Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

С.ОЮУНБАТ: БИД ӨӨРИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙГАА АШИГТ МАЛТМАЛЫГ БҮРЭН СУДАЛЖ, ҮР ӨГӨӨЖИЙГ НЬ ХҮРТЭХ Л ХЭРЭГТЭЙ

Манай улсын ашигт малтмалын салбарт газрын ховор элемент бол шинэ сэдэв гэхэд болно. Харин Монгол Улсын Зөвлөх-геологич, доктор (PhD) С.Оюунбатын хувьд энэ нь танил элемент. Түүний байгуулсан гео-мэдээлэл, эрэл хайгуулын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг "Гео-Инфо" компани нь 2008 оноос эхлэн энэ чиглэлээр ажиллаж, Увс аймгийн нутагт газрын ховор элементийн "Улаан Дэл" хүдэржилтийг олж тогтоон, улмаар уг хүдэржилтийн нөөцийг 2018 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн Монгол Улсын ашигт малтмалын баялгийн санд газрын ховор элементийн (ГХЭ) орд болгон бүртгүүлжээ. Дэлхийн өндөр технологи хөгжсөн улс орнуудын хувьд газрын ховор элемент нь анхаарал татаж буй. Харин Монгол орны хувьд ГХЭ-ийн судалгаа хэр зэрэг хийгдэж байгаа талаар бид ярилцсан юм.

А.Халиун

ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ НЬ ИХЭНХ ТОХИОЛДОЛД БАЙГАЛЬД ХАМТ ОРШДОГ ОНЦЛОГТОЙ

Газрын ховор элемент гэж чухам юу вэ?

Газрын ховор элементэд Менделеевийн үелэх системийн 57- гоос 71 хүртэл дугаартай бүлгийн 15 элемент, үүн дээр 21 дугаартай сканди (Sc), 39 дугаартай иттри (У) -г оруулаад нийт 17 элемент багтдаг бүлэг элементүүд юм. Эдгээр нь геохимийн онцлогоороо өөр хоорондоо төстэй, ихэнх тохиолдолд байгальд хамт оршдог онцлогтой. Байгаль дээр бүгд +3 исэлдлийн зэрэгтэй байдаг. Дээр нь судалгаагаар дагалдах 4 элемент гафни / Hafnia Hf/, ниоби /Niobium Nb/, циркон / zirconium Zr /, тантал / Tantalum Та/ нэмж оруулан ойлгож болно.

Газрын ховор элементүүдийн ионы радиус дээр тулгуурлан хүнд, дунд зэргийн хүнд, хөнгөн гэсэн 3 бүлэгт хуваадаг. Уг элементийн хүдрийн агуулгыг эдгээр элементүүдийн ислүүдийн нийлбэрээр тооцдог онцлогтой. Мөн нөөц бодохдоо бусад ашигт малтмалын адил хүдрийн ерөнхий шинж чанар, дундаж агуулга гэх мэт олон зүйлийг авч үзэж тооцно. Хэрэглээнээс шалтгаалаад үнэ нь хэлбэлзэнэ, боловсруулах технологи нь ч ялгаатай. Түүнээс хамаарч зах зээлийн үнэлгээнд өөрчлөлт ордог.

Газрын ховор элементийг улс орнууд ямар зорилгоор ашиглаж байна вэ? Сүүлийн үед дэлхий дахинаа яагаад анхаарал татаж, чухал гэгдэх болов?

 Газрын ховор элементийн физик-химийн шинж чанарт нь тулгуурлан эдгээр элементийн оролцоотой янз бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Жишээ нь далайн гүний шумбагч онгоцны хошуу, сансрын хөлөг, автомашин, эмнэлгийн тоног төхөөрөмж, компьютерийн бүхий л эд ангид ордог. Мөн өндөр чанарын шилийг үйлдвэрлэхэд газрын ховор элементийг ашиглах жишээтэй. Ахуйн хэрэглээнд бол бидний мэдэх хамгийн энгийн хэрэглээ болсон автомашин, гар утас, телевизор, богино долгионы зуух гэх мэтэд ашиглагддаг маш өргөн хэрэглээтэй эрдэс ашигт малтмал юм.

Манай улсын хувьд социализмын үед нээгдээд сонирхол таталгүй орхигдож байсан ордууд өнөөдөр дэлхий дахинаа яагаад гэнэт сонирхлын төвд орох болов?

