Эрчим хүчний салбараас анх 2000 онд үйл ажиллагаа эхэлж, уул уурхай, барилга угсралт, мэргэжилтэй ажилчин гагнуурчин бэлтгэх сургалт болон гадаад, дотоод худалдааны чиглэлээр өргөжин тэлсэн "Хасу Мегаватт" ХХК-ийн Ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер Ж.Түмэн-Аюуштай ярилцлаа. Үндэсний компани өргөжин тэлэхэд гадаадын хөрөнгө оруулагч Оюу толгой компанийн нөлөө үлэмж их байсныг тэрбээр яриандаа онцолсон юм.
"Хасу Мегаватт” компани Өмнөговьд "Оюу толгой" төслийн үйл ажиллагаа эхэлсэн цагаас уурхайн кэмпийн дулаан хангамжийг хариуцан ажилласан бол өнөөдөр гүний уурхайн бүтээн байгуулалт, боловсон хүчний сургалт зэрэг олон чиглэлд нь хамтран зүтгэгч, урт хугацааны Стратегийн гэрээтэй дотоодын компаниудын нэг болжээ.
Эрчим хүчний салбарын хувийн компаниа анх байгуулсан гэхээр Та эрчим хүчний инженер мэргэжилтэй байх нь ээ?
Тийм ээ. Би эрчим хүчний инженер мэргэжилтэй. Анх Дарханы техникум төгсөж мэргэжлээрээ ажиллаж байгаад дараа нь ШУТИС-ийг Зуухны инженер мэргэжлээр 1991 онд төгссөн. Миний сургалтын сүүлийн хоёр жилийн төлбөрийг ДЦС-3 станцаас төлж, төгсөнгүүт А.Тлейхан дарга намайг ажилд авсан юм.
Төгсөөд ДЦС-3-т зуухны хяналтын инженерээр ажилласан. 1994-1998 онд ДЦС-3 ТӨХК-ийн БКЗ-220-100 зуухны шинэчлэлтийг Италийн АВВ компанитай хамтарч хэрэгжүүлэхэд төслийн удир- дагчаар ажилласан. Ингээд 1998 онд хувьчлагдах үед Монгол-Оросын хамтарсан эрчим хүчний анхны хувийн компанид ерөнхий инженерээр ажиллах болов. Тухайн үед тус компанид 200-300 оросууд ажиллаж байлаа.
Хоёр жилийн дараа бид 30%, Оросын тал 70%-тайгаар Орос, Монголын хамтарсан "Мегаватт" компанийн охин компанийг байгуулж байв. 2005-2007 онд Японы хөнгөлөлттэй зээлээр ТЭЦ-4-д эрчим хүчний хэмнэлтийн төсөл хэрэгжүүлэхэд төслийн удирдагчаар ажилласан. Ингэж эрчим хүчний салбарт тасралтгүй ажилласаар 2011 онд компанийн хувьцааг 100% эзэмшиж, бие даасан "Хасу Мегаватт" компаниа удирдаж эхэлсэн түүхтэй.
Монгол орон хүйтэн сэрүүн уур амьсгалтайн дээр эрчим хүчний хангам- жийн хувьд дутагдалтай. Таны ажиллаж байх үе өвөлдөө гал алдаж мэдэх хамгийн хүндхэн цаг үе байсан даа?
Социализмын үед эрчим хүчний салбар нь улс ардын аж ахуйгаасаа 10 жилээр түрүүлж явах ёстой гэсэн онолтой байв. 1991 оноос эхлэн Монголын эрчим хүчний салбар тэр чигтээ Оросын тоноглолтой, дийлэнх нь орос мэргэжилтнүүд ажиллаж байсан. Би ДЦС-3-ын инженерээр 1991 онд ирэхэд Оросын сүүлийн мэргэжилтэн нутаг буцаж байлаа. Монголчууд өөрсдөө эрчим хүчний салбараа авч явах үүрэг 1991 оноос эхлэлтэй. Тэр үүрэг нь бидэнд ногдож байв.
