Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

ТАРИФТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТИЙГ ЗОРИГТОЙ ХИЙНЭ

Р.Ренчиндулам

Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам)-ын аравдугаар сарын хурал болж, “Монгол Улсын эдийн засгийн 2024 оны төлөв” уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр /2024.10.24/ боллоо. Энэ үеэр эрчим хүчний салбарын бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн билээ. Эдгээр төслийг хэрэгжүүлэхийн тулд эрчим хүчний шилжилт хийх зайлшгүй шаардлага үүсээд байна. Үүний тулд нэгдүгээрт, Засгийн газар цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлэх нэгдсэн шийдэлд хүрчээ. Энэ талаар Засгийн газар ирэх сарын 1-нд нэгдсэн мэдээлэл өгч, чухам үнэ тарифыг хэрхэн нэмэгдүүлж буйг зарлах ажээ. Мөн эрчим хүчний төрийн өмчит 24 компанид бүтцийн өөрчлөлт хийж, орон тооны норм тогтоож, нээлттэй хувьцаат компани болгох аж. Эрчим хүчний салбарын реформын асуудлаар холбогдох удирдлагуудаас зарим зүйлийг тодрууллаа.

 

БИД ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМЫГ ЗОРИГТОЙ ХИЙНЭ

Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн  Т.Доржханд:

-Эрчим хүчний шилжилт хийх цаг болсон нь үнэн ч үүнийг яагаад тарифын нэмэгдлээс эхэлж байна вэ?

-Бүгд эдийн засгаа дэмжье, эдийн засгаа өсгөе гэж ярьдаг. Эчим хүчээ өсгөж байж л эдийн засаг  өснө. Өөрөөр хэлбэл, ингэж байж л бидний гар дээр ирэх бодит орлого нэмэгдэнэ. Өнөөдөр тарифын өөрчлөлтөд хүмүүс анхаараад байна. Гэхдээ энэ өөрчлөлтийн дараа нийлүүлэлт нэмэгдэх юм. Төр дангаараа энэ салбарыг барьж байгаагаас зах зээлийн системд оруулалгүй, өртгөөс нь хямд үнээр борлуулалт хийгээд явж байна. Ийм орхигдсон салбар болохоор бүх төхөөрөмж нь хоцорсон, хөрөнгө оруулалтгүй, жилийн жилд хот хөлдчих вий гэсэн айдастай салбар болчихоод байна. 

Дэлхий дахинд ч эрчим хүчний салбар нь  бусад салбараа үүрч явдаг юм. Тиймээс эрчим хүчний салбараа хөгжүүлж, хараат бус бие даасан байдллыг хангах  нь л чухал болоод байна. Бид эрчим хүчний реформыг зоригтой хийнэ. Засгийн газар энэ асуудал дээр 100 хувь санал нэг байгаа. Тэгэхээр 11 дүгээр сарын 1-нд боловсруулсан хувилбарыг танилцуулаад, үнийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.  

Үнэ нэмж байна гэхээсээ илүү тарифын өөрчлөлт оруулах гэх нь зөв болов уу. Ингэж байж, зах зээлийн орчин руу шилжинэ. Үгүй бол өнгөрсөн 30 жилд байсан шигээ л байна. Эрчим хүчний салбарт өөрчлөлт хийхгүй л бол шинээр байшин баригдахгүй, өвлийн утаа хэвээрээ л байна. Үргэлжлүүлээд томоохон төслүүд маань ч хэрэгжихгүй. 14 мега төсөлд 600мВт-ын эрчим хүч хэрэгтэй байна. Импортоор авахаар үнэтэй  байна.  

-Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн дөрөв нь эрчим хүчний салбарт хэрэгжинэ. Эдгээр төслийн хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-14 мега төслийн гурав нь эрчим хүчний, нэг нь тархмал эх үүсвэртэй төсөл.  Тэр нь аймаг орон нутагт 10мВт-ын хүчин чадалтай цахилгаан дулааны төслүүд байх юм. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын эх үүсвэрийг Хятадаас авахаар болсон. Тавантолгойн цахилгаан станцын эх үүсвэр энэ ондоо шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа. Эгийн голын усан цахилгаан станцын тухайд ОХУ-ын Засгийн газартай хэлэлцээр хийгээд  байгаль орчны үнэлгээ хийх ажлын хэсгээ байгуулаад явж байна.

