Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын нүүрсний импорт 2025 онд буурч магадгүй

Сүүлийн үед Хятадын нүүрсний олборлолт, импорт өсөж, эдийн засаг нь суларсантай холбоотой нүүрсний илүүдэл бий болсон. Ингэснээр Хятадын импортлогчид ирэх онд урт хугацааны гэрээгээр худалдаж авах нүүрсний хэмжээг бууруулах талаар хэлэлцэхэд хүргэлээ гэж Bloomberg мэдээлэв.

Энэ жил Хятадын нүүрс импортлогчид эрчим хүчний нүүрс худалдан авахдаа алдагдал хүлээсэн гэж Хятадын Нүүрс тээвэрлэх, түгээх нийгэмлэгээс мэдээлсэн. Хятадын нүүрсний импорт ирэх онд энэ жилээс 4%-иар буурч, 490 сая тоннд хүрч магадгүй гэж “Fenwei Energy Information Service” зөвлөх компанийн шинжээч Эми Сю Bloomberg-т мэдэгдэв.

Ирэх өвөл хүйтэрч, мөн засгийн газар эдийн засгаа сэргээх арга хэмжээ эрчимтэй авах тохиолдолд нүүрсний үнэ өсөж магадгүй юм байна.

БНХАУ-ын нүүрсний олборлолт өнгөрсөн сард 4.4%-иар өсч, нийт 414.46 сая тоннд хүрсэн.

Нүүрсийг голдуу эрчим хүчний болон хүнд үйлдвэрийн салбарууд хэрэглэдэг. БНХАУ-ын нүүрсний станцуудын эрчим хүчний үйлдвэрлэл 9-р сард жилийн дүнгээр 8.9%-иар нэмэгдэж, 545.1 тэрбум кВт.цаг болсон гэж тус улсын статистикийн агентлаг мэдээллээ.

БНХАУ-ын нүүрсний импорт 9 дүгээр сард мөн өсч, нийт 47.59 сая тонн нүүрс болсон нь 2023 оны 9 дүгээр сарынхаас 13%-иар өссөн байна. Импортын өсөлтөд гадаад, дотоодын нийлүүлэлтийн таатай нөхцөл байдал голлон нөлөөлсөн байна.

Нүүрс Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлийн 60 орчим хувийг эзэлж байгаа хэвээр.

Эх сурвалж: oilprice.com