Ч.Сансар
Уул уурхайн аварга компани BHP хиймэл оюун ухааны боловсруулах чадавхи өсөж, дата төвүүд өргөжиж, 2050 он гэхэд дэлхийн зэсийн эрэлтийг 72%-иар нэмэгдүүлнэ гэж BHP-ийн санхүүгийн захирал Вандита Пант Financial Times сонинд ярьжээ.
Зэс нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн зэсийг хөргөлтийн систем, дата төвийн процессорт өргөнөөр ашигладаг. Тиймээс хиймэл оюун ухааны технологийн хөгжиж, дата төвүүдийг асар ихээр байгуулах нь зэсийн эрэлтийг нэмэгдүүлнэ гэж BHP үзэж байна.
Дэлхийн зэсийн эрэлт 2021 онд жилд 30.4 сая тонн байсан бол 2050 он гэхэд 72%-иар өсөж, 52.5 сая тонн болно гэж BHP компани мэдэгдэв. "Өнөөдөр дата төвүүдийн хэрэгцээ зэсийн эрэлтийн 1% хүрэхгүй байгаа ч 2050 он гэхэд 6-7%-д хүрэх төлөвтэй байна" гэж BHP-ийн санхүүгийн захирал хэлжээ.
BHP энэ оны эхээр өөр нэг уул уурхайн аварга компани болох Anglo American-ыг худалдаж авах гээд чадаагүй. Anglo American компанийг худалдаж авснаар BHP дэлхийн зэсийн тэргүүн үйлдвэрлэгч болох байсан. Гэвч энэ саналыг Anglo American хүлээж авсангүй.
Хятадад үл хөдлөх хөрөнгийн зах зээл хямарч, эдийн засгийн өсөлт сул байгаагийн улмаас сүүлийн долоо хоногт зэсийн үнэ унасан. Энэ сарын эхээр Goldman Sachs зэсийн үнийн таамаглалаа бууруулсан нь Хятадын эрэлт суларсантай холбоотой. Одоо Goldman Sachs 2025 онд нэг тонн зэсийн үнэ ханш 10,100 ам.доллар орчим байх болно гэжээ. Энэ нь өмнөх таамаглаж байсан 15,000 ам.доллараас огцом буурсан үзүүлэлт юм.
Одоогоор зэсийн эрэлт бага байгаа ч урт хугацаанд эрэлт нэмэгдэнэ. Эрчим хүчний шилжилт, дата төвүүд нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол эх үүсвэр болно гэж BHP 2024 оны эдийн засаг, түүхий эдийн хэтийн төлөвийн тайландаа бичжээ.
Эх сурвалж: oilprice.com