Казахстан 1999 оноос хойш цөмийн эрчим хүч ашиглаагүй. Тус улс эрчим хүч их шаарддаг крипто үйлдвэрлэлийн өсөлт, хуучин цахилгаан станцууд гэмтлийн улмаас зогсох гээд олон шалтгаанаас болж эрчим хүчний хомсдолд орж байна.
Казахстан 2035 он гэхэд эрчим хүчний үйлдвэрлэлээ өргөжүүлэхийг зорьж байгаа бөгөөд үүнд цөмийн эрчим хүч багагүй үүрэг гүйцэтгэнэ. Атомын цахилгаан станц байгуулах өртөг анхны тооцоогоор 10-12 тэрбум ам.доллар гэж Эрчим хүчний яам мэдэгдэв.
Казахстан улс цөмийн эрчим хүчийг дэмжиж байгаа нь дэлхий даяар найдвартай, тасралтгүй цөмийн эрчим хүчийг сонирхох явдал өсөж байгааг нотолж байгаа бөгөөд улс орнууд эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, чулуужсан түлшнээс татгалзах, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахыг эрмэлзэж байна.
Хятадын Үндэсний цөмийн корпораци, Korea Hydro & Nuclear Power Co., Оросын Росатом Корпорац, Electricite de France SA зэрэг компаниуд Казахстанд атомын цахилгаан станцыг барих хүсэлтэй байгаа гэж Эрчим хүчний яамны танилцуулгад дурджээ.
Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев “Дэлхийн хамгийн сүүлийн технологи бүхий компаниудаас бүрдсэн олон улсын консорциум Казахстанд ажиллах ёстой гэж би боддог” гэж хэллээ.
Тус улсад өнгөрсөн намар, өвлийн улиралд 1.5 ГВ-ын эрчим хүчний хомсдол үүссэн. Казахстан дутагдлаа ОХУ-аас цахилгаан эрчим хүч худалдан авч нөхдөг.
Эх сурвалж: mining.com