1990-ээд оны зах зээлийн нийгэмд шилжих үед Оросын зуухнууд хуучирч муудсан. Сэлбэх тоноглол олдохгүй, Улаанбаатар хот хөлдөх эрсдэлд орчихсон амаргүй үе байлаа. Олдохгүй тоног төхөөрөмжүүдийг айлын хашаагаар хэсэж олж авдаг байсан үе бий. Энэ үед эрчим хүчний салбарт шинэчлэл хийх, зуухнуудын насжилтыг уртасгах хэд хэдэн томоохон төсөл хэрэгжиж, төслүүдийг удирдан ажиллаж улмаар зорилгодоо хүрсэн.
Манай улс эрчим хүчээ үйлдвэрлэсэн өртгөөс хямд үнээр хэрэглэгчдэд нийлүүлж байна. Энэ салбарын хүний хувьд Та ямар бодолтой байдаг вэ?
Тарифаа л нэмэх ёстой шүү дээ. Засгийн газар ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөртөө эрчим хүчний салбарт реформ хийхээр тусгасан нь улс орноо бодсон маш зөв зүйтэй шийдвэр. Одоо л зоригтой, тууштай ажиллах хэрэгтэй.
Хувийн хэвшилд шилжсэнээр Таны удирдсан баг Монгол Улсынхаа эрчим хүчний салбарт нэвтрүүлсэн шинэ технологи, амжилт нь юу байсан бэ?
"Хасу Мегаватт" компани Монгол Улсын эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн засвар угсралт, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэдэг. Бид 2013- 2014 онд нийслэлийн Баянгол дүүрэгт ДЦС-4 ТӨХК-ийн коллектороос БҮК 2-ын салаа хүртэл 1Ф1200 мм-ийн 2.5 км шугамыг шинээр угсрах ажил хийж гүйцэтгэсэн.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсад 1200 мм- ийн диаметртэй дулааны шугам хоолойг анх нэвтрүүлсэн юм. Энэхүү ажлыг гүйцэтгэж, 1000 мм-ийн диаметртэйг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн хүмүүс бүгд Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн.
2014 онд ДЦС-4 ТӨХК-ийн турбиныг 100МВт-р өргөтгөх ажилд фундамент цутгах, шат тавцан үйлдвэрлэх, угсрах, барилга угсралтын ажилд ОХУ-ын "Союз" корпорацийн туслан гүйцэтгэгчээр ажилласан гэх мэтээр дурдвал сүүлийн 20 гаруй жилд Монгол Улсын эрчим хүчний салбарт зуухны их засвар, засвар үйлчилгээ, станц болон шугам сүлжээний барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байна.
Одоогоор бид Оюу толгой компанийн эрчим хүчний эх үүсвэрийн найдвартай ажиллагааг ханган, хэрэглэгчдийг тасралтгүй эрчим хүчээр хангаж байна. Монгол Улсынхаа эрчим хүчний салбарт тодорхой хэмжээнд өөрчлөлт, шинэчлэлтийг эхлүүлж, дэлхийн шилдэг компаниудтай хамтран ажиллаж, хамтдаа хөгжиж байна.
Дэлхийн ямар ч улс оронд уул уурхай, эрчим хүчний салбарт энэ тэргүүнд тавигддаг нэг зүйл бол хөдөлмөр хамгаалал. Тэр ч утгаар Оюу толгой компанитай хамтран олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн баталгаажуулж байна. Бид 2016 онд ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцооны стандарт, MNS OHSAS 18001:2012 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартуудын баталгаажуулалтын гэрчилгээг гардан авч үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн. 2022 оноос ISO 45001:2018 ХЭМАБ-ын менежментийн стандартын гэрчилгээг гардан аваад амжилттай ажиллаж байна.
ҮНДЭСНИЙ КОМПАНИУД ЗАСВАР, УГСРАЛТЫН АЖЛАА ИЖ БҮРНЭЭР НЬ ГҮЙЦЭТГЭХ ЧАДАМЖТАЙ БОЛСОН
"Хасу Мегаватт" эрчим хүчний суурьтай компани. Харин уул уурхайн салбартай анх хэрхэн холбогдсон түүхээсээ сонирхуулаач?
Би хоёр зүйлийг онцолж хэлмээр байна. Бидний хувьд уул уурхайн салбарт ажилласан туршлага байхгүй, энэ талаар ойлголтгүй байсан. Гэхдээ бид азтай хүмүүс гэж хэлэх дуртай. Хийх ажилтайгаа төрсөн хүмүүс л азтай байдаг юм. Хэрэв хийх ажилгүй бол бид юугаараа өөрсдийгөө таниулж, үнэлэгдэх билээ дээ.
