Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын технологийн компани “Huawei”-тай хамтран ажиллахаар болж, 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хоёр талын хамтарсан ажлын хэсэг байгуулжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII ЭКСПО-д оролцохоор Шанхай хот ажиллаж байгаа билээ. Тэрбээр өчигдөр /2024.11.04/ “Huawei” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-оо үргэлжлүүлж, технологийн хөгжлийн дагуу гурван шилжилт хийхээр шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, хиймэл оюун ухаанд түшиглэсэн цахим, ухаалаг технологийг хөгжлийн хурдасгуур болгох. Хоёрдугаарт, ногоон хөгжлийн шилжилт. Гуравдугаарт, хүний нөөцийн шилжилт буюу хүний нөөцийг чадавхжуулах, орчин үеийн техник, технологийг ашиглаж бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Эдгээр шилжилтийг хийхэд “Huawei” компанийн шинэ технологийн туршлагуудыг судлах, ухаалаг хотыг бүтээн байгуулах, дижитал эрчим хүч, технологийн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Монгол Улсын Засгийн газар тус компанитай хамтран ажиллахаар боллоо.
“Huawei” технологийн компани Монгол Улсад 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд одоогоор олон улсын мэргэжлийн сертификаттай Монгол болон бусад орны нийт 50 гаруй инженер, технологийн мэргэжилтнүүд өндөр хурдны, чанартай, найдвартай сүлжээг Монгол Улсын хот, аймгийн төвүүд, алслагдсан сум, багт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж. Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүч, хөдөө, орон нутгийн харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэхийг зорих болжээ. Судалгаa хөгжүүлэлтийн төвүүд нь хиймэл оюун ухаан (AI), үүлэн тооцоолол, их өгөгдөл (big data) зэрэг салбарт төвлөрдөг онцлогтой.
Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагаа бусад улс оронд үлгэр жишээ болохоор өргөжих ёстой гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус компанийн удирдлагуудад хэлээд хамтын ажиллагааг Засгийн газраас дэмжиж ажиллахад бэлэн гэдгийг илэрхийллээ. Тиймээс хамтын ажиллагааг эрчимжүүлж, 5G систем, уул уурхайн ухаалаг тээвэр, smart traffic, ногоон эрчим хүчний чиглэлээр хоёр талын хамтарсан Ажлын хэсгийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгээр ахлуулж байгууллаа.
“Huawei” компани нь 170 гаруй улсад мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт Cloud AI, ногоон эрчим хүч, цахилгаан машин, ухаалаг утас, өндөр хурдны 5G, 6G сүлжээний технологийг түгээдэг. 2018 онд “Apple”, 2020 онд “Samsung” брэндийг борлуулалтаараа гүйцэж түрүүлж байсан юм.
Түүнчлэн айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар албан ёсны уулзалт хийж, өнөөдөр болох "Хятадын олон улсын импортын VII экспо"-гийн нээлтэд оролцож үг хэлэх юм. Мөн Шанхай хот болон Жөжян мужийн удирдлагатай уулзах ажээ.
Эх сурвалж: mongolia.gov.mn