УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.15/ нэгдсэн хуралдаан эхэлж Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Өчигдрийн хуралдаанаар яригдсан байнгын хорооны дэмжсэн, дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар явуулах санал хураалтыг хойшлуулаад байсан юм. Тус хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй 21 санал гишүүдээс ирсэн тул санал хураалтыг өнөөдөр үргэлжлүүлсэн юм.
Ингэснээр Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэнд тооцоод эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд тус төслийг шилжүүллээ.
Сонирхуулахад, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг удахгүй УИХ-аар оруулах нь нэгэнт тодорхой боллоо. Харин дараагийн алхам нь Монгол-Францын хэрэгжүүлэх ураны төсөлтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ байх бөгөөд тус гэрээг УИХ-аар хэлэлцэх асуудал яригдаж байгаа билээ.