Эрчим хүч бол бидний номер нэг асуудал. Гэтэл дулааны цахилгаан станц буюу нүүрс түлдэг цахилгаан станцуудын хувьд зөвхөн зээлээр, төсвөөр санхүүжүүлэх л боломжтой байдаг. Харин сэргээгдэх эрчим хүчний тухайд хувийн хэвшил өөрөө хөрөнгө оруулаад явах боломжтой. Дээр дурдсан тархмал эх үүсвэртэй мега төсөлд дан хувийн хэвшил оролцож санхүүжүүлэх юм. Ингэснээр төрийн оролцоо багасч илүү зах зээлийн зарчим руу шилжинэ.  

Монгол Улс  маш том газар нутагтай, хүчтэй салхитай, байгалийн маш том өгөгдөлтэй. Дэлхийд эхний хоёрт ордог байгалийн нөөцтэй улс. Энэ хэрээр манайд орж ирэх хөрөнгө оруулалт их байх юм. Харин бид худалдаж авах уу, эсвэл өөр байдлаар зохицуулах уу гэдгээ маш тодорхой болгочихвол ирэх жилээс хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой.

ЧАДЛЫН ДУТАГДАЛТАЙ БАЙГАА УЧИР ТОДОРХОЙ ГАЗРУУДАД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООНО

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх:

-Тариф нэмэгдсэнээр цахилгаан, дулаан яг хэдэн төгрөг болох вэ?

-Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар Эрчим хүчний зохицуулах хороо  хэрэглэгчийн эрчим хүчний үнэ тарифт хараат бусаар үнэ тогтоодог учиртай. Үнийг Эрчим хүчний зохицуулах хороо ойрын хугацаанд тогтооно. Зайлшгүй шаардлага үүссэн тул тарифын үнэ нэмэгдэх нь тодорхой.

-Импортын   эрчим хүчийг бууруулах боломжтой юу. Энэ тохиолдолд л цаашид цахилгааны үнэ нэмэгдэхгүй байх үндэслэлтэй шүү дээ? 

-Эрчим хүчний импортыг ойрын жилүүдэд бууруулах боломжгүй. Нөгөө талдаа, хэрэглээний өсөлтийг хангахуйц хэмжээнд дотоодын эх үүсвэрүүд ашиглалтад орж чадахгүй байна. Тиймээс бид тодорхой хугацаанд эрчим хүчийг импортоор авсаар байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд зөвхөн Монгол Улс эрчим хүчээ импортоор авдаг биш. Дэлхийн олон улс аюулгүй байдлын үүднээс импортоор эрчим хүчээ хангаж байгаа. Бид хэдийгээр дотоодоос эрчим хүчээ бүрэн хангадаг болсон ч аюулгүй байдлын үүднээс хоёр хөршөөсөө, боломжтой бол гуравдагч хөршөөс эрчим хүчээ авдаг дэд бүтэцтэй байх болно.

-Тариф нэмэгдсэнээр эрчим хүчний салбарт бодитоор шинэчлэл авчирч чадах уу. Хэсэгчилж цахилгаан тасалдаг байдал хэзээ  хүртэл үргэлжлэх вэ?

-Тариф нэмж байгаа нь чадлын дутагдлаас гарах, санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулах боломжийг бүрдүүлэх учиртай. Гэхдээ ойрын хугацаанд эх үүсвэр барих нь тодорхой. Энэ ажил 4-5 жил үргэлжилдэг. Тиймээс чадлын дутагдалтай байгаа учир тодорхой газруудад хязгаарлалт тогтооно. Гэхдээ дотоодын төлөвлөсөн эх үүсвэрүүд ашиглалтад орчихвол хязгаарлалт буурна. Нөгөө талаас хэрэглээний өсөлт нь хязгаарлалтад нөлөөлдөг. Хэрэглээ бидний төсөөлснөөс өсвөл хязгаарлалт хийнэ. Хэрэглээний өсөлт тогтвортой байвал хязгаарлалт буурна.

