Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ өсөн нэмэгдсэнтэй холбогдуулан манай улс ОХУ-аас сард 110,000 тонн Аи-92 автобензин, 65,000 тонн дизель түлш импортлох захиалга өгч, энэ хүрээнд өдөр бүр хилийн боомтуудаар шатахууны импорт тасралтгүй нийлүүлэгдэж байна. Тухайлбал, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 07-ныг хүртэлх хугацаанд 295 вагон Аи-92 автобензин буюу 18,000 тонн /9 хоногийн нөөц/, 462 вагон дизель түлш буюу 27,700 тонн /9 хоногийн нөөц/ импортоор орж ирээд байна. Нийт нөөцийн хувьд, улсын хэмжээнд Аи-92 автобензин 22 хоног, дизель түлш 27 хоногийн үлдэгдэл, нөөцтэй байна.
“Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр талууд эцэслэн баталсан. Хэлэлцээрийн дагуу Монгол Улсад импортлох шатахууны импортын захиалгыг тасралтгүй, тогтвортой нийлүүлэхээр болсон бөгөөд ОХУ дэлхийн улс орнуудад экспортын хориг тавьсан ч энэ хоригт Монгол Улс багтахгүй учраас шатахууны хомсдол, доголдол үүсэх эрсдэлгүй ажээ.
Монгол Улс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 2,360,042 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсноос А-80 автобензин 4,834,00 тонн, Аи-92 автобензин 701,970 тонн, Аи-95/98 автобензин 15,555 тонн, дизель түлш 1,371,045 тонн, ТС-1 /онгоцны түлш/ 66,184 тонн, Жет А-1 түлш 16,636 тонн, бусад бүтээгдэхүүн 183,800 тонн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.
Эх сурвалж: АМГТГ