Бразилийн Vale болон Хятадын ган үйлдвэрлэгч Jinnan Iron & Steel групп нар хамтран Оман дахь төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрт 627 сая долларын хөрөнгө оруулахаа даваа гарагт зарлалаа.
Тус үйлдвэр нь нийслэлээс хойд зүгт 200 км-ийн зайд орших Сохар боомтын ойролцоо байгуулагдаж, 2027 оноос эхлэн жилд 18 сая тонн бага агуулгатай төмрийн хүдэр боловсруулах хүчин чадалтай болж, жилд 12.6 сая тонн өндөр агуулгатай баяжмал үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.
Vale тус үйлдвэрийг өөрийн төмрийн хүдрийн үрлэн үйлдвэрүүдтэйгээ холбохын тулд 227 сая долларын хөрөнгө оруулалт хийх юм. Jinnan 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулж, тус үйлдвэрийг барьж ашиглалтад оруулна.
"Энэ төслийн хүрээнд бид Бразилийн төмрийн хүдэр үйлдвэрлэх хүчин чадлыг, Оман улсын сайн байршил, дэд бүтэцтэй холбож, хоёр орны хамтын ажиллагаа сайжрахын зэрэгцээ Jinnan компаниар дамжуулан Хятадтай түншлэлээ бэхжүүлэх болно." гэж Vale-ийн шинэ гүйцэтгэх захирал Густаво Пимента мэдэгдэлдээ дурджээ
Энэ бол Jinnan компанийн Оман дахь анхны томоохон төсөл юм. Тус компани соронзон тусгаарлах технологиор дэлхийд тэргүүлдэг.
Vale энэхүү хөрөнгө оруулалтын загварыг бусад мега төвүүддээ нэвтрүүлэхийг зорьж байгаа аж. Vale Ойрхи Дорнодод (Оман, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират) гурван мега төв байгуулахаа зарлаж, Бразил, АНУ-д ижил төстэй төслүүдийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан.
Эх сурвалж: mining.com