Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Урагшлах ёстой эрчим хүчний төслүүд

Р.Ренчиндулам

Эрчим хүч бол аливаа улсын тусгаар тогтнолын нэг баталгаа болдог, ач холбогдлын хувьд ч нэлээд жин дардаг салбар. Ялангуяа шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө цагт эрчим хүчгүйгээр урагшлах боломжгүй билээ. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн 4 нь эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа нь үүний нотолгоо гэлтэй. Эдгээр төслийн нөхцөл байдал одоогоор ямар байгааг танилцуулъя.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц

Эрдэнэбүрэнгийн 90 МегаВаттын усан цахилгаан станцын ажил 2021 онд эхэлсэн билээ. Уг станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм. Төслийн нийт хөрөнгө оруулалт 855,9 тэрбум төгрөг. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх бөгөөд 2024 онд 256,8 тэрбум төгрөг, 2025 онд 100 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ.  

Тус төслийг хэрэгжүүлснээр жилд 366 сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангах юм. Төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдаад байгаа аж. Энэ талаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээс тодруулахад “Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр эх үүсвэрийг нь шийдвэрлэсэн. Барилга угсралтын ажил 2022 оны долдугаар сард эхэлсэн. Энэ төсөл дээр ганц л зүйл дутуу байгаа. Санхүүжүүлэгч зээлийн тусгайлсан хэлэлцээрийг БНХАУ-тай хараахан албажуулж чадаагүй, яриа хэлэлцээрийн шатанд байгаа. Арваннэгдүгээр сард хэлэлцлийг байгуулах зөвшөөрлийг Хятадын тал өгсөн” гэлээ.

Тэгэхээр энэ төсөл хэрэгжих магадлал өндөр, тэр хэрээр эрчим хүчний хомсдолтой өнөө цагт сайн мэдээ болж байна.

Эгийн голын усан цахилгаан станц

Олон жил яригдаж байгаа төсөл бол Эгийн голын усан цахилгаан станц. Уг 310 МегаВаттын усан цахилгаан станцын төслийг 2024-2032 онд хэрэгжүүлэхээр Засгийн газар төлөвлөжээ. Төслийн нийт хөрөнгө оруулалт 3 их наяд 700 тэрбум төгрөг бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлээр санхүүжүүлэх юм. Төлсийн үр дүнд 25 сая ам.долларын импортын төлбөр хэмнэж, түүхий нүүрсний хэрэглээ жил бүр 439 мянган тонн, хүлэмжийн хийн ялгаруулалт 709 мянган тонноор буурах юм.

Энэ талаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх “ОХУ-тай хамтран Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийж байгаа. ЮНЕСКО-гоос тавьсан шаардлагын дагуу урьд нь Францын компаниар үнэлгээг хийлгэж байсан. Харамсалтай нь, Оросын тал заавал үнэлгээнд оролцож, дахин үнэлгээ хийлгэх хүсэлтэй байгаа тул Засгийн газрын түвшинд ярилцаад хамтран үнэлгээ хийхээр болсон.  Монгол Улсад усан цахилгаан станц байгуулахад хүндрэл байдаг нь газарзүйн байрлал. Өндөрлөг цэгт байрладаг учир томоохон усны барилга байгууламж барихад, тэр дундаа гадагш урсацтай голд түшиглэн усан цахилгаан станц барихдаа хил дамжин урсах улсуудтай ойлголцож, тохиролцох учиртай. Энэ бол олон улсад мөрдөгддөг зүйл.  ОХУ-ын зүгээс манай улсад цутгадаг Сэлэнгэ мөрөн дээр УЦС барих нь Байгал нуур болоод манай улсад цутгаж байгаа Сэлэнгэ мөрний урсцад нөлөөлж байгаа эсэхийг тодруулж өг гэсэн зүй ёсны шаардлага тавьж байгаа” гэлээ.

Бодит байдал, ОХУ-ын шаардлага ийм байна. Хэдийгээр хэрэгжих нь ганцхан биднээс хамаарахгүй ч заавал хөдөлгөх ёстой төсөл бол энэ.

Тавантолгойн цахилгаан станц

Хэрэгжих ёстой ч тодорхой шалтгааны улмаас гацаад байгаа төсөл бол Тавантолгойн 450 МегаВаттын дулааны цахилгаан станц. Ямартай ч Засгийн газар энэ төслийн хөдөлгөх зорилго тавьсан. 2028 онд дуусах учиртай. Станцын нийт хөрөнгө оруулалт 2 их наяд 303 тэрбум төгрөг. Үүний 690,9 төрбум төгрөгийг улсын төсвөөс, 1,6 их наяд төгрөгийг хувийн хэвшил гаргах юм. Үүнээс 2025 онд 460,6 тэрбум төгрөгийг зарцуулах юм байна. Тус цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 3.2 тэрбум КилоВатт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж өмнөд бүсийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах юм.

