А.Халиун
“Макс” группийн хөрөнгө оруулалттай “Цэн газар” ХХК Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт шохойн үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Хоногт 400 тонн, жилд 120 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадал бүхий байгаль орчинд ээлтэй барилгын материалын үйлдвэр үүд хаалгаа нээх хугацаа ойртсоор буй энэ үед “Цэн газар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Төмөрбаатартай уг төслийн талаар ярилцсан юм.
Шохойн үйлдвэр байгуулах төсөл хэзээ эхэлсэн бэ. Хэдэн жил ажиллах хүчин чадалтай үйлдвэр вэ?
Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт “Макс” группийн хөрөнгө оруулалтаар “Тайшир” шохойн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Үйлдвэрийг тухайн нутагт байгуулах болсон шалтгаан нь 2011 оноос эхлэн хийгдсэн геологи хайгуулын ажлын үр дүнд Дөрвөнжингийн шохойн чулууны ордыг илрүүлэн нөөцийг тогтоосны эцэст уг ордыг түшиглэн барилгын материалын үйлдвэр байгуулах шийдвэр гарсан. Ордын нөөц нь одоогоор 31.42 сая тонн гэж тогтоогдсон бөгөөд уг нөөцөөрөө 60-70 жил ажиллах боломжтой. Дөрвөлжингийн ордын шохойн чулуу нь цуллаг хэлбэртэй шаврын судалгүй болох нь судалгаагаар тогтоогдсон. Энэ нь MNS0963:1991 барилгын болон технологийн шохой үйлдвэрлэхэд зориулсан буюу техникийн шаардлагыг бүрэн хангаж буйгаараа давуу талтай.
Бид 2021-2023 онд хагас үйлдвэрлэлийн туршилт хийх, үйлдвэрийн технологи, тоног төхөөрөмжүүдээ сонгох, зураг төслийг боловсруулах зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн. 2023 онд үйлдвэрийн шав тавьж, газар шорооны ажлаа эхлүүлээд байна.
Шохойн чулуу нь ямар онцлог бүтэцтэй түүхий эд болох, үүнийг хэрхэн гаргаж авах талаар Та товч тайлбарлана уу?
Шохойн чулуу бол байгальд түгээмэл тархацтай, агууламж өндөртэй чулуулаг. Химийн нэршил нь кальцийн оксид буюу CaO. CaO-н агуулга 50%-иас дээш бол үйлдвэрлэлийн шатанд ашиглаж болно гэж үздэг.
Карбонатлаг чулуулгаас нүүрс хүчлийн хийг ялгаруулах замаар 900-1350 градусын температурт шатааж гарган авсан кальцийн оксидоос тогтсон, агаарт бэхжих, барьцалдах материалыг шохой гэж тодорхойлно.
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа ижил төрлийн үйлдвэрүүдээс ямар ялгаатай вэ?
Технологийн хэрэгцээнд ашиглах шохой нь ихэвчлэн I, II зэргийн, бүхэл, гадны хольцгүй цэвэр шохой байх шаардлагатай байдаг. Үйлдвэрүүдийн чанарын эдгээр шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг шохойн үйлдвэр Монголд ховор байдаг. Бид MNS0347:2002 чанарын шаардлагад бүрэн нийцсэн кальцийн I, II зэргийн шохой үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг хангах зорилготой ажиллаж байна.
Манай үйлдвэрийн үндсэн давуу тал бол шохой үйлдвэрлэх хамгийн орчин үеийн технологи болох урьдчилсан халаах цамхаг бүхий эргэх зуухтай Монголын анхны үйлдвэр юм. Шохойн чулууг зуухнаас ялгарсан хаягдал дулаанаар урьдчилан халаагчид халаагаад зууханд оруулдаг. Энэ нь бүтээгдэхүүний чанарт сайнаар нөлөөлөхөөс гадна хэвтээ зуухтай учир үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагууд битүү циклээр явдаг, байгаль орчинд хаягдалгүй технологи юм.
Бид анхнаасаа байгаль орчинд ээлтэй ногоон үйлдвэр байгуулахыг зорьсон учир агаарт хаях тоосонцрыг 99% шүүх уутат шүүлтүүрээр тоноглосон.
Үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг аль улсаас авсан бэ?
БНХАУ-ын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Sinoma /CNBM/ групптэй технологи, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулсан.
