Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байнгын хороодод шилжүүллээ

УИХ-ын өнөөдрийн /2024.11.01/ чуулганы хуралдаанаар Засгийн газраас 2024 оны аравдугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. 

Ингэхдээ Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд тус бүрээр санал хураалт явуулахад, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзлээ. Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлого, Төсөв, Эдийн засгийн байнгын хороонд тус тус шилжүүллээ.

УИХ-ын өчигдрийн /2024.10.31/ чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг эхлүүлж, төсөл санаачлагчийн илтгэл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн билээ. Улмаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг хойшлуулаад байсан юм. 

Дашрамд дурдахад, намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.11.01/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 01 минутад гишүүдийн 60.3 хувийн ирцтэй эхэлж Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн бөгөөд уг төслүүдийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзсэн тул Төсвийн болон Хууль зүйн байнгын хороонд буцаалаа.