Тухайн үед техник-технологийн хөгжил өнөөгийн түвшинд арай хүрээгүй байсан учраас эдгээр критикал ашигт малтмалын хэрэглээ бага байсан байх. Мөн өөр төрлийн хүдэржилтийн хайгуул хийгдэж байсан. Харин технологийн шинэ дэвшлүүд гарснаар эдгээр ашигт малтмалын хэрэглээ, хэрэгцээ их болж л дээ.

Мөн 2010 он хүртэл Хятад улс бараг дангаараа дэлхийд ГХЭ-ийн хүдрийн 80-90%-ийг нийлүүлж байснаа 2011 оноос эхлэн экспортоо багасгаж, 2017- 2018 оноос газрын ховор элементээ бараг гаргахаа больсон. 

Үүнтэй холбоотой дэлхийн улс орнуудад Хятадаас нийлүүлдэг байсан ГХЭ-ийн нийлүүлэлт буурч, эрэлт нэмэгдэж, үнэ нь ч өсөөд, "моодонд орсон. Зарим улс орнууд өмнө нь ашиглаж байгаад орхисон ГХЭ-ийн ордод дахин хайгуул хийж, шинээр хүдэржилт олж тогтоох хайгуул судалгааны ажил нь ч эрчимжсэн. Дэлхий даяараа ГХЭ-ийн хайгуул судалгаа хийх давалгаанд Монгол орон ч хамрагдан ГХЭ-ховор металын хүдэржилтэд илүү анхаарал хандуулах болсон.

Ер нь газрын ховор элементийг баяжуулах, ялгах технологи нь БНХАУ-д өндөр түвшинд хөгжсөн. Манай улсын хилийн Өвөрмонголын Баян- Овоо (Baotou) хэмээх газрын ховор элементийн дэлхийд тэргүүлэх орд илэрч, уг ордыг түшиглэн байгуулсан баяжуулах, цэвэршүүлэх үйлдвэр нь олон жил ажиллаж байна. Мөн одоо ч энэ ордын талбайд шинэ төрлийн хүдэржилт илэрсээр байна. Ийм учраас ГХЭ-ийн судалгааны ажил нь цаг хугацаа шаарддаг, шинжлэх ухаан, техник-технологийн дэвшлээс шалтгаалан тухайн төрлийн элемент нь улам л эрэлт хэрэгцээтэй болсоор байдаг. Ер нь нөөц тогтоосноор геологийн (хүдэржилтийн) судалгаа дууссан гэж үзэж болохгүй юм.

Газрын ховор элемент цацраг идэвхт бодис ялгаруулдаг уу?

Энэ бол алт, нүүрстэй адилхан ердийн л ашигт малтмал. Ердийн бус гэдэгт цацраг идэвхт элемент ордог. Тэр нь уран шүү дээ. Ер нь ашигт малтмал бүр өөрийн гэсэн цацраг идэвхитэй, харин байгаль-экологи, хүний эрүүл мэндэд хор уршиг үзүүлэхээр үү, үгүй юу гэдэг л асуудал болдог. ГХЭ болон бусад ашигт малтмалын төрөлд агуулагч чулуулаг, хүдэр бүрдүүлэгч эрдсүүдээс шалтгаалаад уг хүдэржилт нь цацраг идэвхитэй бодис агуулагдаж байгаа эсэх нь тухай бүрт өөр байдаг. Иймээс тухайн хүдэржилтийн байгалийн цацрагийн төрхөөс шалтгаалж цацраг идэвхийн шинжийг тодорхойлдог учраас газрын ховор элемент болгон цацраг идэвхтэй гэж хэлж бас болохгүй л дээ. Жишээ нь 2019 онд "Улаан Дэл ордын хүдрийн цацраг идэвхийн байгалийн төрхийг тодорхойлох зорилгоор Цөмийн физикийн судалгааны төвд (изотопын идэвх, элементийн агуулга, шингэсэн тунгийн чадал) гамма-спектрометрийн шинжилгээ хийлгэсэн. Ингэхэд ГХЭ-ийн хүдрийн байгалийн изотопын идэвх нь К40 байсныг тогтоосон. Иймээс аль ч төрлийн ашигт малтмалд тодорхой, зорилготой судалгаа хийж байж л "хортой", "хоргүй" цацраг идэвхит чанарыг тогтооно.

