"МЕРА" ХХК нь 2001 онд үүсэн байгуулагдсан. Уул уурхай өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ, тэсрэх материалын үйлдвэрлэл, тэсэлгээнд ашигладаг бүх төрлийн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэн харилцаачдад хүргэдэг 100% үндэсний хөрөнгө оруулалттай инженерчлэлийн компани юм. "МЕРА" ХХК-ийн өрөмдлөг, тэсэлгээний инженер Г.Баттөгстэй түүний мэргэжлийн онцлог, сонирхолын талаар ярилцлаа.
Өрөмдлөг, тэсэлгээний туслах ажилтнаас инженер болтлоо өсөж дэвшсэн түүхийг тань эхлээд сонирхъё.
Миний бие 2007 оны 10 дугаар сарын 1-нээс анх "МЕРА" ХХК-д үйлчилгээний автомашины жолоочоор ажиллаж ажлын гараагаа эхэлсэн. Манай компани 2008 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт "Саусгоби сэндс" ХХК-ийн "Овоот толгой" нүүрсний уурхайд тэсэлгээний ажил гүйцэтгэх болж, анхны тэсэлгээний багт туслах ажилтнаар ажилласан. Анх уурхайд очиход амьдралдаа харж байгаагүй том, том техникүүдийг харж сүрдэх мэдрэмж төрж байлаа. Тухайн уурхай олон улсын хөрөнгө оруулалттай, шаардлага өндөртэй, аюулгүй ажиллагааны стандартуудыг дээд зэргээр мөрддөг байсан нь тэсэлгээний ажилд сонирхолтой болох, улам хичээх урам зориг өгөхөд маш чухал нөлөө үзүүлсэн. Тус уурхайн анхны тэсэлгээний ажлыг хийснээрээ одоо хүртэл бахархаж, ярьж явдаг.
2010-2012 Онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших үндэсний 100%-ийн хөрөнгө оруулалттай "Энержи Ресурс" ХХК-ийн Ухаахудагийн нүүрсний уурхайд манай компани ажиллахаар болж уг төсөлд туршлагатай ажилтнуудаа илгээсэн бөгөөд тус багт тэсэлгээчнээр ажиллаж, Монгол улсад тухайн цаг үедээ хамгийн том тэсэлгээг хийж байлаа. 2013 онд Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр сургуулиа төгсөөд 2013-2014 онд "Алтжин" ХХК-ийн Олон Овоотын алтны ил уурхайд өрөмдлөг тэсэлгээний мастераар 24 хүний бүрэлдэхүүнтэй ээлж ахлан компаниа төлөөлөн ажилласан.
Удалгүй 2014-2020 он хүртэлх хугацаанд компанитай гэрээ байгуулан хамтран ажиллахаар болж төслүүдийн өрөмдлөг, тэсэлгээний ажлыг эхлүүлэх жигдрүүлэх тал дээр онцгой анхаарч ажилласан.
Дээрх ажлуудаас цухас дурдвал, Хөшөөтийн нүүрсний уурхай, Төмөртэй, Төмөртолгой төмрийн хүдрийн уурхай, Эрдэнэс Тавантолгойн Баруун, Зүүн Цанхын нүүрсний уурхайн өрөмдлөг, тэсэлгээний ажил, нарийн ур чадвар шаардсан тусгай тэсэлгээ гэх мэт олон ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 2021 оноос өрөмдлөг, тэсэлгээний инженер болон дэвшиж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
Тэсэлгээний ажил төсөөлж байсан шиг чинь байв уу?
Анх тэсэлгээний ажлыг байлдаантай кинон дээр гардаг хүчтэй дэлбэрэлтээр төсөөлж байсан. Үнэн хэрэгтээ тийм байгаагүй. Би анх 2008 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших "Саусгоби сэндс" ХХК- ийн Овооттолгойн нүүрсний уурхайд 8 хүний бүрэлдэхүүнтэй очиж байлаа. Эхний тэсэлгээ миний санаж байгаагаар 2008 оны 7 дугаар сарын 20-нд нийт 60тн тэсрэх Бодисоор цэнэглэлт хийж тэсэлгээний ажлаа амжилттай гүйцэтгэж байсан. Тэсэлгээ хийх нь эр хүний тэсвэр тэвчээр, хурд хүч, ухаан шаардсан ажил. Тэсэлгээний ажлын ерөнхий үйл явц цэнэглэлт, түгжих, холболт, шалгалт, тэслэх, дахин шалгалт хийх ажлын дарааллаар хийгдэнэ. Анх эдгээр ажлуудыг нэг бүрчлэн гараар хийдэг байсан бол орчин үед бүгд техник, тоног төхөөрөмж, программ хангамжаар хийдэг болсон.
Анхны багш маань Монгол Улсын гавьяат уурхайчин Д.Нарантуяа.
Тэсрэх бодис, тэсэлгээ гэж юу вэ?
