Ч.Сансар
Рио Тинто Хятадын Төрийн Эрчим Хүчний Хөрөнгө Оруулалтын Корпораци (SPIC)-тай хамтран цахилгаан хүнд даацын машины батарей солих технологийг Монголын Оюутолгойн зэсийн уурхайд туршиж байна. Энэ нь цахилгаан машины цэнэггүй батерейг бүрэн цэнэглэгдсэн батерейгаар хурдан солих технологи юм.
Уг технологийг Хятадад уул уурхайн хүнд даацын ачааны машинууд аль хэдийн ашиглаад эхэлсэн аж. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Рио Тинто өөрийн уурхай дээр батарейтай цахилгаан ачааны машинуудыг цэнэглэх станцтай нь хамт туршин ажиллуулах төсөл хэрэгжүүлнэ.
Уг төсөл хоёр жилийн хугацаанд хэрэгжинэ. Төслийн хүрээнд Оюутолгойн уурхай дээр хүнд даацын 8 машин (91 тоннын даац), 13 батарей (800 кВт.цаг), батарей солих, цэнэглэх станц ажиллуулах юм байна. Ачааны машинууд хог хаягдлын далан сэргээн засварлах, хөрс хуулах ажлыг гүйцэтгэнэ. Машинуудын бүх ашиглалт, засвар үйлчилгээг Оюу Толгой компанийн ажилтнууд хариуцна.
Рио Тинто болон Оюутолгойн техникийн мэргэжилтнүүд Рио Тинтогийн цахилгааны стандарт, аюулгүй байдлын шаардлагыг хангахын тулд SPIC болон ачааны машин үйлдвэрлэгч Tonly-тай хамтран ажиллаж, ачааны машины загвар, холбогдох дэд бүтцийг улам боловсронгуй болгосон.
Машины батарей нь гүйцэтгэсэн ажлаасаа хамааран 8 цаг хүртэл ажиллах хүчин чадалтай бөгөөд батарейг солиход 7 минут орчим хугацаа шаардагдана. Эхний ачааны машинууд энэ онд Оюутолгойд ирэхэд бэлэн болсон байна. 2025 онд 7 ачааны машин, батарей солих, цэнэглэх станцтай хамт ашиглалтад орно.
Рио Тинто одоогоор дэлхийн хэмжээнд нийт 700 орчим хүнд даацын ачааны машин ажиллуулж байгаа. Үүнээс 100 нь жижиг болон дунд (100-аас 200 тоннын даацтай) ангилалд багтдаг.
Монголын Өмнөговь аймагт оршдог Оюутолгой нь дэлхийн хамгийн их нөөцтэй зэс, алтны ордуудын нэг бөгөөд жилд 168 мянган тонн зэс, 177 мянган унц алт олборлодог. Мөн Оюутолгой нь дэлхийд хамгийн орчин үеийн, аюулгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг уурхайнуудын нэг гэж Рио Тинто компанийн зүгээс мэдэгдсэн байна.
Эх сурвалж: mining.com