А.Халиун
Бодит байдал
Засгийн газар 2025 оны эдийн засгийн өсөлт эрчимжиж 8%-д хүрнэ хэмээн төсөөлсөн бол Азийн хөгжлийн банк 6%-иар өснө гэж тооцоолжээ. Ирэх оны эдийн засгийн төлөв ямар байх нь өмнөд хөршийн аж үйлдвэрийн салбарын санхүүгийн нөхцөл байдалтай шууд холбоотой.
БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2024 онд 4.8%-тай байгаа бол ирэх онд 3.8% болж буурна гэсэн төсөөллийг ОУВС, Дэлхийн банкнаас гаргаад байна.
Энэ нь манай хөрсөнд хэрхэн бууж болох талаар ҮСХ-ны дарга Б.Батдаваа “Хятадын эдийн засгийн өсөлт аажмаар буурах нь зарим сарын үзүүлэлтүүдээс нь ажиглагдаж эхэлсэн. Жишээ нь, үйлдвэрлэгчийн үнийн индекс нь жилд 1.8%-иар, инфляци 0.6% буурсан. Үнийн өсөлтүүд сөрөг буюу маш доогуур байгаа нь эдийн засгийн идэвхжил сул байгааг илэрхийлнэ.
Энэ нь Монгол Улсад ямар нөлөөтэй вэ? Манай уул уурхайн түүхий эдийн 90% нь Хятад руу гардаг. Тэгэхээр түүхий эдийн үнэтэй холбоотой манай улсад орлого багасах эрсдэл бий. 2024 оны эхний 8 сарын экспортын тоо хэмжээг харахад бид нүүрсний үнийн бууралтыг экспортын тоо, биет хэмжээний өсөлтөөр нөхөж байна” гэсэн юм.
Ирэх онд ч байдал хэвээр үргэлжлэх төлөвтэй бөгөөд Засгийн газар ч ирэх оны төсвийн төсөлд энэ талаар тусгажээ.
Монгол Улс дунджаар БНХАУ-ын коксжих нүүрсний импортын 50%-ийг хангаж байна. 2024 оны эхний 7 сарын байдлаар БНХАУ руу нийт 47.5 сая.тонн нүүрс экспортолсноос 34.54 сая.тонн нь коксжих нүүрс. Энэ нь урд хөршийн импортолсон нийт коксжих нүүрсний 51%-ийг эзэлж байгаа юм.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Монгол Улсын коксжих нүүрсний экспорт 7.9 сая тонноор илүү буюу 30%-иар өссөн бол БНХАУ-ын нийт импортолсон коксжих нүүрc 15.5 сая тонноор мөн нэмэгдсэн аж. Коксжих нүүрсний зах зээлд манай улстай өрсөлдөгч бусад орнууд ОХУ, Австрали. ОХУ гэхэд өнгөрсөн онд БНХАУ руу 17.8 сая тонн коксжих нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 2.4 сая тонноор өссөн үзүүлэлт.
Австрали улс БНХАУ-ын талаас тогтоосон экспортын хориг цуцлагдсаны дараах жилүүдэд нүүрсний экспорт эргэн сэргэсэн ч хориг тавихаас өмнөх жилүүдийн түвшнээс хэд дахин бага дүнтэй байгааг Засгийн газар 2025 оны төсвийн төслийг боловсруулахдаа анхааралдаа авчээ.
Хүлээлт
2025 онд эдийн засгийн төлөв ямар түвшинд байхыг нүүрсний экспорт болон зах зээл дэх үнийн өөрчлөлтөөс салган авч үзэх боломжгүй. Тиймээс улсын төсвийн төсөлд найдлага тавьж, хүлээлт үүсгэсэн гол түүхий эдийн талаар хэрхэн тусгасныг шинжье.
2025 онд нүүрсний үнэ буурах хүлээлттэй байгаа ч БНХАУ-ын эдийн засгийн шинэ загварын нөлөөгөөр гангийн эрэлт тогтвортой байж, Монгол Улсын нүүрсний экспортын биет хэмжээ өснө. Энэ нь ирэх оны төсвийн төслийг боловсруулах үндэс суурь, гол найдлага хийгээд хүлээлт болов.
Дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч, үйлдвэрлэгч БНХАУ-ын коксжих нүүрсний хэрэглээ, дотоодын гангийн зах зээлээ даган тогтвортой байх хэдий ч гадаад хүчин зүйлсийг тооцохгүй орхиж болохгүй. Дэлхий дахины хүлэмжийн хийг бууруулах бодлогууд нь БНХАУ-ын нүүрсний үнэ хийгээд үйлдвэрлэлд нөлөөлөх хандлагатайг Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА) -ийн тайланд дурджээ.
Дэлхий нийтээр нүүрснээс татгалзах, цэвэр эрчим хүчний хэрэглээнд шилжих бодлогыг хүчтэй явуулж буй ч дэлхийн хоёр дахь том эдийн засаг Хятадын аж үйлдвэрийн хурдацтай хөгжлийн гол хэрэглээ болсон коксжих нүүрс ойрын 10 жилдээ хэрэглээнд байхыг Sinopec онцолсон. Гэвч алсдаа нүүрснээс татгалзах нь тодорхой тул нүүрсэнд тулгуурласан эдийн засагтай манай улсын хувьд аюулын дохио анивчаад эхэлснийг мартаж болохгүй.
Тиймээс ирэх жилүүд Монгол Улсын хувьд чухал цаг үе, алдаж болохгүй боломж.
2023 оны 2 дугаар сараас эхлэн манай улс нүүрсийг биржээр арилжаалж эхэлснээр худалдан авалтыг ил тод болгохын зэрэгцээ нүүрс экспортлох биет хэмжээ, орлого нэмэгдсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний биржийн арилжааг анх эхлүүлснээс хойш уурхайн ам нөхцөлөөр гэрээ байгуулаагүй ба зөвхөн Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсний арилжааг зохион байгуулж байна.
Нүүрсээр ийн амжилттай эхэлсэн биржийн арилжаа төмрийн хүдэр, зэсийн арилжаа явуулж, нэр төрөл нь нэмэгдэж байна.
2024 оны эхний 8 сарын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 22.6 сая тонн нүүрс олборлож, 2.3 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 21.6 сая тонн нүүрс борлуулжээ. Харин энэ оны эхний 8 сард 2.4 их наяд төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлэн, жилийн төлөвлөгөөгөө 97.1%-иар биелүүлээд буй аж.
Оны эхний 8 сарын байдлаар нийт 34 удаагийн биржийн арилжаагаар 1.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 11.7 сая тонн нүүрс худалджээ.
“Монгол Улсын хувьд нүүрсээ түүхийгээр гаргаж буй энэ цонх үе удаан үргэлжлэхгүй. Ойрын үед боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай” гэж Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн жилийн өдийд 2024 оны улсын төсвийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх үед онцолж байв. Тиймээс боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлж, нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлснээр Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн эхний шат болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр өнгөрсөн 6 дугаар сард ашиглалтад орсон билээ.
Засгийн газар боомтын шинэчлэлийн бодлогоо үргэлжлүүлж, боомтуудыг цахимжуулах, хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг сайжруулахаар төлөвлөжээ.