Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуульд заасан үндсэн эрхийнхээ хүрээнд УИХ-аас баталсан 2025 оны улсын төсөв болон төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулан баталсан бусад хууль тогтоомжуудад дараах хэд хэдэн үндэслэлээр бүхэлд нь хориг тавилаа.

УИХ нь 2024.11.08-нд улсын төсвийн хуулийг баталсан. Баталсан өдрөөс хойш 11 хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 19-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн. Судалж үзээд 2025 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавилаа. Хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Г.Занданшатар:

-Хууль тогтоолд хориг тавих тухай Үндсэн хуулийн 33.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.8 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан баталсан хууль тогтоомжид дараах үндэслэлээр бүхэлд нь хориг тавьж байна.

Нэгдүгээрт, гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзсан, валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлж, өрийг бууруулах алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй. Олон улсын стратегийн нөхцөл байдал хэлбэлзэлтэй цаг үед үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй, хөгжилд хөтөлсөн төсөв батлах нь нийт ард иргэд, улсын ашиг сонирхолд бүрэн нийцнэ. Энэ нь эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хохирол багатай даван туулах, нөөц, боломжийг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах, иргэд, ААН, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болно.

УИХ 2025 оны төсвийн төслийг батлахдаа төсвийг үр ашигтай хэмнэлттэй байлгах, олон нийтэд нээлттэй байлгах, нийтэд ойлгомжтой бөгөөд хүртээмжтэй байдлаар мэдээлэх, зорилт нь макро эдийн засгийн татвартай орчныг бүрдүүлэх, инфляцыг хязгаарлахад чиглэсэн байх, төсвийн хөрөнгийн хуваарилалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх зэрэг заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ байдал нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байгаа тул бүхэлд нь хориг тавьж байна. 

Мөн УИХ-аар саяхан баталсан Засгийн газрын 2024-2028 оны төлөвлөгөөнд тусгасан төвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангаж ажиллахыг сануулъя.

Монгол Улсын төсвийн тухай хууль тогтоомжууд нь хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн заалтыг зөрчиж байна. Тодруулбал, Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголыг төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлнэ гэж хуульд заасан байдаг. Гэтэл 2025 оны төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй байхад УИХ нь төсөвт тодотгол хийхээр тогтоол баталж байгаа нь хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн заалтыг зөрчих нөхцөлийг бий болгож байна. Тиймээс төсвийн тухай хуулийг дахин засаж залруулж, батлахыг үүрэг болгоё.

Дээрх хоригийг УИХ-ын Тамгын газарт хүргүүллээ. 

Сонирхуулахад, Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсан тохиолдолд УИХ ажлын 14 хоногийн дотор хоригийг хэлэлцдэг хуультай. Хэрэв УИХ-ын олонх буюу 66,6% нь хоригийг хүлээж авахгүй бол хориг үйлчлэх боломжгүй. Хэрэв хоригийг хүлээж авбал дахин төсөв боловсруулж, батлах юм. 

УИХ-ын дэгийн тухай хуульд,

88.1.Хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал хоригийг чуулганы үеэр ажлын 14 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална.

88.5.Гишүүд энэ хуулийн 88.4-т заасны дагуу үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хэрэв хууль, тогтоолын зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл, заалт нэг бүрээр санал хураалт явуулж дүнг танилцуулах бөгөөд хоригийг шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.

88.6.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол хууль, тогтоол хүчин төгөлдөр үлдэнэ гэж заасан байдаг.