулиуд маань үйл ажиллагааг дэмжиж, дөрвөн өдрийн турш Mining Week x Minepro 2024”-д хамтран ажиллахаар болж байна.

Ирээдүйн инженерхөтөлбөрийн хүрээнд бид одоо байгаа боловсон хүчний эрэлт, нийлүүлэлт хангалттай байж чадаж байна уу гэдгийг анхаарч ирээдүйд чухал ашигт малтмал, цэвэр эрчим хүчний салбарт боловсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлагатай боллоо. Маш олон асуудлын гогцоог оролцогч талууд ярилцаж цаашдаа бодлогын түвшинд тодорхой үр дүнтэй алхмууд хийгээсэй гэж хүлээж байна. Чухал ашигт малтмалын хууль эрх зүйд ямар шинэчлэл өөрчлөлт хэрэгтэй вэ? Судлаачид ямар байр суурьтай байна вэ? Боловсон хүчин бэлтгэгчид ямар байр суурьтай байна вэ? Энэ чиглэлийн компаниуд ямар байр суурьтай байна вэ? гэх мэт олон талын оролцоог хангаж хэлэлцээнээс гарах үр дүнгээс цаашдын бодлогын түвшинд тодорхой хэмжээний үр дүнтэй өөрчлөлт ороосой гэж хүсэж байна.