Нийлүүлэгч компанийн зөвлөмжийн дагуу үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмжийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Макс өргөө” ХХК-тай хамтран ажиллаж байна. Үйлдвэрийн барилга, оффис, лаборатори, ажилчдын байр гэх мэтээр эхний ээлжинд 20 гаруй обьект барихаар төлөвлөсний дагуу барилгын ажлууд үргэлжилж байна.
Тоног төхөөрөмж суурилуулах, туршилт тохируулга, аюулгүй ажиллагаа, үйлдвэрийн бүтээгдэхүүний чанар, байгаль орчинд ээлтэй байдал зэрэгт нийлүүлэгч компани чанарын баталгааг тодорхой хугацаанд хариуцах юм. Бид үйлдвэрийн зураг төсөл зохиох, тоног төхөөрөмжийн сонголт зэргийг хийхдээ мэргэжлийн компани болох Энэтхэгийн GVS Consulting Engineer гэж компаниар захиалагчийн хөндлөнгийн хяналтыг хийлгэсэн.
Үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явна вэ. Үйлдвэрээ хэзээ нээхээр төлөвлөсөн бол?
Тоног төхөөрөмж татах ажил 90%-тай, барилга, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил 50%-иас дээш гүйцэтгэлтэй явна. Одоогоор барилгын суурь, металл хийцийн ажил дуусаж, тоног төхөөрөмжийн угсралт, тохируулгын ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын ажилд 300-400 хүн ажиллаж байгаагийн 70-80% нь орон нутгийн иргэд байна. Үйлдвэрээ 2024 оны IV улиралд ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна.
Үйлдвэрийн бүтээгдэхүүн болох шохойн хэрэглээний талаар Та тодруулж тайлбарлана уу?
Шохой бол маш өргөн хэрэглээтэй бүтээгдэхүүн. Барилгын материалын үндсэн түүний эдийн нэг гэдгийг дээр онцолсон. Үүнээс гадна уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарт металл хайлуулах, алт баяжуулах болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Оюу толгой ХХК зэрэг уурхайн баяжуулах үйлдвэрт, металлургийн үйлдвэрлэлд орчин (Ph) тохируулагчаар хэрэглэдэг өргөн хэрэглээтэй бүтээгдэхүүн юм. Мөн хүнд үйлдвэрүүдийн хаягдлыг саармагжуулахад гидратын шохойг хэрэглэдэг. Өндөр чанартай бүтээгдэхүүнийг манай уул уурхайн компаниуд импортоор авч байна. Тиймээс бид импортыг орлох, гадагш чиглэсэн валютын урсгалыг багасгах зорилготой.
Дараагийн чухал хэрэглээ бол эрчим хүчний салбарт буюу дулааны цахилгаан станцуудад нүүрсийг шохойн чулуутай хольж шатаах технологид ашиглах буюу нүүрснээс ялгарах хүхрийн давхар ислийг бууруулах зорилгоор ашиглаж байна. Мөн байгаль орчныг хоргүйжүүлэх, гудамж талбай дахь модыг хортон шавжаас хамгаалахын тулд шохой хэрэглэдэг.
Шохой нь агууламжаас хамаарч, өөр өөрийн онцлог болон зориулалттай. Жишээлбэл, барилгын материалд СаО-н агууламж 70%-иас дээш, баяжуулах үйлдвэрт 80%-иас дээш байна гэх мэтээр чанараараа ялгамжтайн дээр зориулалт нь өөр өөр байдаг.
Үйлдвэр ашиглалтад орсноор хэчнээн ажлын байр бий болох вэ. Ажиллах хүчнээ хэрхэн бэлтгэж байгаа бол?
Үйлдвэр ашиглалтад орсноор 150-200 байнгын ажлын байр бий болно. Ажиллах хүчнээ шинээр сургаж, бэлтгэж авах тал дээр ажиллаж байна. Үйлдвэрийн инженер, техникийн ажилтнуудаа Хятад дахь үйлдвэрт нь сургасан. Түүнээс гадна орон нутгийн МСҮТ-үүдэд бэлтгэх чиглэлээр ажиллаж байна.
Үйлдвэр Говь-Алтай аймгийн төвөөс хэдэн км зайтай байгуулагдаж байна вэ?
Нийслэлээс баруун тийш 1020 км алслагдсан Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт байгуулсан. Үйлдвэр маань аймгийн төв Алтай хотоос зүүн тийш 40 км, Тайшир сумын төвөөс баруун урагш 10 км-т орчимд баригдаж байна.
Алсдаа барилгын материалын үйлдвэрийн цогцолбор болно
Үйлдвэр байгуулагдсанаар баруун бүсийн эдийн засгийн эргэлтэд эерэг өөрчлөлтүүдийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна?