Миний хувьд эрчим хүчний том төслүүд дээр тасралтгүй ажилласаар өнөөг хүрчээ. Явцын дунд буюу 2006 онд Оюу толгой компани анх Монголд орж ирэхэд манай компани Өмнөговь аймаг дахь төслийн талбайд халаалтын жижиг зуухны байгууламжийг барьж, ашиглалт, засварыг хариуцах үеэс бидний хамтын ажиллагаа эхэлсэн.
Мен Оюу толгой уурхайн Кэмп байгуулахад агуулахын байр, ажилчдын байрны өргөтгөлүүд, Оюу толгойн талбайн оффис, эмнэлэг, сургалтын төв зэрэг байгууламжуудын бүтээн байгуулалтад анхнаас нь оролцсон. Цаашлаад эрчим хүчний байгууламжуудыг барьж, уурхайн талбайг дулаанаар хангах ажлыг хариуцсан. Уурхайн үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, 2012 онд Оюу толгойд 72 МВт-ын эрчим хүчний том станц баригдсанаар манай компани ашиглалт, засварыг хариуцаж ажиллаж эхэлсэн. Анх жижиг зуухуудын ашиглалт, засвар үйлчилгээ хариуцаж байсан манай бригад том зуухны ашиглалт, засварын ажил руу орсон.
Төслийн бүтээн байгуулалт, байгууламжууд тэлснээр явцын дунд дулааны станцыг 130 МВт болгож өргөтгөл хийсэн. Энэ станцын том хэрэглэгч нь Гүний уурхай. Гүний уурхайн босоо нэвтрэлт эхэлснээс хойш хөндлөн нэвтрэлтүүд тэлэхийн хэрээр дулаан, эрчим хүчний хэрэгцээ өсөн нэмэгдсээр байна. Энэ бол Тавантолгойн эрчим хүчний нүүрсэн "тэжээлтэй", зөвхөн дулаан үйлдвэрлэх станц юм.
Бас нэг онцлог гэвэл, манай компани 2005 оноос "Оюу толгой" төсөл дээр "Редпаф" компанитай хамтын ажиллагаа эхлүүлж, механик чиглэлийн мэргэшсэн боловсон хүчин бэлтгэн, хамтарч ажиллаж эхэлсэн. Хамтын ажиллагаа өргөжин тэлж, бэлтгэгдсэн ажилтнууд маань чадамж сайтай, даалгасан ажлуудыг сайн хийснээр харилцаа улам өргөжин тэлсэн.
Ингээд бид 2015 онд уул уурхайн салбарын дэлхийн шилдэг бүтээн байгуулагч Канадын "Редпаф" компанитай хамтарсан "Даян Контракт Майнинг" компаниа байгуулж, тухайн үеийн "Айвенхоу Майнз"-ийн "Оюу толгой" төсөлд ажиллаж эхэлснээр уул уурхайн салбарт орсон түүхтэй. Оюу толгойн анхны босоо ам ухаж эхлэхэд манай ажилчид хамт орсон бол өнөөдөр уурхайн 1300 метрийн гүнд, хөндлөн малталт дээр ч уурхайчин залуус маань ажиллаж байгааг хэлэхэд бахархалтай байна.
Эрчим хүч, уул уурхайн салбарын аль аль нь маш хариуцлагатай, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг өндөр түвшинд мөрддөгөөрөө ижил төстэй болов уу?
Тийм шүү. Эрчим хүчний салбарынхан ер нь хариуцлагатай хүмүүс. Бид цэрэгжилтийн зохион байгуулалттай ажилладаг байж. Тийм хариуцлага өндөртэй хүмүүс Оюу толгойд, уул уурхайн салбарт хэрэгтэй байсан.
Дэлхийн өндөр түвшинд хүрсэн уул уурхайн компаниудтай хамтарч ажилласны үр дүнд тэдний соёл, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа зэрэг маш их зүйлд суралцсан, тэр хэрээр үндэсний компаниуд чадавхжсан гэдгийг үүгээр хэлж байгаа юм.
