Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан “Хариуцлагатай уул уурхай” чуулга уулзалтыг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциаци, Өмнөговь аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж байна.
Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймаг сумдын удирдлагууд, холбогдох агентлаг, мэргэжлийн байгууллагууд, говийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компани, аж ахуйн нэгж болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, орон нутгийн иргэд зэрэг 350 гаруй оролцогчид эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөллийн талаархи мэдлэг, мэдээллийг Говийн бүсийн иргэд, байгууллагуудад зөв байдлаар хэрхэн хүргэх, хариуцлагатай уул уурхайн төслүүдийг олон нийтэд сурталчлах, төр засгийн бодлогын хүрээнд орон нутгийн шаардлагад нийцсэн оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэж байна.
Тус чуулга уулзалтыг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Өмнөговь аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа билээ.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд говийн бүсийн аймгуудыг бүсчлэн хөгжүүлж, Өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, “уул уурхай, говийн унаган байгаль, түүх, соёлын өв, палеонтологийн нөөцөд түшиглэн аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс болгон" хөгжүүлэхээр тусгасан. Тухайлбал, Өмнөговь аймагт ашигт малтмалын 80 гаруй орд, 200 гаруй илрэл тогтоогдсоноос Зүүн бүсэд Тавантолгой, Оюу толгой, Баруун бүсэд Нарийнсухайт зэрэг стратегийн ач холбогдолтой 3 томоохон орд, бусад орд газруудад нийт 17 ААНБ, 37 ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.