Mongolian Mining Journal. Aug.2024
И.Отгонжаргал
УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнд бүрэлдсэн парламентаас МАН, АН, ХҮН нам “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэсэн гэрээ үзэглэж, Хамтарсан Засгийн газрыг байгуулсан билээ. 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тодотгол болон дагалдах цөөнгүй хуульд шинэчлэл хийх УИХ-ын ээлжит бус чуулган 8 дугаар сарын 15-наас 27-ны хооронд хуралдаж буй.
Анхны 126 гишүүнтэй парламент дээрх товлосон хугацаанд яаралтай горимоор өдөр, шөнөгүй хуралдаж байгаа ч өнөөдрийн /2024.08.26/ байдлаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагч Засгийн газарт буцаах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна.
Харин Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аж үйлдвэржилт, эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийг хурдасгах 14 мега төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдох Байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.
Үүнтэй холбоотой УИХ-ын чуулганд нэлээд санал зөрөлдөөнтэй сэдэв болоод буй Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлыг энд онцлон авч үзье.
Хамтарсан Засгийн газраас 2024 оны батлагдсан төсвийг тодотгохдоо маш өөдрөг төсөөлсөн төдийгүй ээлжит бус чуулган зарлаж, яаралтай горимоор хэлэлцүүлж байгаа нь учир дутагдалтай байгааг учирлах гишүүн цөөнгүй байна.
Хамгийн гол нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлууд мэтгэлцэх гол шалтгаан болж буй юм. 2024 оны батлагдсан төсөвт нүүрсний экспортыг 60 сая тонн байхаар тооцсон бол төсвийн тодотголоор 80 сая тоннд хүргэхээр тусгажээ. Мөн 14 мега төслийг хэрэгжүүлэх гадаадын зээл, хөрөнгө оруулалттай холбоотой өрийн хязгаарын асуудал сөхөгдөж буй аж. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд “гар хүрэх” болоод байна. Ингэхдээ Засгийн газрын зүгээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийн шалгуурууд дотор 3 өөрчлөлт орж байна. Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг суурь тэнцэл рүү шилжүүлэх. Уул уурхайн бус бүтээгдэхүүний ДНБ-д эзлэх харьцаа төсвийн урсгал зардлын 30%-иас хэтрэхгүй байна гэсэн шалгуураар өөрчилж байгаа. Суурь тэнцэл гэдэг нь бүтээн байгуулалтын зээлээр санхүүжиж байгаа зардлыг улсын төсөвт тусгахгүй гэсэн санаа аж. Сангийн яам болон Ажлын хэсгийнхний үзэж байгаагаар өндөр хэмжээний зээлийн ашиглалтыг төсөвт тооцохоор төсвийн тэнцэл алдагдах тул зардалд зээлийн санхүүжилтийг тусгахгүй явах шийдэл олжээ. Мөн түүнчлэн одоо байгаа өрийн хязгаарыг өсгөн 60%-иас хэтрүүлэхгүй байх нь.
Өрийн хязгаарыг ийнхүү өсгөхгүй бол нефтийн үйлдвэр мэт мега төслүүдийн зээлийн ашиглалт жилдээ 100, 200-хан сая ам.доллар гээд олигтой хөдлөхгүй гэдэг тайлбарыг өгч байна.
Засгийн газрын зүгээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд дээрх 3 өөрчлөлтийг хийхээр зорьж байгаа нь төсвийг тогтворгүй болгож байна гэж үзэх УИХ-ын гишүүд олон байна. Мөн өмнө нь УИХ-ын Төсвийн бодлогын Байнгын хорооны дарга асан Г.Тэмүүлэн гишүүний хувьд үүнийг огт зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлээд буй юм. Тэрбээр “Төсвийн суурь зарлага гэх шинэ нэр томьёог гаргаж ирж байгаа нь сөрөг үр дагавартай. Улсын төсөв зарлагаа дийлэхгүй. Бидний хийсэн төсвийн шинэчлэлийг хуулийн хулгайгаар үгүй хийх гэж байна. Үүнд ялагч нь цөөн хэдэн хүн байж магадгүй. Эцсийн дүндээ хохирогч нь Монгол Улс, Монголын ард түмэн хэдэн ч жил энэ бэрхшээлийг даван туулах хүндрэлд орж магадгүй болчихоод байна” хэмээн эсэргүүцэж байгаа юм.
Олон улсын валютын сангийн зүгээс манай улсыг хоёр төсөвтэй явж болохгүйг анхааруулж зөвлөдөг. Гэтэл зээлийг төсвийн зардлаас гадуур бүртгэх нь олон улсын байгууллагуудын зөвшөөрдөггүй хоёр төсвийг үүсгэх үндэс тавигдах талтай.
Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Төсвийн зарлага 2024 онд 1.0 их наяд, 2025 онд 3.6 их наяд, 2026 онд 4.9 их наяд төгрөгөөр өснө хэмээн тооцоолсон нь төсвийг хэт тэлэхээр байгааг сануулсан.
Хамтарсан Засгийн газар түүхэнд байгаагүй олон мега төслийг хэрэгжүүлэхээр байгаа ч өнөөдрийн хэлэлцэж байгаа төсвийн төсөөллийн том тоонуудаас тэдгээр бүтээн байгуулалт тус бүрийн юунд нь хэдэн төгрөг зарцуулах нь тийм ч тодорхой биш байгаа юм.
