Хятадын нүүрс олборлодог хамгийн том бүс нутаг нь эрчим хүчний шилжилтийн хүрээнд цэвэр эрчим хүчний мега төслүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна гэж Даваа гарагт гаргасан тайланд дурдсан байна.
Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО) нь энэ онд нүүрсний олборлолтоор Хятад улсад тэргүүлж байгаа ч аль хэдийн 88 гигаватт салхи, нарны хүчин чадалтай болсон бөгөөд удахгүй дахин 170 гигаватт хүчин чадал нэмэхээр төлөвлөж байгаа юм байна. Энэ нь Германы нийт эрчим хүчний салбараас давсан үзүүлэлт юм.
Зөв бодлого баримталж, шаардлагатай дэд бүтэц бий болговол Өвөр Монгол нь Хятадын далайн эрэг дахь томоохон хотуудад хямд, нүүрстөрөгчгүй цахилгаан нийлүүлэх боломж бүрдэнэ той гэж WaterRock Energy Economics судалгааны байгууллага болон Эрчим хүч, цэвэр агаар судлалын төвийн судлаачид тайландаа онцолжээ.
"Өвөр Монголд цэвэр эрчим хүчний томоохон үйлдвэрүүдийг шинээр байгуулж, хучин станцуудаа өргөтгөх ажлыг зөв гүйцэтгэж чадвал салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж, орон нутгийн хэрэгцээг хангахаас гадна сэргээгдэх эрчим хүчний экспортыг нэмэгдүүлэх боломжтой" гэж тайланд бичсэн байна.
Өвөр Монголын нүүрсний болон сэргээгдэх эрчим хүчний станцууд цахилгаан дамжуулах шугамаар Бээжин, Шаньдун болон хүн ам ихтэй далайн эрэг дахь бусад хотуудтай холбогдож, цахилгаан нийлүүлдэг. Гэхдээ ихэнх тохиолдолд эдгээр шугамууд хүчин чадлаасаа доогуур ачаалалтай ажилладаг бөгөөд голдуу нүүрсний эрчим хүч дамжуулдаг. Энэ нь салхи, нарны эрчим хүчийг дамжуулах боломж нээгдэж байна гэсэн үг.
Далайн эрэг дахь бүс нутаг руу дамжуулж буй Өвөрмонголын цэвэр эрчим хүч нь одоогийн үйлчилж буй цахилгааны үнэ ханш, нүүрсний станцуудаас аль хэдийн хямд болсон гэж судлаачид онцолжээ. Хятад улс эрчим хүчний зах зээлээ чөлөөлж, бүс нутаг хоорондын цахилгааны худалдааг эрчимжүүлснээр цаашид эрчим хүчний экспортыг нэмэгдүүлэхэд нөлөөлнө.
Өвөр Монголд 8 гигаватт нар, 4 гигаватт салхи, 4 гигаватт нүүрсний цахилгаан станцуудаас бүрдсэн дөрвөн мега төсөл хэрэгжих гэж байна.
Мөн Хятадын Засгийн газар нүүрсний станцуудыг мега төсөлдөө хамруулах гэж буй төлөвлөгөөг эргэн харах ёстой гэж шинжээчид үзэж байна. Нүүрсний станц салхи, нарны үйлдвэрлэлийг тогтворжуулахад туслах зорилготой. Гэвч өнөөдөр хямд бөгөөд өндөр үр ашигтай батарей, орчин үеийн цахилгаан дамжуулах технологи, одоо ажиллаж буй цахилгаан станцууд энэ үүргийг хямд үнээр гүйцэтгэж чадна.
Эх сурвалж: mining.com