Хамгийн чухал нь энэ юм. Шинэ ажлын байрууд бий болсноор баруун бүсэд ажил орлоготой, эдийн засгийн идэвхтэй иргэд нэмэгдэнэ.
Орон нутгийн хоол үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн шинэ сүлжээ бий болно. Тээвэр ложистикийн бизнесийг тэтгэх зэргээр тооцвол үйлдвэрийн орон нутгийн эдийн засагт үзүүлэх үр нөлөө их л дээ.
Үйлдвэр батлагдсан хүчин чадлаараа 70 жил ажиллах боломжтой тул шохойн үйлдвэрийг түшиглэн баруун бүсэд барилгын материалын бусад үйлдвэр хөгжих таатай хөрс суурь бүрдэнэ. Манай үйлдвэрийн бүс нутаг алсдаа барилгын материалын үйлдвэрийн цогцолбор болно гэж төсөөлж байна. Шохойн чулуу бол шохой болон цементийн үндсэн түүхий эд.
Жишээлбэл, үндсэн түүхий эд шохой нь байгаа учир барилгын дүүргэлтийн хөнгөн блок, замаск, эмульс, цавууны үйлдвэр байгуулах бодит боломж нээгдэнэ. Энэ хэрээр баруун бүсэд барилгын материалын үнэ буурах, бүтээн байгуулалтын ажил өрнөх хөшүүрэг болох юм. Одоогоор Ховд аймагт цементийн үйлдвэр ашиглалтад орлоо. Энэ бүхэн баруун бүсийн хөгжлийг хурдасгах үндсэн хүчин зүйл. Барилгын материал бол хүний үндсэн хэрэглээний нэг.
Нийслэлээс 1000 км алслагдсан баруун хязгаарт барилгын материалын тээврийн зардал нэг тонн бүтээгдэхүүн дээр 300-400 мянган төгрөг нэмэгддэг гэдэг.
Манай “Макс” групп баруун бүсийн хөгжлийг дэмжих томоохон төслүүдийг хэрэгжүүлж ажилладаг. Тухайлбал, Баянхонгор- Говь-Алтай аймгийг холбосон авто зам барих төслийг “Макс” групп концессийн гэрээгээр гүйцэтгэж, ашиглалтад орсон. Эрчим хүчний томоохон төслүүд хэрэгжүүлэхээр судалгааны шатандаа ажиллаж байна. Одоо шохойн үйлдвэрээ ашиглалтад оруулах гэж байна. Энэ мэтээр баруун бүсийн хөгжлийг тэтгэх суурь дэд бүтцийг бий болгоход бодит хувь нэмэр оруулах нь манай групп компанийн алсын хараатай зорилт юм.
Шохойн чулууг олборлож түүхий эд бэлтгэж байгаа энэ үйлдвэрийг уул уурхайн олборлолт явуулж байгаа бусад үйлдвэртэй адилтган ойлгож болох уу?
Шохойн үйлдвэрийг уул уурхайгаас ялгаж салгаж ойлгох нь зүйтэй. Барилгын материалын үйлдвэр гэх нь зөв. Уул уурхайн үйлдвэрлэл манайд бол байгалийн баялгийг олборлоод, гадагш нь зөөдөг. Харин манай үйлдвэр байгалийн түүхий эдийг боловсруулж, дотоодын хэрэгцээний эцсийн бүтээгдэхүүн буюу баялаг болгодгоороо уул уурхайгаас ялгаатай. Дотоодын үйлдвэрлэл гэж харах хэрэгтэй.
Нөгөө талаар, нэгэнт урт хугацаанд ажиллах үйлдвэр учир үйлдвэрийг түшиглэсэн Эрдэнэт, Багануур, Бор-Өндөр шиг хот болоосой гэж мөрөөдөж байна. Уул уурхайн компанийн ажилтнууд 14 хоногоор ээлжилдэг. Тэгвэл манай үйлдвэрийн ажилтнууд өглөө ажилдаа яваад, орой гэртээ харьдаг байхыг илүүд үзэж буй юм. Орон нутгийн иргэдээ түлхүү ажиллуулна. Ажилчдын нийгмийн асуудал, амьдрах орон байрыг шийдэх, суурьшлын бүс бий болгох нь бидний хоёр дахь том зорилт юм.
Шинэ үйлдвэрийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ярилцсан Танд баярлалаа. Төслийн ажилд тань амжилт хүсье.