Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Их Британи  нүүрсний цахилгаан станцуудаа хаалаа

Ч.Сансар

Их Британи нүүрсээр ажилладаг сүүлчийн цахилгаан станцаа даваа гарагт хааснаар  чулуужсан түлшнээс цахилгаан эрчим хүч гаргахыг  зогсоож буй “Их 7”-гийн анхны орон болно. Ингэснээр Их Британийн 140 гаруй жил үргэлжилсэн нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэл зогсох аж.

2015 онд Их Британи нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах зорилтын хүрээнд ирэх арван жилд нүүрсний станцуудаа үе шаттай хаах төлөвлөгөөгөө зарласан. Тухайн үед тус улсын цахилгаан эрчим хүчний бараг 30%-ийг нүүрс эзэлдэг байсан бол өнгөрсөн онд энэ хэмжээ 1%  хүртэл буурсан.

"Нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэлийг урьд өмнө байгаагүй хурдтай зогсоох боломжтой гэдгийг Их Британи нотоллоо" гэж “Powering Past Coal Alliance” бүлгийн дарга Жулия Скорупска хэлэв. Уг бүлэгт нүүрсний эрчим хүчнээс татгалзахыг зорьж буй  60 орчим улс багтдаг.

Их Британи 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг тэглэх зорилт тавиад байгаа бөгөөд мөн 2030 он гэхэд эрчим хүчний салбарыг нүүрстөрөгчгүйжүүлэх төлөвлөгөөтэй аж. Энэхүү шийдвэрийн улмаас салхи, нар гэх мэт сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлэх шаардлагатай.

Эрчим хүчний сайд Майкл Шанкс цахим шуудангаар "Нүүрсний эрин үе дуусч буй ч манай улсын хувьд  эрчим хүчний салбарын  шинэ эрин эхэлж байна" гэж мэдэгджээ.

Эрчим хүчний үйлдвэрлэлээс ялгарч буй хий нийт хүлэмжийн хийн ялгарлын дөрөвний гурвыг бүрдүүлдэг. Парисын уур амьсгалын хэлэлцээрт заасан зорилгод хүрэхийн тулд чулуужсан түлшний хэрэглээг хязгаарлах шаардлагатай гэж эрдэмтэд мэдэгдэв.

Энэ оны 4 дүгээр сард "Их 7"-гийн гишүүн орнууд ирэх 10 жилийн эхний хагаст нүүрсний эрчим хүчээс татгалзахаар тохиролцсон ч нүүрснээс ихээхэн хамааралтай орнуудад тодорхой хэмжээнд уян хатан нөхцөл олгож байгааг байгаль орчны бүлгүүд шүүмжилж байгаа юм.

Германы нийт эрчим хүчний 25 гаруй хувийг, Японы эрчим хүчний 30 гаруй хувийг нүүрсний цахилгаан станцууд үйлдвэрлэж байна.

 

Эх сурвалж: reuters.com