Үндсэндээ 2013 оноос эхэлсэн Тавантолгойн цахилгаан станцын төсөл “Рио тинто” ХК-ийн төлбөрийн баталгаа, “Оюутолгой” ХК-ийн худалдан авах үнийн асуудал тохиролцоонд хүрээгүйн улмаас 2016 оноос зогсонги байдалд орсон. 2020 онд “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-г байгуулж үйл ажиллагааг эрчимжүүлсэн. Станцын техник, эдийн засгийн үндэслэлийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл 2020 оны 12 дугаар сард баталж, 2023 оны тавдугаар сард шинэчилсэн. Цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг төслийг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн 2021 онд хийж, станц барих Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь 90.23 га газрын гэрчилгээг 2021 онд авч, түүнээс хойш төлбөрийг зохих ёсоор төлж байгаа. 2023 онд Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газраар баталгаажуулалт хийлгэсэн. Мөн Тавантолгой-Оюутолгой чиглэлийн 220кВ-ын хоёр хэлхээ, 167 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын трасс дайран өнгөрөх Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумдын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ. Станцын барилга байгууламж барих зөвшөөрөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх зэрэг ажлуудыг 2021-2022 онд хийж гүйцэтгэн, Галба-Өөш долоодын говийн сав газар, Наймдайн хөндий, Загийн усны хоолойн ордуудаас ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай ус хэрэглэх асуудлыг шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюутолгой уурхайг урт хугацаанд цахилгаан, эрчим хүчээр хангах гэрээг 2022 оны нэгдүгээр сарын 26-нд байгуулсан. Тус уурхайн хэрэглээ 236-285 МВт бөгөөд Тавантолгойн станц ашиглалтад орсноор дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах боломж бүрдэх юм. Харамсалтай нь Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2021 оны 10 дугаар сард болон 2022 оны тавдугаар сард тус тус зарласан боловч амжилтгүй болсон байна. Иймд Засгийн газраас станцын төслийг 300МВт+150МВт гэсэн хоёр үе шат болгон хуваах шийдвэр гаргаж, эхний ээлжинд 300МВт-аар барьж байгуулах төсөлд дахин тендер зарласан. 2023 оны зургадугаар сард зарласан уг тендерт хоёр оролцогч санал ирүүлсэн нь, нэгдүгээрт, Камбожийн Хаант Улсын “Mitime International” компани, хоёрдугаарт, БНХАУ-ын China Western Power Industrial компани, Beijing Beizhong Steam Turbine Genetator компани болон Монгол Улсын “Майнс Ап” ХХК-ийн түншлэл байжээ. Тендерийн хороо “Mitime International” компанийг шалгаруулсан боловч “Майнс Ап” ХХК-ийн түншлэл гомдол гаргасан тул Сангийн яам уг тендерийг түр түдгэлзүүлж, дахин үнэлэх чиглэл өгчээ. Гэвч тендерийн хүчинтэй хугацаанд дахин үнэлгээ хийж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах боломжгүй болж, уг тендер хүчингүй болсон байна.

Нөхцөл байдал ийм байна. Одоо энэ тал дээр Засгийн газар анхаарч, шийдэлд хүрэх нь тодорхой биз ээ. 

Тархмал эх үүсвэр үйлдвэрлэх төслүүд

Эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх дараагийн төсөл нь Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр үйлдвэрлэх төслүүд. Төслийн хүрээнд аймаг орон нутагт 10мВт-ын хүчин чадалтай цахилгаан дулааны станцууд барих бөгөөд төслийг 2024-2028 онд хэрэгжүүлнэ.  

Төслийн нийт хөрөнгө оруулалт 1 их наяд 377 тэрбум төгрөг бөгөөд улсын төсвөөс 60 тэрбум төгрөг, гадаад зээлээр 211,6 тэрбум төгрөг зарцуулах юм. Үүнээс 2024 онд 20 тэрбум төгрөг, 2025 онд 20 тэрбум төгрөгийг зарцуулна. 

Монгол Улс 2,600 ГигаВатт сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй. Төслийн үр дүнд дотоодын цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөх, эдийн засгийг төрөлжүүлэх боломж бүрдэх юм.