Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хойд Америкийн шингэрүүлсэн хийн экспорт хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна

Ч.Сансар

Хойд Америкийн шингэрүүлсэн хийн экспортын хүчин чадал 2023 оноос хойш хоёр дахин нэмэгдэж, ирэх гурван жилийн дотор өдөрт 24.4 тэрбум куб фут хүрнэ гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн алба (EIA) мягмар гарагт мэдэгдэв. Ийм тохиолдолд Мексик, АНУ, Канадад одоо баригдаж буй шингэрүүлсэн хийн бүх байгууламжууд төлөвлөсний дагуу ашиглалтад орох шаардлага гарна.

EIA-ийн таамагласнаар АНУ-ын экспортын хүчин чадал хамгийн их өсөж, 9.7 тэрбум куб фут/өдөр хүрнэ, харин Мексик, Канад улсууд өдөрт 3.3 тэрбум куб фут хий экспортлох чадалтай болно гэсэн тооцоо байгаа. Хойд Америкт одоо 10 шинэ төслийн бүтээн байгуулалт явагдаж байгаа бөгөөд үүнээс тав нь АНУ-д байна. Дэлхийд 2024 онд шингэрүүлсэн хийн эрэлт 50 гаруй хувиар өсөх төлөвтэй байна гэж Shell компани мэдээлэв.

Катар, Австрали, АНУ зэрэг улсууд шингэрүүлсэн хийн салбарт дэлхийд тэргүүлэгч хэвээр байна. Харин Катар 2029 он гэхэд дэлхийн шийнгэрүүлсэн хийн шинэ нийлүүлэлтийн 40%-ийг бүрдүүлнэ гэж тус улсын засгийн газар мэдэгдэв.

Катар улс урт хугацааны олон гэрээ хэлэлцээр байгуулсан. Жишээ нь QatarEnergy компани хамгийн сүүлд Кувейттэй 15 жилийн гэрээ байгуулсан. Мөн шингэрүүлсэн хий тээвэрлэх олон арван хөлөг онгоц түрээслэж экспортоо эрчимжүүлж байгаа. АНУ-ын хийн экспорт 2030 он гэхэд АНУ-ын эрчим хүчний салбарын CO2-ийн ялгаруулалтыг 145 сая тонноор бууруулна гэж судлаачид 2024 онд гаргасан "АНУ-ын шингэрүүлсэн хийн экспортын зах зээл ба уур амьсгалд үзүүлэх нөлөө" нийтлэлдээ дурджээ.

Эх сурвалж: oilprice.com