Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Турк улс экспортын хүчин чадлаа нэмэгдүүлж, нийлүүлэлтээ төрөлжүүлж байна

Төрийн өмчит эрчим хүчний Botas компани Францын TotalEnergies компанитай 10 жил байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулсны үр дүнд Турк улс бүс нутгийн байгалийн хийн ре-экспортын төв болох томоохон алхам хийлээ.

Уг гэрээний хүрээнд Total 2027 оноос эхлэн жил бүр 1.1 сая тонн шингэрүүлсэн байгалийн хий (LNG) нийлүүлэх юм байна.

Үүн дээр хоолойгоор импортолсон хий болон Оман, ExxonMobil, Shell-тэй хийсэн гэрээт шингэрүүлсэн хийг нэмбэл Турк улс өөрийн жилийн хэрэглээ 50 тэрбум куб метрээс гадна 25 тэрбум куб метр хий гадагшаа нийлүүлэх боломжтой болно гэж Туркийн Эрчим хүчний сайд Алпарслан Байрактар ​​мэдэгдэв.

"Бид Европын зах зээлд, ялангуяа байгалийн хийн хэрэгцээ өндөр байгаа зүүн өмнөд Европын зах зээлд нийлүүлж чадна" гэж Байрактар ​​хэлэв.

Газпром Экспорт болон Ираны Үндэсний байгалийн хийн компанитай байгуулсан гэрээнүүдийн хугацаа 2025, 2026 онуудад дуусч байгаа. Тиймээс энэхүү илүүдэл хий нь Туркт ирээдүйд байгуулах гэрээний нөхцөлүүдээ сайжруулах,  эсвэл Орос, Иранаас байгалийн хийн хараат байдлаа бууруулах боломж олгож байна.

Турк улс байгалийн хийн импортын салбарт хоёр зорилготой:

  1. Орос, Иранаас хийн импортоо багасгах
  2. Хий нийлүүлэх төв болох гэж АНУ-ын тэнгисийн цэргийн магистрын зэрэг олгох сургуулийн эрчим хүчний мэргэжилтэн, профессор Бренда Шаффер хэлэв

Total-ийн хувьд энэ гэрээ нь Botas-тай урт хугацааны бизнесийн харилцаагаа бэхжүүлж байгаа явдал юм. "Энэ гэрээний үр дүнд бид урт хугацааны борлуулалтаа баталгаажуулж, зах зээлийн спот үнийн хэлбэлзэлд өртөх байдлаа бууруулна" гэж TotalEnergies компанийн шингэрүүлсэн хий хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Грегори Жоффрой хэллээ.

Энэ нь мөн өсөж буй зах зээлд хийн болон эрчим хүчний нэгдсэн бизнес байгуулах Total-ийн стратегийн нэг хэсэг юм.

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр Турк улс 2000-2020 онд ЭЗХАХБ-ын (Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага) бүх орнуудын дунд хамгийн их эрэлтийн өсөлттэй орон байсан. Туркийн эрчим хүчний хэрэглээ бараг хоёр дахин нэмэгдэж, эрчим хүчний хэрэгцээ 165%-иар өссөн байна.

Өнгөрсөн жил TotalEnergies Туркийн магнат Эрман Илижакийн эзэмшдэг Ronesans Enerji компанийн 50%-ийг худалдаж авсан. Ronesans Enerji нь 166 МВт-ын усан цахилгаан станц эзэмшдэг бөгөөд салхи, нарны эрчим хүч, батарейны төслүүдийг хэрэгжүүлдэг.

Total бол Францын газрын тосны томоохон компани бөгөөд дэлхийн гурав дахь том шингэрүүлсэн хийн үйлдвэрлэгч юм. Total нь зах зээлийн 12 орчим хувийг эзэлж, жилд 50 сая тонн хий нийлүүлэх хүчин чадалтай.

Эх сурвалж: reuters.com