ЭНЭХҮҮ СУДАЛГАА БИДНИЙ ХУВЬД МЭДЛЭГ, ЦАГ ХУГАЦАА, ТЭВЧЭЭР СОРЬСОН ШИНЭ ЗҮЙЛ

Манай улсад аль төрлийн ГХЭ түгээмэл байдаг вэ?

 Ер нь бол геологийн судалгааны түвшнээс шалтгаална. Гэхдээ одоогийн байдлаар манай улсад хүнд, хөнгөн гэж нэрлэгдэх олон тооны газрын ховрын элементийн хүдэржилтүүд тогтоогдсон. Монголоор хөнгөн газрын ховор элемент давамгайлсан ордууд тогтоогдсон байхад баруун Монголд Халзан Бүрэгтэйн бүлэг орд. "Улаан Дэл" гэх мэт цирконтой хүнд газрын ховор элемент давамгайлсан хүдэржилтүүд илэрсэн байх жишээтэй. Хүдэржилтийг олж тогтооход хөнгөн, хүнд гэж ялгах шаардлагагүй ч цаашид хүдрийг баяжуулах болоод техникийн хэрэглээ нь өөр байдагт л ялгаатай.

Газрын ховор элементийг манай мэргэжилтнүүд хэзээнээс эхэлж судалсан бэ?

Монгол Улсад геологийн салбар хөгжсөн цагаас эхлэн Монгол Улсад тогтоогдсон газрын ховор элементийн 6 ордын 4-ийг нь социализмын үед, Орос-Монголын болон бусад социалист орнуудын геологчидтой хамтран илрүүлж, таамаг нөөцийн үнэлгээ өгч зарим тохиолдолд нөөцийг нь ч тогтоосон байдаг.

Жишээ нь, Өмнөговийн Хотгорын ордыг оросууд "Газрын ховор элементийн хэтийн төлөвтэй" гэж тэмдэглэсэн байдаг. Үүнийг Монголын геологичид үргэлжлүүлэн судалж, Хотгорын ГХЭ-ийн хүдэржилтийг баттай тогтоосон бөгөөд одоо Австралийн компанитай хамтран хайгуул судалгааны ажил хийж байна.

Харин манай компанийн хувьд, өмнө нь 1987 онд 1:50000-ны масштабтай агаарын геофизикийн зураглалын ажлаар олж тогтоосон А-657 гажил буюу хожим "Шар Толгой" гэж нэрлэгдсэн илрэлийн дүүрэгт, ГХЭ-ийн хүдэржилтийн анхны шинж тэмдэгийг 2009 онд олж тогтоосон. Нутгийн уулын нэрээр нь уг хүдэржилтийг "Улаан Дэл" гэж нэрлэж, хайгуул судалгааны ажил гүйцэтгэснээр шүлтлэг чулуулагтай холбоотой газрын ховор элементийн хүдэржилтийг тогтоосон. Улмаар 2018 онд хайгуулын ажлын үр дүнг нэгтгэн нөөцийг тооцож, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, хүдрийн нөөцөө батлуулж, Монгол Улсын ашигт малтмалын баялгийн санд газрын ховор элементийн 6 дахь ордоор "Улаан Дэл" ордыг бүртгэсэн.

Монгол Улсад газрын ховор элементийн хэдий хэрийн нөөц тогтоогдоод байна вэ?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээгээр, Монгол улсад 3.1 сая тонн хүдрийн нөөц (Б.Уянга, 2023) тогтоогдсон гэж үздэг. Энэ нь зөвхөн тухайн хүдрийн талбайд хайгуул хийгдсэн хэсгийн л нөөц гэж ойлгож болох юм. Харин тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд эсвэл хүдэржилт бүхий хэсгүүдэд бүхэлд нь сул судлагдсан гэх мэт олон зүйлээс шалтгаалж, нөөцөд тооцогдоогүй байж болох юм. Энэ тохиолдолд нөөц өсөх юм уу, эсвэл өөр төрлийн хүдэржилттэй давхацмал байдалтай байхыг үгүйсгэхгүй бөгөөд нөөц нь "хөдөлгөөнтэй" гэж ойлгож болно. Ихэнх тохиолдолд гүйцээх хайгуул хийх шаардлагатай. Яагаад гэвэл санхүүгийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалан тухайн хүдэржилтийн судалгааг дутуу хийсэн байж болно шүү дээ.

