Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Энэтхэг Монголын коксжих нүүрсийг ОХУ-аар дамжуулан импортлох асуудлыг хэлэлцэж байна

Энэтхэг улс Монголын коксжих нүүрсийг ОХУ-аар дамжуулж тогтмол нийлүүлэх арга замыг судалж байна гэж тус улсын төрийн өндөр албан тушаалтан мэдэгдлээ.

Энэтхэг бол дэлхийн хоёр дахь том түүхий ган үйлдвэрлэгч улс бөгөөд өнгөрсөн жил Австралийн коксжих нүүрсний импорт тасалдсаны улмаас гангийн салбар нь хүндрэлтэй тулгарсан. Тиймээс Энэтхэгийн Засгийн газар нүүрсний нийлүүлэлтийг төрөлжүүлэх зорилгоор Монгол руу төлөөлөгчдөө илгээсэн.

Хэдийгээр зам нь урт байсан ч Энэтхэгийн гангийн үйлдвэрүүд Монголын коксжих нүүрсийг ОХУ-аар дамжуулж тээвэрлэх асуудлыг судалж байна гэж нэрээ нууцалсан албаны хүн мэдэгдлээ.

Австралиас нүүрсний нийлүүлэлт тасалдсаны дараа Энэтхэгийн гангийн үйлдвэрүүд Монголоос коксжих нүүрсийг тогтмол нийлүүлэх маршрутыг боловсруулахад туслахыг засгийн газраас хүсчээ.

Далайд гарцгүй боловч байгалийн баялаг ихтэй Монгол улсын коксжих нүүрс нь дээд зэргийн чанартай гэж салбарынхан хэлж байна. Монголын нүүрс Австралийнхаас нэг тонн нь 50 доллараар хямд гэж засгийн газрын эх сурвалж хэллээ.

Энэтхэгийн гангийн компаниуд жилд 70 сая тонн коксжих нүүрс хэрэглэдэг бөгөөд нийт хэрэгцээний 85%-ийг импортоор хангадаг.

Энэтхэг коксжих нүүрсний импортын талаас илүү хувийг Австралиас авдаг. Үүнээс гадна Орос, АНУ болон бусад орнуудаас коксжих нүүрс худалдан авдаг.

Энэтхэг улс 4 дүгээр сараас 29.4 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс бараг 2%-иар өссөн аж.

Эх сурвалж: reuters.com