Олон улс орон эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зорилгоор усан цахилгаан станцуудад хөрөнгө оруулж байна. Дэлхийн усны эрчим хүчний зах зээлийн үнэлгээ энэ онд ойролцоогоор 251.58 тэрбум ам.доллар болсон бөгөөд жилд 5.1%-иар өсөж 2031 он гэхэд 356.36 тэрбум ам.доллар болох төлөвтэй байна.
Хятад улс дэлхийн усны эрчим хүчний тэргүүн үйлдвэрлэгч юм. Өнгөрсөн оны эцэст Хятад улс 50.94 сая кВт буюу дэлхийн хамгийн өндөр суурилагдсан хүчин чадалтай болсон бөгөөд цаашид 179 сая кВт-ын нэмэлт хүчин чадал бүхий усан цахилгаан станцуудыг барих төслүүдээ батлуулсан аж. Швед бол усны эрчим хүчний томоохон зах зээл бөгөөд тус улсын нийт цахилгаан эрчим хүчний 45 орчим хувийг усан станцууд үйлдвэрлэдэг. Энэ сард Лондонгийн Downing Renewables and Infrastructure Trust Plc компани Шведэд гурван усан цахилгаан станц худалдаж авч, шинэчлэл хийхэд 6.6 сая ам долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгдэв. Шинэчлэл хийсний дараа эдгээр станцуудын нийт хүчин чадал нь 7.5 ГВт.ц хүрэх төлөвтэй байгаа.
Канадад цэвэр цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ нэмэгдэж, эрчим хүчний компаниуд энэ чиглэлээр шаргуу ажиллаж байна. Монреалаас баруун өмнө зүгт орших усан цахилгаан станц нь 400 мянга орчим гэрийг хангах эрчим хүч үйлдвэрлэдэг. Мөн Квебек мужид 61 усан цахилгаан станц ажиллаж, тус муж цэвэр цахилгаан эрчим хүчний томоохон экспортлогч болсон байна.
Хөрөнгө оруулагчид хямд өртөгтэй, хөдөө орон нутагт барих боломжтой жижиг усан цахилгаан станцуудыг ихээхэн сонирхож байна. Эдгээр төслүүдийн хүрээнд далан барихын оронд голын байгалийн урсацыг ихэвчлэн ашигладаг. Иймэрхүү бага оврын станцуудын үйлдвэрлэл улирлаас хамаарч өөрчлөгддөг ч орон нутгийн байгаль орчинд учруулдаг хор хөнөөл нь бага юм. Цахим технологи усан цахилгаан станцуудын үйл ажиллагаанд улам их нэвтэрч байна. Жишээ нь цахим технологи нь усан станцуудаас бодит мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж, үйл ажиллагааг оновчтой болгодог "ухаалаг" хяналтын систем байгуулж байна. Зарим компаниуд цахилгаан үүсгэдэг далайн түрлэгийн хүчийг судалж байна. Үүний нэг жишээ бол Нью-Йорк хотын East River гол дээрх Сэргээгдэх эрчим хүчний үндэсний лабораторийн түрлэгийн эрчим хүчний төсөл юм. Уг төсөл нь 2020 онд голын усанд байрлуулсан 35 кВт-ын гурван турбинтай бөгөөд далайн эрчим хүчний үйлдвэрлэлээрээ АНУ-ын дээд амжилтыг тогтоосон билээ. Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжвэл түүнийг цаашид арилжааны зориулалтаар өргөжүүлэх боломжтой.
Эх сурвалж: oilprice.com