2011 оноос эхлэн Оюу толгой компанитай хийсэн гэрээний зэрэглэл өөрчлөгдөж, урт хугацааны Стратегийн гэрээ байгуулсан. Төслийн талбай болон төслийн үйл ажиллагааны усан хангамж, цахилгаан хангамж, дулаан хангамж гэсэн хэзээ ч тасалдаж болохгүй, нэн чухал байгууламжуудыг хариуцан ажилладаг Монголын компаниудтай Оюу толгой компани урт хугацааны Стратегийн гэрээ байгуулсан. Тэр компаниудын нэг нь манайх болсон. "Оюу толгой" төслийн дулааны байгууламжийн үйл ажиллагаa болон их засвар, гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлууд дээр манай нарийн мэргэжлийн, өндөр зэрэглэлтэй 450 гаруй ажилтан ажиллаж байна. Ажилтнуудын тоо бүтээн байгуулалтын улиралд нэмэгддэг.
Цар тахлын үед Та бүхэн ямар нөхцөлтэй ажилласан бэ?
Ковидын үед үндэсний компаниудад боломж нэмэгдсэн. Хил хаагдсан тул гадаадаас авдаг байсан нарийн мэргэжлийн үйлчилгээг авахад хүндрэл гарсан. Жишээлбэл, Оюу толгойн дулааны станцын эргэлдэх буцлах давхаргад шаталттай (CFB) зуухны технологийн ноу-хаутай, дунджаар 1000 градус температуртай горимд ажилладаг, элэгдэлд тэсвэртэй дулаан тусгаарлах давхаргыг шинэчлэх засварын ажлыг Хятадын нарийн мэргэжилтнүүд ирж гүйцэтгэх боломжгүй болсноор маш их цаг хугацаа алдах эрсдэл үүссэн.
Манай залуучууд Ковидоос өмнө Хятадын мэргэжилтнүүдэд туслан ажиллаж байхдаа арга технологид суралцсан туршлага дээрээ тулгуурлан уг дулаан тусгаарлах давхаргыг анх удаа Э.Ганхөлөг захиралтай төслийн багийнхан амжилтай хийж гүйцэтгэсэн.
Ингэснээр "Оюу толгой" төсөлд ихээхэн цаг хугацаа болон өртөг хэмнэсэн. Мөн орос технологийн зуухны их засвар хийж гүйцэтгэдэг ур чадвар, туршлагаа нэмэгдүүлж байна. Сүүлийн үед манай улсын эрчим хүчний эх үүсвэрүүдэд түгээмэл ашиглаж буй хятад технологийн CFB төрлийн зуухны их засварыг ч цогцоор нь бүрэн хийх чадамжтай болсон.
Манай компани одоо Хэнтий аймгийн дулааны станцын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна. Тус станц нь мөн хятад технологийн CFB төрлийн 3 зуух суурилуулах бөгөөд бид "Оюу толгой" төслөөс суралцсан туршлага, чадамж дээрээ үндэслэн уг зуухны нарийн технологийн дулаан тусгаарлагчийг хийхээр ажиллаж байна.
Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь MCS группийн "Ухаахудаг" дулааны цахилгаан станцын зуухны засварын ажил дээр манай засварын баг мөн энэ төрлийн CFB зуухны дулаан тусгаарлагчийг шинэчлэх ажлыг гүйцэтгэж, 2024 оны 10 дугаар сарын 14-ний сүүлийн 3 дахь зуухны засварын ажлыг эхлүүлж байна.
Ингэснээр эрчим хүчний эх үүсвэр, байгууламжууд дээрээ үндэсний компаниуд засвар, угсралтын ажлаа иж бүрнээр нь гүйцэтгэх чадамжтай болж байна.
"Хасу Мегаватт"-ын охин компани "Хасу Даян" ХХК орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх шийдвэрийг яагаад гаргах болсон бэ?
Засгийн газраас дэвшүүлж буй Бүсчилсэн хөгжлийн бодлого, мөн Оюу толгой компанийн орон нутгаа хөгжүүлж, чадавхжуулах стратегитай бидний үйл ажиллагаа нийцэж байна. Тиймээс 2023 онд Өмнөговь аймагт бүртгэлтэй орон нутгийн "Хасу Даян" компаниа байгуулсан.