Газрын ховор элемент бол бидний хувьд мэдлэг, цаг хугацаа, тэвчээр сорьсон шинэ зүйл байлаа. Тиймээс газрын ховор элемент судлахад урт хугацаа шаардсан. Хэдийгээр "Улаан Дэл" ордын судалгааг 2009 оноос эхэлсэн бөгөөд 2018 он гэхэд зөвхөн хүдрийн 3 хэсэгт л нөөц бодсон бөгөөд ордын талбайн бусад хэсэгт геологийн үнэлгээ өгсөн.

ГХЭ-ийн лабораторийн шинжилгээг Геологийн төв лабораторид, зарим судалгааг Хятад, Япон, Орос, Финланд зэрэг улсад хийлгэсэн. Эхлээд агуулгыг тогтооно, дараа нь ГХЭ-ийн ямар эрдэс байна вэ гэдгийг тогтооно. Мөн хүдрийн найрлагыг тогтоосноор хүдэр боловсруулах- баяжуулах технологийн сонголт зэрэг судалгаанууд хийгддэг. Ер нь ГХЭ-ийн судалгаа шинжилгээ үр дүнд хүрэхэд маш их хугацаа ордог, багагүй хөрөнгө санхүү, хичээл зүтгэл шаарддаг ажил юм.

Манай дотоодын лабораториудын хүчин чадал ямар байна вэ? Монгол болон гадны лабораторийн шинжилгээний үр дүнг харьцуулахад зөрүү хэр ажиглагддаг вэ?

Манай лабораториуд муу биш, дэлхийн стандартад нийцсэн багаж төхөөрөмжөөр шинжилгээ хийдэг. Миний хийсэн лабораторийн суурь судалгаанууд бүгд Геологийн төв лабораторид хийгдсэн. Харин багажны мэдрэг чанар, техникийн хангамж сайтай гадны лабораториуд зарим талаар илүү байж болох ч тэр утгаараа агуулгууд бага зэрэг зөрөх нь бий. Гэхдээ агуулгын хэлбэлзэл нь зөвшөөрөгдөх хэмжээнд, хэт зөрүүтэй тохиолдол гараагүй.

БИДНИЙ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛД АШИГЛАГДДАГ САЛШГҮЙ НЭГ АШИГТ МАЛТМАЛЫН ТӨРӨЛ БОЛСОН

Газрын ховор элементийг өндөр хөгжсөн улс орнууд критикал минералын жагсаалтдаа оруулсан байдаг. Манай улсын хувьд ямар элементүүдийг оруулах нь зүйтэй вэ?

2011 оноос эхлэн дэлхийн улс орнууд өөрийн орны эдийн засагт ач холбогдол бүхий критикал минералын жагсаалтыг гаргах болсон. Дэлхийн аж үйлдвэржсэн, дэвшилтэт технологитой орнууд газрын ховор элемент, графит-бал чулууг нэрлэж байгаа бол зарим улс эдийн засгийн эргэлтэд ордог алмаз, платин зэрэг элементийг "критикал" гэдэг ангилалдаа оруулдаг юм байна. Японы хувьд газрын ховор элемент, Өмнөд Америкийн хувьд литийн давс, зэс нь критикал минералын жагсаалтад багтдаг.

Манай орны хувьд, өндөр технологийн ашигт малтмал эрж хайх олон түвшний судалгаа явуулсан байдаг. Монголын Геологийн Албанаас 2019-2022 онд хэрэгжүүлсэн Стратегийн Ашигт Малтмал- "ГАСАМ" төслийн лити, газрын ховор элементийн судалгаанд ахлах геологичоор ажилласан.

Энэ төслийн хүрээнд АНУ, Канад, Европын холбоо, БНХАУ, Япон, ОХУ зэрэг орнуудын "критикал ашигт малтмал"-ын жагсаалтыг судалж, Монгол оронд ямар төрлийн ашигт малтмалыг "критикал" гэж үзэж болох вэ гэдэг талаар санал солилцсон.

Дэлхийн ерөнхий хандлага, эрэлт нийлүүлэлтийг ажиглахад Монгол Улсын хувьд критикал минералд газрын ховор элемент, лити-ховор метал, бал чулуу, зэс- никель гэх мэтийг оруулах боломжтой гэж үзсэн. Мөн эдгээрийн зэрэгцээ уул уурхайн бүтээгдэхүүнээс эдийн засгийн хамгийн өгөөжтэй, олборлолт их, борлуулалт өндөр нүүрс, төмрийн хүдэр, зэс, жонш гэх мэт ашигт малтмалыг критикал гэж үзэхэд болохгүй зүйлгүй юм.

