Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөлд багтсан “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, Гашуунсухайнт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслүүд хэрэгжих боломжтой боллоо. Учир нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны найман баримт бичигт талууд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болголоо. Үүнд: “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”зэрэг багтаж байгаа юм.
БНХАУ-ын Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн нэгд нь “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ыг барих төсөл багтдаг. Засгийн газар хоорондын энэхүү зээлийн хэлэлцээрийг байгуулснаар төслийн 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг шийдэж байгаа юм.
“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлснээр баруун бүс болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэж, ногоон эрчим хүчээр 100 хувь бүрэн хангаж, их ачааллын үед төвийн эрчим хүчний системийг дэмжиж ажиллах бололцоо бүрдэнэ. Анх 1964 онд ЗХУ-ын Электросеть институт урьдчилсан судалгааг хийж, 2015 онд уг төслийг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулагдаж байсан түүхтэй билээ. Хэлэлцээрийг байгуулснаар олон жил гацаад байсан уг төсөл хэрэгжихэд нэг алхам ойртлоо.
Мөн энэ оны дөрөвдүгээр сарын 02-нд гарын үсэг зурсан “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлах дотоодын процедурыг дууссан тухай талууд харилцан мэдэгдсэнээр, энэхүү хэлэлцээр арваннэгдүгээр сарын 5-ны өдрөөс хүчин төгөлдөр болж байна. Засгийн газар хоорондын энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэх Монгол, Хятадын аж ахуйн нэгжийн хооронд барилгын ажлын ерөнхий гэрээг байгуулах эрх зүйн үндэс тавигдаж байгаа юм.
Эх сурвалж: mongolia.gov.mn