Япон улс эрчим хүчний аюулгүй байдлыг хангах үүднээс онцгой байдлын үед хэрэглэх нөөцөө нэмэгдүүлж, шингэрүүлсэн байгалийн хийн худалдан авалтыг дөрөв дахин өсгөхөөр хэлэлцэж байна гэж тус улсын салбар яамны ахлах албан тушаалтан Ройтерс агентлагт мэдээллээ.
"Бид 2020-иод оныг дуустал шингэрүүлсэн хийн ачилтыг сард дор хаяж нэг удаа, жилд 12 удаа хийх төлөвлөгөөтэй байна" гэж Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны Эрчим хүчний нөөцийн хөгжлийн хэлтсийн захирал Юя Хасегава Ройтерс агентлагт мэдээллээ.
Одоогоор Япон улс онцгой байдлын хэрэгцээнд зориулан шингэрүүлсэн байгалийн хийг жилд дунджаар гурван удаа импортолдог. Хэрэв онцгой байдлын нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр батлагдвал, дэлхийн хоёр дахь том импортлогч Япон улс шингэрүүлсэн хийн зах зээлд илүү идэвхтэй оролцох боломжтой болно.
Японы нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд байгалийн хий 30 гаруй хувийг эзэлдэг. Тус улс цөмийн станцуудаа сэргээж, сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэхийг зорьж байна гэж салбарын шинэ сайд өнгөрсөн долоо хоногт хэллээ. Энэ нь шинэ засгийн газар эрчим хүчний өнөөгийн бодлогыг өөрчлөхгүй гэсэн дохио юм.
Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Ёжи Муто "Бид сэргээгдэх эрчим хүчийг дээд зэргээр ашиглаж, аюулгүй цөмийн станцуудаа аль болох хурдан ажиллуулна" гэжээ. Одоогоор Япон улс эрчим хүчний аюулгүй байдлаа бэхжүүлэх хүрээнд тулд цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч байна.
Япон улс эрчим хүчний хэрэгцээгээ 90 орчим хувь импортоор хангадаг. 2022 оны сүүлчээр эрчим хүчний зах зээл хямарч, шингэрүүлсэн хийн үнэ ихсэх үед цөмийн эрчим хүчний бодлогоо эрс өөрчилсөн.
Одоогийн байдлаар Японы цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 70 орчим хувийг чулуужсан түлш эзэлдэг. Энэ байдал нь нүүрсхүчлийн хийн ялгаралтыг цаашдаа тэглэх зорилтыг биелүүлэхэд хүндрэл учруулах төлөвтэй байгаа.
Эх сурвалж: oilprice.com