Дээр дурдсан ГХЭ, лити-ховор метал, бал чулуу нь гибрид болон цахилгаан автомашины аккумлятор болон машин, цэнэг хураагуур, техникийн тосолгооны материалд ордог. 2025-2030 гэхэд цахилгаан машин үйлдвэрлэлд литийн хэрэгцээ 86% хүртэл өснө гэсэн мэдээллүүд гарч байна. Литийн хамгийн ирээдүйтэй хэрэглээний салбар нь метал литийн хөнгөн цагааны хайлшийг нисэхийн, сансрын техникийн болон цэнэг хураагуурын үйлдвэрлэл юм. Тэгэхээр цаашид түүхий эдийн үнийн өсөлт удаан хугацаанд хадгалагдах боломжтой. Үүний адил газрын ховор элементийн хэрэглээ ч өсөх юм. Эдгээр нь одоо бидний өдөр тутмын амьдралд ашиглагддаг салшгүй нэг ашигт малтмалын төрөл болсон.

МОНГОЛ УЛС ХАЙГУУЛ СУДАЛГААНЫ АЖЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛЭН, ДЭЛХИЙН ХӨГЖИЛТЭЙ ХӨЛ НИЙЛҮҮЛЭН АЛХАХ ХЭРЭГТЭЙ

Сүүлийн жилүүдэд салбарын бодлого боловсруулах түвшинд өндөр технологийн гол түүхий эдийн нэг газрын ховор элементийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар их ярих болсон. Та бүхний илрүүлж, нээсэн ордыг ашиглах, олборлох шатны ажлууд хэрхэн явагдаж байна вэ?

Төрийн бодлогын хэмжээнд ГХэ- ийн судалгааны төв байгуулсан, мен хэд хэдэн оронтой ГХЭ-ийн эрэл- хайгуул, судалгааны ажилд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан гэх мэт дэвшилттэй, сайн талууд байна.

ДЭЛХИЙ НИЙТЭЭР ХУВААЖ БУЙ "БЯЛУУ"-НААС ХҮРТЭХИЙН ТУЛД ЭНЭ ТӨРЛИЙН СУДАЛГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ УЧИРТАЙ ЮМ.

2023 оны байдлаар Монгол Улсад нөөц нь бүргэгдсэн 6 орд байна. Үүний нэг нь "Улаан Дэл" орд юм. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл өгч "ашиглалтын" гэсэн статуст шилждэг. Гэвч 2018 онд өгсөн өргөдөл маань одоо болтол шийдэгдээгүй байна. Ийм учраас бид үйл ажиллагаа явуулах боломжгүй, хээрийн судалгааны ажил зоогссон гэсэн үг. Тусгай зөвшөөрөлгүй тохиолдолд хэн бидэнд хайгуул-судалгаанд итгэж, цаашдын хөрөнгө оруулалт хийх вэ дээ.

Яагаад тэр вэ?

Ерөнхийлөгчийн 2015 оны 77 дугаар зарлигт дурдсанаар "... цацраг идэвхит ашигт малтмал, газрын ховор элементийн хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрөл олгох..." асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй хэмээсэн. Ингээд 2024 он боллоо, ямар ч шалтгаантайгаар уг асуудлыг шийдвэрлэхгүй байгааг мэдэхгүй л байна, Энэ хооронд салбарын яам, АМГТГ зэрэгт албан бичиг, хүсэлт мэдүүлсэн боловч одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй, бид хүлээсээр л байна.

Эдийн засгийн эргэлтийн оргил үед нь чухал ашигт малтмалын судалгаar ингэж урт хугацаанд гацаах гэж үү?

Би хэн нэгэн хүнд буруу өгмөөргүй байна. Нэг сайд, эсвэл мэргэжилтэн гэж онцлохгүйгээр, шийдвэр гаргах түвшинд мэргэжлийн бус, энэ төрлийн мэдлэг дулимаг хүмүүс хариуцлага хүлээхээс эмээгээд яахаа мэдэхгүй байгаа болов уу. Энэ байдал даамжирч, цаг хугацаа өнгөрсөөр газрын ховор элементийн эрэлт хэрэгцээтэй байдал, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой үе нь өнгөрөх вий. Тэгвэл манай газрын ховор элементийн ордын судалгаа болон эдийн засгийн эргэлтэд орох хугацаа хойшилсоор хэдэн жил ч болохыг үгүйсгэхгүй.

