Уул уурхай, эрдэс баялгийн салбарын “Эрдэс боловсруулалт-2024” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал өнөөдөр /2024.10.25/ болж байна.
Эрдэс боловсруулалтын салбарын чиг хандлагыг тодорхойлох зорилготой уг хурал нь “Нээлтийн үйл ажиллагаа”, “Боловсруулах үйлдвэр ба дэвшилтэт технологи”, “Салбарын шилдэг туршлага”, “Судалгаа, хөгжил болон инноваци-1”, “Судалгаа, хөгжил болон инноваци-2” гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэж байгаа юм.
Тус хурлыг Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооноос хоёр жил тутам зохион байгуулдаг бөгөөд энэ жил 7 дахь удаагаа болж буйгаараа онцлог. Мөн уул уурхай өндөр хөгжсөн Канад, Австрали, АНУ, БНХАУ зэрэг орны судлаач, мэргэжилтнүүд ирж оролцож байгаа бөгөөд нийт 250 гаруй төлөөлөл оролцож ашигт малтмал баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд ашиглаж байгаа шинэ технологи, туршлагаасаа хуваалцаж, уул уурхайн салбарын цаашдын чиг хандлагын талаар санал солилцох юм.