Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ Невада муж дахь литийн уурхайд 2.26 тэрбум долларын зээл олгоно

Ч.Сансар

АНУ-ын Эрчим хүчний яам Невада мужийн Thacker Pass нэртэй литийн уурхайн бүтээн байгуулалтад зориулж "Lithium Americas" компанид 2.26 тэрбум долларын зээл олгохоор шийдвэрлэлээ. Энэхүү уурхай нь АНУ-ын уул уурхайн салбарт хийж буй хамгийн том хөрөнгө оруулалтын нэг бөгөөд чухал ашигт малтмалын салбарыг хөгжүүлэх өргөн хүрээний бодлогын нэг хэсэг юм.

Өнгөрсөн гуравдугаар сард урьдчилан батлагдсан уг зээл нь Хятадын литийн нийлүүлэлтээс хараат байдлыг бууруулахад чиглэсэн Ерөнхийлөгч Жо Байдены бодлогод нийцэж байгаа юм. Байдены Засгийн газар өнгөрсөн долоо хоногт "Ioneer" компанийн хэрэгжүүлж буй ижил төстэй литийн төслийг зөвшөөрсөн билээ.

Thacker Pass төсөл нь 2030 он гэхэд нээгдэж, "General Motors" компанийн түүхий эдийн гол нийлүүлэгч болох төлөвтэй байна. Уг компани энэ сарын эхээр тус уурхайд оруулсан хөрөнгө оруулалтаа бараг нэг тэрбум ам.долларт хүргээд байгаа юм.

Ерөнхийлөгч асан Дональд Трамп албан тушаалаасаа буухынхаа өмнөхөн тус уурхайг байгуулах зөвшөөрөл олгожээ. "Lithium Americas" компани байгаль хамгаалагчид, фермерүүд болон уугуул иргэдтэй олон жил үргэлжилсэн шүүх хуралд ялалт байгуулсны дараа уг уурхай дээр анхны барилгын ажлыг өнгөрсөн жил эхлүүлсэн юм.

Зээлээ авсны дараа "Lithium Americas" компани томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Уурхайн эхний үе шат ашиглалтад орсны дараа жилд 40 мянган тонн литийн карбонат үйлдвэрлэх төлөвтэй байна. Энэ нь 800 мянган цахилгаан машины батарей үйлдвэрлэхэд хангалттай түүхий эд юм.

Төслийн бүтээн байгуулалтын явцад 1800 орчим хүн ажиллаж, уурхай ашиглалтад орсны дараа 360 хүн байнгын ажлын байртай болох юм. Мөн уг зээл 24 жилийн хугацаатай байх аж.

“Lithium Americas”-ын гүйцэтгэх захирал Жон Эванс "Энэхүү зээл нь гадаадын ханган нийлүүлэгчдээс хараат байдлаа бууруулж, Америкийн эрчим хүчний салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулна" гэжээ.

Уурхайн өртөг анх тооцоолсон 2.27 тэрбум ам.доллароос нэмэгдэж, бараг 2.93 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь инженерийн ажлын зардал, үйлдвэрчний эвлэлийн ажилчдыг ажиллуулах тохиролцоо, ажилчдын болон тэдний гэр бүлийнхэнд зориулж орон сууц барих болсонтой холбоотой аж.