Тэсэлгээ гэдэг нь хялбараар ойлгуулахад өрөмдөж бэлтгэсэн цооногт тэсрэх бодис тэсэрч дулаан үүссэнээс хий ялгарч чулуулгийг бутлан сийрэгжүүлэх үйл явц юм. Үйлдвэрлэлийн зориулалттай тэсэлгээний ажил дэлхийд бүх талаараа урлаг болон хөгжсөөр байгаа ба манай компани дэлхийн дэвшилтэд технологиудыг Монгол Улсдаа нэвтрүүлэн хөгжүүлэхээр хичээн ажиллаж байна. Манай улс 2017 он хүртэл тэсэлгээнд ашигладаг хэрэгслийг гадаад улсаас импортоор оруулж ирдэг байсан бол манай компани 2017 онд дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн. 2020-2022 онд Ковид цар тахлын үед гаднаас тэсэлгээний хэрэгсэл импортлох боломжгүй болсон үед төрийн болон хувийн Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий уурхайнуудынхаа үйл ажиллагааг тус үйлдвэрүүдээс хангаж чадсанаар бахархдаг. Дашрамд хэлэхэд үндэсний үйлдвэрүүд ямар ч цаг үед Монгол Улсын тулах цаг гэж ойлгодог.
Тэсэрч дэлбэрэх бодисыг саяхан Улаанбаатар хотод болсон газ дэлбэрэлт шиг их мэдрэмтгий аюултай зүйл мэт ойлгож байгаа нь өрөөсгөл ойлголт юм. Учир нь үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодисыг өнөөдөр дэлхийн хөгжилтэй оронд хот дотроо чөлөөтэй тээвэрлэлт хийж, цаг хугацаа хэмнэж байна. Учир нь үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис бэлтгэгдсэн талбай буюу өрөмдөж бэлтгэсэн цооногт байрлуулсан тохиолдолд тэсрэх бодис болдгоороо онцлогтой юм.
Өрөмдлөг, тэсэлгээний мастер хүний хийх хамгийн чухал ажил юу вэ?
Өрөмдлөг, тэсэлгээний инженерийн ажлын үндсэн чиг үүрэг бол уурхайн ашиглалт, төлөвлөлтийн багтай хамтран өрөмдлөгийн машиныг үр дүнтэй бүтээмжтэй ажиллуулах, тэсэлгээний ажлыг бага зардлаар оновчтой удирдан зохион байгуулах, өрөмдлөг, тэсэлгээний ажлыг Монгол Улсын хууль тогтоомж, дүрмийн дагуу явуулах байдаг.
Тэсэлгээний салбар маань эрсдэл өндөртэй, нарийн дүрэм, журамтай, цаг тутамд хариуцлагатай үйл ажиллагааг шаарддаг. Тэсэлгээний ажилд дийлэнх нь залуучууд ажилладаг, гэр бүлээсээ хол ээлжээр кемпэд байрладаг, алхам тутамдаа анхаарал болгоомжтой байхыг шаарддаг, нэг хүний үйл ажиллагаанаас илүү багаар хамтран гүйцэтгэдэг учраас хамтын үйл ажиллагаа, хоорондын харилцаа маш чухал байдаг.
Ажлын онцлогоос шалтгаалан удирдлагын хувьд багийн залуучуудынхаа сэтгэл зүй, ар гэрийн нөхцөл байдал зэргийг давхар анхаарах шаардлага үүсдэг. Олон залуусыг удирдан ажиллахад албан тушаал, ажил үүргийн чиг үүрэг ярихаас гадна хувь хүнтэй нь тулж ажилладаг.
Шинээр өрөмдлөг, тэсэлгээний ажилд орж байгаа залууст багшилж байна уу?
Голдуу залуучууд орж ирдэг тул зааж сургах зүйл их гардаг. Шинээр ажилд орж буй залуусын хандлагыг л их хардаг даа. Одоогоор манай компанид миний сургасан өрөмдлөг тэсэлгээний 3 мастер, ахлах тэсэлгээчин 7, 13 тэсэлгээчин ажиллаж байна. Анх тэсэлгээний салбарт орж ирж байхад нь зааж сургаж байсан залуусаас маань Оюутолгой, Ухаахудаг, Тавантолгой гээд Монголын томоохон уурхайнуудад инженерээр ажиллаж байна. Эргээд харахад бахархмаар байдаг.
Тэсэлгээний мэргэжил анхаарал болгоомж шаардсан хэцүү ажил. Ар гэрийнхэн тань хэрхэн хүлээж авдаг вэ?
Анх сонсоод бүгд л анхаарал болгоомжтой ажиллаарай гээд л санаа зовдог байсан. Ажиллаж эхэлнээс хойш уурхай гэж юу байдаг, тэсэлгээний ажил хэрхэн явагддаг, аюул осолтой эсэх талаар, тэсэлгээчин хүн яг юу хийдэг тухайгаа байнга гэрийнхэндээ ярьдаг, зураг бичлэг үзүүлдэг болсноор гэр бүлээрээ тэсэлгээний ажлын анхан шатны ойлголттой болж, эерэгээр хүлээн авч үргэлж дэмждэг болсон.
Анхнаасаа тэсэлгээний ажилд явдаг, түүндээ дур сонирхолтой байсан болохоор гэргий маань сайн ойлгоно. Намайг ажилдаа явсны дараа ар дахь ажлаа асуудалгүй зохицуулна. Тийм болохоор аль аль талдаа санаа зовох зүйл байдаггүй, азтай хүн би. Манайх хоёр охин, нэг хүүтэй. Том нь 10-р анги, Анагаахын шинжлэх ухааны сургуулийн лицейд сурч байна. Дунд охин 3-р анги, бага хүү цэцэрлэгт хүмүүжиж байна.