Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын байгалийн шингэрүүлсэн хийн импорт буурах хандлагатай байна

Хятадад байгалийн хийн агуулахууд бараг дүүрч байгаа тул шингэрүүлсэн хийн импорт буурах магадлалтай гэж Bloomberg мэдээлэв.

Хэрэв ирэх өвөл хүйтэрвэл агуулах дахь шингэрүүлсэн хий бүрэн ашиглагдах тул импорт нь өснө. Харин дулаан байвал нэмэлт хий импортлох шаардлага буурна.

Бээжинд шингэрүүлсэн хий нийлүүлдэг Хуабэй мужийн хийн агуулах 8 дугаар сарын байдлаар хоёр тэрбум шоо метр байгалийн хий нөөцөлсөн гэж Шанхайн газрын тос, байгалийн хийн бирж мэдээллээ.

Нөөцөлсөн хий нь тус байгууламжийн жилийн зорилтот хэмжээний 83%-ийг эзэлж байгаа бөгөөд сүүлийн 6 жилийн хугацаанд уг агуулахын багтаамж хоёр дахин нэмэгдсэн аж.

Энэ онд Хятадын аж үйлдвэр, худалдааны салбарын эрэлт хэрэгцээ нэмэгдэж, энэ оны шингэрүүлсэн хийн импорт нь 2021 онд тогтоосон дээд амжилтаа давах төлөвтэй байна. “PetroChina” компани энэ оны эхээр нийт импорт 78-80 сая тоннд хүрнэ гэж таамаглаж байсан.

Байгалийн хийн нийт импорт оны эхний хагаст 14.3%-иар өсч, 64.65 сая тоннд хүрчээ. Хятад улс байгалийн хийн үнэ ханш өнгөрсөн оныхоос хоёр дахин доогуур байгааг ашиглан импортоо 1-4 дүгээр сард огцом нэмэгдүүлсэн. Энэ хугацаанд импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21%-иар өссөн тооцоо гарсан.

Хятад улс ихэнх тохиолдолд 4-9 дүгээр сарын хооронд урт хугацааны гэрээ байгуулж, өвлийн нөөцөө бүрдүүлдэг. Гэхдээ зарим онцгой үед нийлүүлэлтээ бууруулахгүйн тулд Хятадын худалдан авагчид илүү үнэтэй спот зах зээл дээр худалдан авалт хийдэг.

 

Эх сурвалж: oilprice.com