Р.Ренчиндулам
Монголбанкнаас гаргасан мэдээллээр бол Монгол Улсын гадаад валютын нөөц өнгөрсөн аравдугаар сарын байдлаар 4.7 тэрбум ам.доллар байгаа ажээ. Энэ нь есдүгээр сард 4.66 тэрбум ам.доллар хүртэл буурсан нөөцөөс өссөн дүн бөгөөд 2022 оны мөн үеэс өндөр байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Гэхдээ 2024 оны гуравдугаар сард гадаад валютын нөөц 5.016.3 сая ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өсч байсан билээ. Ингэж нэмэгдэхэд банкны системээр дамжин орж ирэх гадаад валютын цэвэр дотогшлох урсгал сайжирсан, гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр хадгалагдсан зэрэг үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн юм байна.
Харин Монгол Улсад аравдугаар сард импорт эрчимжиж, улирлын нөлөөллөөс шалтгаалсан валютын зардал нэмэгдсэн нь төгрөгийн ханш сулрахад нөлөөлжээ. Тиймээс аравдугаар сард Монголбанкнаас нийт 795.2 сая ам.долларыг дуудлага худалдаагаар арилжааны банкнуудад ялгаатай ханшаар нийлүүлсэн нь төгрөгийн ханшийг тогтворжуулах зорилготой байсан юм.
Хэдийгээр эерэг үр дүн гарч байгаа ч олон улсын зах зээлийн тогтворгүй байдлаас шалтгаалж гадаад валютын албан нөөцөө зургаан тэрбум ам.долларт хүргэх шаардлагатайг Монголбанкны мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Ялангуяа Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, “худалдааны дайн” эхлүүлэх магадлалтай байгаагаас шалтгаалж Азийн орнуудын валютын ханш суларч болзошгүй байгаа ажээ.
Харин Монгол Улсын гадаад валютын нөөц дорвитой нэмэгдэж чадахгүй байгаа нь импорттой холбоотой. Уг нь уул уурхайгаас жилд их хэмжээний доллар орж ирж байгаа ч эргээд гараад байгаатай холбоотой аж. Тухайлбал, өнгөрсөн сард Монгол Улс нийт 13,207.2 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн экспортолжээ. Үүний 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа юм. Харин нийт 9.579.8 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортолж, гадаад худалдааны тэнцэл 3.627.4 тэрбум ам.доллартой байгаа юм.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ талаар Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр "2024 оны тавдугаар сард валютын нөөц түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Түүнээс хойш БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн өрийн 50 хувийг төлж барагдуулсан. Оны эхнээс гурван удаа ээлж дараатай төлсөн. Оны эхэнд 12 тэрбум юанийн өр байснаас 6 тэрбум юанийн өр үлдээд байна. Тухайн үеийн ханшаараа бараг 2 тэрбум ам.долларын өр бичигдээд явж байсан бол 6 тэрбум юанийг өнөөдрийн ханшид шилжүүлбэл 800 сая ам.долларын өр болж буурсан. Энэ асуудал валютын нөөц өсөөгүйн нэг шалтгаан болох байх. Мөн нэлээн том шалтгаан нь импорт 26 хувиар, экспорт 6 хувиар өссөн. Импорт дээр ирж байгаа дарамт нь валютын нөөц өсөхгүй байх шалтгаан болж байгаа. Мөн хэрэглээн дээр өсөлт бий. Тухайлан нэг бүтээгдэхүүний хэрэглээг ярихад оны эхний найман сарын байдлаар 85 мянган авто машин импортолсон байна. Өмнөх жилүүдэд 50-60 мянган машин оруулж ирдэг байсан бол энэ онд зөвхөн эхний найман сарын байдлаар дээрх тооны автомашин импортолсон байна. Импорт нэмэгдэж байгаа нь валютын нөөц өсөхгүй байхад сөрөг нөлөө үзүүлж байгаа. Монголбанкнаас оны эцэст валютын нөөцийг 4.8-4.9 тэрбумын хооронд байна гэж төсөөлж байгаа. Тэгэхээр валютын нөөц тогтвортой, өндөр хэмжээнд байна" гэдэг хариулт өглөө.
Түүнчлэн гар утас, тансаг эдлэл зэрэг бараа бүтээгдэхүүн ч валютыг гадагшаа “урсгахад” нөлөөлж байгаа билээ.