Өнөөдөр дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, уул уурхайн супер цикл дуусаж байгаа энэ үед манай улс төсвөө тэлэх нь төсвийн орлогын тасалдал үүсэх, томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт зогсох эрсдэлтэй. Хэрвээ нүүрс төлөвлөснөөс бага экспортолвол төлбөрийн тэнцэл, өрийн дарамт, валютын ханшийн эрсдэл бий болж болзошгүй гэсэн дүгнэлт хийсэн билээ. Уг зөвлөлийг Төсвийн тогтвортой байдлын “манаанд” томилсон учраас хуулиар хүлээсэн үүргээрээ мэргэжлийн эдийн засагчид сүүлийн 10 жилийн эдийн засгийн үзүүлэлтүүдэд тулгуурлаж дүн шинжилгээ хийн, хараат бус дүгнэлт гаргажээ. Тиймээс УИХ-ын гишүүдийн олонх нь энэ мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг онцолж буй юм. Харин Сангийн сайдын зүгээс Тогтвортой байдлын зөвлөлийг улстөржсөн дүгнэлт гаргасан хэмээж,төсвийн төслүүдийн тоо,тайлбарыг “цээжээрээ” хамгаалсаар сууна.
Манай улсын хувьд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулсан шинэчлэлийн дагуу төсвийн тогтвортой байдлыг хангах, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, хариуцлагатай байх зарчмуудыг хэрэгжүүлэх зорилгоор УИХ байнгын, орон тооны мэргэжлийн институци болох Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг ажиллуулж буй юм. Гэтэл шинэ Засгийн газрын төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн тодотгол, төсвийн төсөөллийг боловсруулагчид тус зөвлөлийн гаргасан дүгнэлтийг эсэргүүцэж байгаа нь хачирхалтай.
Харин Хамтарсан Засгийн газар түүхэнд байгаагүй олон мега төслийг хэрэгжүүлэхээр байгаа ч өнөөдрийн хэлэлцэж байгаа төсвийн төсөөллийн том тоонуудаас тэдгээр бүтээн байгуулалт тус бүрийн юунд нь хэдэн төгрөг зарцуулах нь тийм ч тодорхой биш байгаа юм.
Ирэх 4 жилд олон бүтээн байгуулалт өрнөж, эдийн засаг тэлж, улсын хөгжлийг түргэсгэнэ гэсэн яриа улстөрчдийн амнаас бялхаж байгаа ч эдийн засгийн өсөлтийг өрхийн босго алхуулах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах чиглэлийн төсөв болж чадаагүй байна гэж Иргэний зориг ногоон намын зүгээс шүүмжилж байна. Тухайлбал, тэд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нэг хүнд ногдох ДНБ-ийг 8,000-10,000 ам.долларт хүргэж, ядуурлыг 2 дахин бууруулна гэж тусгасан нь тооцоо судалгаа муутай дэгс тоо гэж үзэж байна.
Засгийн газрын зүгээс 4 жилийн үйл ажиллагааны Мөрийн хөтөлбөрт 120 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий нийт 577 багц хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасантай холбоотой төсөв тойрсон олон асуудлыг Төрийн ордонд хэлэлцсээр байна. Ямартай ч дээрх үнийн дүнгийн 12.3%-ийг улсын төсвийн эх үүсвэрээс санхүүжүүлж, бусдыг нь хувийн хөрөнгө оруулалтаар хийнэ гэж төлөвлөснөөрөө урьд хожид байгаагүй онцлогтой төсөв гэж албаныхан сайрхах. Тэдний сайрхалыг цаг хугацаа харуулах биз ээ.
Гурван намын хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн аж үйлдвэржилт, эрдэс баялгийн салбарын томоохон бүтээн байгуулалтуудыг дурдвал:
• Монгол, Францын хамтарсан уран олборлох төслийг эхлүүлнэ.
Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай уг төсөл жилд 2,500 тонн ураныг олборлон экспортолж, улс, орон нутгийн төсөвт 1 тэрбум гаруй ам.долларын татварын орлого оруулж, 1,000 гаруй ажлын байр бий болгох тооцоололтой.
• Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор байгуулна.
Говийн бүс нутгийн ашигт малтмалын нөөц баялгийг түшиглэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, боловсруулах үйлдвэрлэлийг нэг шат ахиулснаар экспортын орлогыг нэмэгдүүлэх, олон улсын түүхий эдийн үнээс хараат байдлыг бууруулах боломж бүрдэнэ хэмээн үзэж байна.
• Зэс боловсруулах цогцолбор байгуулснаар жилд 560 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 125 мянган тонн катодын зэс, 72 кг алт, 38.2 тонн мөнгөн гулдмай болон 182 мянган тонн элементийн хүхэр үйлдвэрлэж, 1.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлого нэмэгдэх боломж бүрдэнэ. Цогцолбор байгуулах 3 байршлын аль нэгийг сонгож, дэд бүтцийн ажлыг эхлүүлнэ. Байгалийн нөлөөллийн үнэлгээ хийнэ.
• Гангийн үйлдвэр байгуулж, дотоодын ган арматур болон бусад ган бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо бүрэн хангах зорилтын хүрээнд 1.0 сая тонн ган бэлдэц, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, барилгын арматур, булан төмөр, төмөр утас зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дотоодын барилгын арматурын хэрэгцээг бүрэн хангах боломжтой болно.
• Газрын тос боловсруулах цогцолбор бүрэн ашиглалтад орсноор жилд 1.5 сая.тн түүхий тосноос 1.3 сая.тн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг дотоодоос хангана.
• Оюу толгойд түшиглэсэн алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл хэрэгжсэнээр баяжуулсан алтны хувийг нэмэгдүүлж, олон улсын зах зээлд борлуулж, валютын орлогыг нэмэгдүүлэх боломжтой юм.