Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

О.Батнайрамдал: Зарчмаа тусгаагүйгээс Францтай маргаан өрнөх вий

Р.Ренчиндулам

Эдийн засгийн байнгын хороонд өчигдөр /2024.11.12/ Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн/  анхны хэлэлцүүлэг өрнөж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүллээ. Тус хуралд 25 гишүүнээс 18 нь оролцож, 72 хувийн ирцтэй байлаа.

Төсөл үндсэн таван зүйлээс бүрдэж байгаа бөгөөд Байнгын хороо зүйл бүрээр нь хэлэлцлээ. Төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн зарчмын зөрүүтэй 2 санал, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин зарчмын зөрүүтэй 1 санал гаргаж, тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Төслийн 2 дугаар зүйлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав. Ж.Ганбаатар гишүүн төсөл дэх татвартай холбоотой зохицуулалт, мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар арчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг журмын дагуу тооцож, төрийн дансанд байршуулах зохицуулалтын талаар тодруулж, хариулт авав. Төслийн хүрээнд 14 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах бөгөөд цаашдаа энэ хувь өсөх тооцооллыг ажлын хэсэг тайлбарлав. Уул уурхайн компани болон орон нутгийн харилцааг тодорхой болгож, улмаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг хуульд тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг Ж.Ганбаатар гишүүн илэрхийлсэн юм.

Мөн хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал асуулт асууж, хариулт авлаа.  

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:  Хоёр тал хоёулаа өгөөжийг юу гэж авч үзсэн, түүнийгээ хоёулаа эргээд дүгнэдэг болчихвол Үндсэн хуулийн 6.2-ийг хэрэгжүүлэх боломжтой. Гэрээнд энэ талаар тусгаж байгаа юу. Энэ хурал дээр зарчмын асуудлууд яригдаж байна. Зарчмыг гэрээнд тусгах нь хэцүү. Оюутолгойн гэрээ 2009 оны аравдугаар сарын 6-нд зурагдсан. 2008 оны 10 сард УИХ-ын тогтоолоор Оюутолгойн болон Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үндсэн зарчим гэж гарсан байдаг. Тиймээс гэрээнд тусгах боломжгүй, энд яригдаад байгаа зарчмуудыг УИХ-ын тогтоолоор батлаад явах нь зөв гэж үзэж байна. Үндсэн зарчмаа анхнаасаа тохирчихвол хоёр талдаа ойлгомжтой байна байх. Энэ тал дээр ажлын хэсэг юу гэж бодож байна вэ?

АҮЭБ-ийн сайд Ц.Туваан: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2019 онд УИХ-аар батлагдсан. Энэ хуульд Баялгийн сангийн хуулийг баталж, уул уурхайн баялгаас олох орлогыг Баялгийн санд, дотор нь байгаа сангуудад төвлөрүүлж, тэндээсээ ард иргэдэд хуваарилах замаар хүртээхээр болсон. Үүний дагуу асуудлуудыг шийдвэрлээд явж байгаа. Ажлын хэсэг Оюутолгойн гэрээг зэрэгцүүлж тавьж байгаад, алдаа гаргахгүй байх тал дээр ажиллаж байгаа.

Бид олон улсад барьцгүй харагдаж байгаа тул таны яриад байгаа зарчмуудыг энэ хуульдаа тусгаад, хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн л бол тэрүүгээрээ байна. Засгийн газар дахин шинэ хуулийн орчин бүрдүүлэхгүй, гэрээгээ өөрчилж дараа нь татварын ямар нэгэн маргаантай асуудал гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа.

Энэ удаагийн хуулийн төлсийг дагаж орж ирж байгаа Татварын тухай хуульд тусгасан 4 төрлийн татвараа тогтворжуулж байгаа. Бусдыг нь ерөнхий байдлаар зохицуулна. Гээрээ УИХ-аар орж ирнэ. УИХ-ын гишүүд гэрээний заалттай танилцах эрхтэй. Гэрээтэй хамт УИХ-ын тогтоолын төсөл орж ирнэ.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: Монголын талын үр өгөөж юу байх вэ гэдэг дээр хоёр талаас хамтран ярилцсан. Хоёр төрлөөр гаргаж үзсэн. Хөрөнгө оруулагч тал өргөн хүрээгээр авч үзээд агаарын бохирдлын хураамж гээд бүх зүйлийг Монголын талын ашиг гэж үзэхгүй гэж байгаа. Товчхондоо ойлголт нэг болсон. Тухайн үед хэлэлцэж байхад Монгол талын шууд хүртэх өгөөж, Үндсэн хуульд орсон 6.2-ын заалтыг яг ингэж хэлнэ гээд тайлбарлаж чадахгүй байсан. Одоо ойлголцлын зөрүү гарахгүй. Хоёрдугаарт, манай тал гэрээний өөрийн загварыг гаргахаар дотоодын хуулийн зөвлөхүүдийг ажиллуулж, гэрээний төслөө гаргаж ирж байгаа.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Оюутолгой ч тухайн үед хоёр талаас ойлголцлоо, зарчмын хувьд асуудалгүй гээд л гэрээг байгуулж байсан байх. Гэрээнд тусгахгүй болохоор 4,5 жилийн дараа дахиад л өөр зүйл яригдах болно. Гэрээнд тусгалгүйгээр зарчмын хувьд ингэж тохирч байна гээд протоколдоод орхивол өмнөх маргаан дахиад л үүснэ. Үүнийг мэдсээр байж гэрээндээ оруулахгүй бол маш том эрсдэл үүсч байна. Францтай маргаан өрнөх вий. Ц.Туваан гишүүнээ гэрээ УИХ-аар орсны дараа тогтоолын төсөл УИХ-аар орно гэвэл энэ нь ямар ч шаардлагагүй болно. Хөрөнгө оруулалтын гэрээнд уг гэрээг байгуулахдаа УИХ-ын ....тогтоол дээр үндэслэнэ гэж удирдамж байдлаар оруулах хэрэгтэй. Тэр тогтоолд энд яригдсан зарчмууд байх шаардлагатай байна. Энэ удирдамжийн дагуу боловсруулсан хөрөнгө оруулагч талтай байгуулах гэрээний хувилбараа УИХ-д өргөн барих хэрэгтэй. Тэр үед л зарчмын дагуу гэрээ байгуулагдсан байна уу гэдгийг ярих хэрэгтэй. Ингэж л хоёр талынхаа эрсдэлийг хаах хэрэгтэй.

АҮЭБ-ийн сайд Ц.Туваан: Санал нэг байна. Хөрөнгө оруулалтын гэрээн дээр сууж байгаа. Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар оруулах байр суурьтай байгаа. Гэрээнд бүх зүйлийг тусгах болохоор тухайн үед нь байр сууриа илэрхийлээд, хяналт шалгалтаа хийгээд явж болох байх.