“АНУ, Монгол Улс хоорондын эрчим хүчний яриа хэлэлцээ” хоёр хоног үргэлжилж дууслаа. Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологиор бүс нутагтаа тэргүүлэгч байхын тулд төр, хувийн хэвшлийнхний мэдлэг, бодлогыг уялдуулах талаар ярилцаж байна. Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Кимберли Харрингтон тэргүүтэй төлөөлөл оролцсон АНУ, Монгол Улсын эрчим хүчний яриа хэлэлцээ Улаанбаатар хотноо ийнхүү амжилттай болж өндөрлөв. АНУ, Монгол Улсын төлөөлөгчид сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүч, чухал ашигт малтмал, эрчим хүчний салбарт эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцлээ. Мөн хувийн хэвшлийн төлөөллүүд Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар дэд хэлэлцүүлэгт оролцов. Хоёр улс 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тэглэх амлалтаа дахин нотолж, цэвэр эрчим хүчний дэвшилтэт технологи дээр цаашид хамтран ажиллах боломжийг судлав.
Мөн энэхүү яриа хэлэлцээгээр Монголын уул уурхайн салбарт чухал ашигт малтмалын ханган нийлүүлэлтийн аюулгүй, уян хатан сүлжээ, хариуцлагатай хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт чухал болохыг онцоллоо.