Тэр хэмжээгээрээ манай улсын хөгжил, өрсөлдөх чадвар буурна гэсэн үг. Газрын ховор элементийг ашиглах, олборлох тухай дэлхий дахинаа 2014 оноос эрчимтэй яригдсан. Цар тахлын дараа чухал ашигт малтмал буюу критикал минералын хамгийн идэвхтэй үе эхэлсэн. Одоо хоёр жил өнгөрлөө. Энэ цаг үе нь өнгөрвөл манай 6 ордын эдийн засгийн эргэлтэд орох боломж хомсдоно, мен энэ төрлийн хүдэржилтийг шинээр нээх асуудал ч хойшлогдож байна л гэсэн үг. Бид өөрийн нутаг дэвсгэрт байгаа ашигт малтмалыг бүрэн судалж, үр өгөөжийг нь хүртэх л хэрэгтэй. Үүний тулд л геологийн салбар мэргэжилтнүүдээ бэлдсээр, үе үеийн геологчид ажилласаар байна шүү дээ. Бид өөрсдийн эрдэс баялгаа мэдэж байж л бусдын түвшинд ярилцана, гэрээ хэлэлцээрт орно гэсэн үг.

Лити-ховор метал, бал чулуу, газрын ховор элемент энэ бүхэн нь аж үйлдвэржсэн орнуудад чухал буюу критикал минералуудад тооцогддог болжээ. Дэлхий нийтээр хувааж буй "бялуу"-наас хүртэхийн тулд энэ төрлийн судалгааг эрчимжүүлэх учиртай юм. Манай сайд, дарга нар энэ чиглэлээр хамтарч ажиллана гэж гаднынханд яриад байгаа боловч бодит байдал ийм л байна. Хүн төрөлхтний хэрэглэх зүйлс байгаль дээр янз бүрийн хэлбэрээр байж л байдаг. Түүнийг таньж мэдэх, судлах, технологийг нь боловсруулаад ашиглах зүйлсээ цаг алдалгүй ашиглах ёстой юм. Дэлхий дээр хүн төрөлхтөн байгаа цагт зэс, газрын ховор элемент, ус, уран "моодноос" гарахгүй. Зарим нэг ашигт малтмал нь хайгуул хийхэд түвэгтэй, олборлолтын өртөг өндөртэй байж болно. Миний хэлэх гол санаа бол энэ. Иймд Монгол Улс хайгуул судалгааны ажлаа үргэлжлүүлэн, аль болох хурдан, дэлхий хөгжилтэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй гэж үздэг.

Ta геологич мэргэжлээ хаана эзэмшсэн бэ, ОХУ-д уу?

Тийм ээ, тухайн үеийн ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Азербайджаны Их сургуулийг 1986 онд "Ашигт малтмалын ордын эрэл хайгуулын инженер-геологич" мэргэжлээр төгссөн. Төгсөж ирээд социалист орнуудын (Орос, Чех, Польш, Унгар, Монгол, Герман, Куба) эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын Олон улсын геологийн экспедицэд (ОУГЭ) томилогдож, ОУГЭ-ийн Унгар-Монголын IV ангид, хэдийгээр инженер-геологич дипломтой "мэргэжилтэй ажилтан" гэсэн албан тушаалтайгаар геологичийн ажлын гараагаа эхэлж байлаа. Тэр цагаас хойш өнөөг хүртэл мэргэжлээрээ метал ашигт малтмалын эрэл хайгуулын чиглэлээр ажиллаж байна. ОУГЭ, Геологийн фонд, "Юниверсал Минералз" ХХК, "Айвенхоу Майнз" Инк зэрэг геологийн компаниудад геологич, ахлах геологич, хайгуулын төслийн менежер зэрэг ажлыг хийж байлаа. 2003 онд гео мэдээлэл, эрэл хайгуул, геологийн орчуулга болон эрэл-хайгуулын ажилд зөвлөгөө өгөх зорилготой "Гео-Инфо" ХХК байгуулан ажилласан. Одоо тус компанийн зөвлөх-геологичоор ажиллаж байна.
Геологичоор ажиллаж байх хугацаандаа үе үеийн, Монголын болон гадаадын геологичид, мэргэжлийн хүмүүстэй ажиллаж, Монголын эрдэс баялгийн салбарт хувь нэмрээ оруулан, хичээн ажиллаж байна.