Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Сарын дараа төсөвт тодотгол хийх нь хууль зөрчсөн үйлдэл үү?

Р.Ренчиндулам

УИХ-ын чуулганы өнгөрсөн Баасан гарагийн хуралдаанаар 2025 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, уг төслийг батлав. 2025 оны төсвийн төсөлд орлогыг 33.9 их наяд, зардлыг 35.8 их наядаар тооцож, алдагдлыг ДНБ-ий хоёр хувьтай тэнцүү буюу 1.9 их наяд төгрөг байхаар тусгасан билээ. Харин Төсвийн байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй санал гарснаар дэмжигдэж, энэ оны арванхоёрдугаар сард багтаан төсвийн тодотгол хийх чиглэл өгөв.

Тухайлбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "УИХ-ын гишүүдийн зүгээс 2025 оны төсвийн төслийг олон талаас нь шүүн хэлэлцэж Засгийн газраас дэвшүүлсэн арга хэмжээний эрэмбэ дэс дарааллыг нягтлах талаар олон шаардлага гарлаа. Иймд төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг үндэслэн өнөөдөр батлагдсан 2025 оны төсвийг макро эдийн засгийн төлөв байдал болон төсвийн тусгай шаардлагыг баримтлах нөлөөлөх талаар үнэлгээ хийж, үр дүнг танилцуулахыг шаардаж байгаа юм. Мөн хэлэлцүүлгийн явцад хөндөгдсөн олон асуудлуудыг Засгийн газраас дахин нягталж төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэх асуудлыг үүрэг болгож дээрх тогтоол батлагдаж байна" гэсэн юм.

Гэхдээ энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэж зарим гишүүд үзэж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "2025 оны төсвөө баталчихаад, УИХ, Засгийн газар  хамтарч Ажлын хэсэг гаргаж энэ ондоо төсвийн төслийн тодотгол хийхдээ тулбал Үндсэн хууль зөрчигдөнө. Төсвийг Засгийн газар л боловсруулж УИХ-д өргөн барьдаг Үндсэн хуультай. УИХ өөрөө Үндсэн хуулиа зөрчөөд Засгийн газарт Үндсэн хуулиар олгосон онцгой бүрэн эрх рүү ороод, урьдчилж УИХ-ын гишүүд төсвийн төсөл хийдэг, Ажлын хэсэг байгуулдаг Үндсэн хууль байхгүй. Эрх мэдэл хуваарилах онол, зарчимд нийцэхгүй. Хэн боловсруулж өргөн барихыг Үндсэн хуульд хатуу заасан нь хариуцлагатай холбоотой. Их хурал өөрөө төсвийн төслийг боловсруулбал хэн хариуцлагыг нь үүрэх юм" гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Төсвийн зардлыг бууруулах саналыг зарчмын хувьд дэмжиж болно. Гэхдээ хууль зөрчсөн тогтоол гаргаж Засгийн газарт чиглэл өгч болохгүй. Засгийн газар хууль зөрчиж ирэх сард тодотгол өргөн барина гэж байхгүй. Хэдэн хүн хэлэлцүүлэг дээр саналаа гаргаагүйн төлөө ийм жишиг тогтоож болохгүй. Төсвийн ажлын хэсэг 25 хүнтэй 70 хоног ажилласан. Гишүүд 42, ажлын хэсэг есхөн санал оруулж ирсэн байналээ. Үүнээс хэн нь ямар ажилласныг харж болно. Гишүүдийн гаргаж байсан саналууд томъёоллын алдаатай байсан. Тухайлбал, Ч.Номин сайдын 18.3 тэрбумыг хасах бол хуультай нь хамт оруулж ирэх ёстой. Тодруулбал, Соёлын бүтээлч ажиллагааны хуулийн 8.2, 8.3-ыг оруулж ирэх ёстой. Баталчихсан хууль байгаа. Цөөн хэдэн хүний улс төр хийж байгаа өнцгийг дэмжиж төсөв тодотгоно гээд УИХ нь хууль зөрчиж, Засгийн газартаа чиглэл өгсөн тогтоол баталж болохгүй" гэлээ.

Зарим гишүүн ингэж ярьж байгаа ч заасан хугацаанд төсвийг тодотгох нь хууль зөрчихгүй гэдгийг онцолж байгаа гишүүн ч цөөнгүй байна. Угтаа Төсвийн тухай хуулийн 34.1.2-т зааснаар “Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий гурван хувиар нэмэгдэх” нөхцөл үүсвэл төсвийн тодотгол хийх хуулийн зохицуулалттай билээ.

Хэдийгээр эрх баригчдын зүгээс ирэх арванхоёрдугаар сард багтаж төсөвт тодотгол хийнэ гэж байгаа ч энэ хугацаа сунаж магадгүй гэж зарим ажиглагчид үзэж байна. Учир нь, одоо эхлээд Ерөнхийлөгчийн нүүдлийг харах хэрэгтэй юм. Хуулиараа батлагдсан төсөвт эхлээд Ерөнхийлөгч хориг тавих эрх эдэлнэ. Төрийн тэргүүн бүхэлд нь хориг тавих, хэсэгчлэн хориг тавихаас шалтгаалан хугацаа сунана, үүнийг нь УИХ хүлээж авах зэрэг үйл ажиллагаатай холбоотой олон асуудал гарна. Тэгэхээр Ерөнхийлөгч хориг тавих эсэхээс их зүйл шалтгаалах нь ээ.

УИХ-ын дэгийн тухай хуульд,

88.1.Хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал хоригийг чуулганы үеэр ажлын 14 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална.

88.5.Гишүүд энэ хуулийн 88.4-т заасны дагуу үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хэрэв хууль, тогтоолын зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл, заалт нэг бүрээр санал хураалт явуулж дүнг танилцуулах бөгөөд хоригийг шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.

88.6.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол хууль, тогтоол хүчин төгөлдөр үлдэнэ гэж заасан байдаг.