-Ойрын хугацаанд ашиглалтад орох хэдэн цахилгаан станц байна вэ?

-Бөөрөлжүүт, Дорнодын цахилгаан станцыг саяхан хүлээн авсан. Энэ ондоо багтаагаад Багануурт баригдаж байгаа 262 мВт батарей цэнэгт хураагуурыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хэрэв энэ хураагуур ашиглалтад орчихвол бид 2024-2025 оны өвлийг хязгаарлалтгүйгээр давна.  

ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМ ХИЙХ ТӨСЛҮҮД НЬ ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НАРЫГ ТАТНА

АНУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган:

-Монгол Улс болон АНУ гэсэн хоёр орны эрчим хүчний салбар хоорондын хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ. Цаашид хэрхэн өргөжүүлэх вэ?

-Ер нь АНУ болон Монгол Улс хоорондын хамтын ажиллагаа  дээд түвшинд өрнөж байна. Дөнгөж саяхан АНУ-ын төрийн департаментийн төлөөлөгчид Монголд ирж, эрчим хүчний асуудлаар яриа хэлэлцээ, уулзалт хийсэн. Энэ уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны яам, Эрчим хүчний яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төлөөлөгчид оролцсон. Ингэхдээ хоёр орон хоорондын эрчим хүчний салбарын харилцааны замыг тодорхойлж, цаашид хэрхэн өргөжүүлэх талаар өргөн хүрээнд ярилцсан. Мөн энэ уулзалтад зөвхөн эрчим хүчний талаар яриагүй, сэргээгдэх эрчим хүч, ашигт малтмалын талаар ярилцсан. Энэ яриа хэлэлцээр маш амжилттай болсон. Энэ хэлэлцээр цаашид улам өргөжнө гэж найдаж байна.

-Монгол Улсын эрчим хүчний шилжилт хийж байгаа дээр Та ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа шинэчлэх, эрчим хүчний сүлжээгээ шинэчлэх, өөрчлөх, хувьсал хийх төслүүдийг онцолж байгаа юм байна. Эдгээр төслийн хувьд монгол хүн эх орондоо чөлөөтэй амьдрах, эдийн засгийн хувьд бие даасан тогтвортой амьдрах боломжийг бүрдүүлэх төсөл гэж харж байна.

Мөн эдэгэр төсөлд хөрөнгө оруулах нь монголчуудын хувьд ч гадаадын хөрөнгө оруулагч нарт ч сонирхол татсан төсөл байх нь дамжиггүй. Мөн эдийн засгийн сэргэлт, өсөлтийг дэмжсэн төсөл, тэр дундаа эрчим хүчний шилжилт, реформ хийх төслүүд нь гаднын ч дотоодын ч хөрөнгө оруулагч нарыг татна гэж бодож байна.

-Эрчим хүчний салбарын ямар төсөл дээр хөрөнгө оруулалт татах боломжтой байна вэ?

-Засгийн газар эрчим хүчний эх үүсвэрүүдээ аль болох төрөлжүүлэх, нүүрснээс аль болох шилжих тал дээр анхаарал хандуулах шаардлагатай байна. Нүүрснээс сэргээгдэх эрчим хүчний салбар руу нэг өдрийн дотор шилжих боломжгүй. Тиймээс энэ бүхнийг хослуулаад явах нь ойлгомжтой. Эрчим хүчний үнэ тарифын талаар яригдаж байгаа энэ үед бодит өртгийг тусгасан үнийг тогтоох нь чухал болов уу. Монгол Улс нь  нар, салхи, усны эрчим хүчийг ашиглах боломж өндөртэй орон. Энэ нөхцөлд аль эх үүсвэрээ нэн тэргүүнд чухалчлахаас шалтгаалж шийдвэр гаргах байх. Түүнээс гадна цахилгаан дамжуулалтын шугамаа солих, шинэчлэх зэргээр олон ажлыг хаанаас эхэлж хэрэгжүүлэх нь Засгийн газрын өөрийнх нь шийдвэрлэх асуудал.