Ингэснээр орон нутагт ажлын байр бий болгох, татвар хураамжаа орон нутагтаа төлөх зэргээр бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулаад байна. Бид Оюу толгой компанитай гэрээт компани байсан бол хамтын ажиллагааны цар хүрээ тэлснээр 2021 оноос гэрээт түншлэгч байгууллага болсон. Орон нутагт үйлдвэрлэлээ явуулснаар стратегийн урт хугацааны түншлэл маань улам үр дүнтэй үргэлжлэх боломж бүрдэж байна л даа.
ИМПОРТЫГ ОРЛОХ З ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖ БАЙНА
Та бүхэн одоо ямар төслүүд дээр төвлөрч ажиллаж байна вэ?
"Даян Контракт Майнинг" компани Оюу толгой компанийн Гүний уурхайн бүтээн байгуулалтад ажиллаж байна. Газрын гадаргаас доош босоо нэвтрэлт хийж, доор ороод хөндлөн нэвтрэлт хийдэг. Нэвтрэлт хийсний дараа газрын гүнд хүн, машин техник ажиллах боломжийг хангах бүтээн байгуулалт буюу ус, хий, агаар гэх мэт дэд бүтэц, уул уурхайн үйлдвэрлэл явагдах бэлтгэл ханган тоноглох барилгын ажлууд өрнөдөг. Энэ ажлын бүтээн байгуулалтыг манайхан хариуцдаг. Гүний уурхайн хүдрийн олборлолтын юүлүүрүүд болон замын барилга угсралтын ажил дээр манай оролцоо түлхүү байдаг. Оюу толгойн гүний уурхай өвлийн улиралд дулааны эрчим хүчээр тасралтгүй хангагдах ёстой.
Оюу толгойн хамгийн том 1300 метр орчим гүнд хүн болон материал, техник оруулж гаргах, хүдрийг газрын гадарга руу татах, хоёрдугаар босоо амыг өргүүрийн цамхгийн байгууламжуудын хамт цогцоор нь бүтээн байгуулах нүсэр ажлыг "Даян контракт майнинг" компанийн уурхайчид маань гардан гүйцэтгэж ажиллалаа. Хүдрийг газрын гадарга руу гаргах, хүн болон машин механизмыг уурхайн гүн рүү хүргэх босоо ам бүтээн байгуулах нь нүсэр ажил.
Манай компани 2008 оноос эхлэн "Оюу толгой” төсөлд гүний уурхайн төрөл бүрийн төмөр хийц, эд ангиудыг дотооддоо үйлдвэрлэн, нийлүүлж ирсэн. Уул уурхайн бүтээн байгуулалтыг даган их хэмжээний төмөр хийц хэрэгтэй. Тэр бүх төмөр хийц, эд ангиудын дийлэнхийг дотооддоо орон нутагт үйлдвэрлэх зорилгоор төмөр хийцийн үйлдвэр байгуулах сууриа тавиад байна.
Бид уурхайгаа түшиглэн Өмнөговь аймагт үйлдвэрлэл явуулах зорилттойгоор хөрөнгө оруулалт хийн, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж байна.
Үйлдвэрүүдээ хаана байгуулж байна вэ?
Үйлдвэрийн нэг нь Өмнөговь аймгийн Даланзадгадад, нөгөөх нь "Оюу толгой" төсөл хэрэгжиж буй Ханбогд суманд байх юм. "Оюу толгой" төсөл орон нутгийг урт хугацаанд өөрийгөө хөгжүүлэх чадавхтай болгох стратегитай. Энэ хүрээнд "Монголд үйлдвэрлэе" гэсэн зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтод нь нийцүүлэн манай компани уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай инженерчлэл шингэсэн, нарийн технологи ноу-хау орсон төмөр хийцүүдийг дотооддоо үйлдвэрлэж байна. Орон нутагт үйлдвэрлэл явуулж, чадавхийг бэхжүүлэх, гүний уурхайн бүтээн байгуулалтад зориулагдсан төрөл бүрийн төмөр хийцүүдийг дэргэд нь үйлдвэрлэн нийлүүлэх зорилготой.
Та бүхэн энэ олон ажлыг яаж нэгэн зэрэг явуулж, амжилттай ажиллаж байна вэ?
Бидний сургаж бэлтгэсэн үндэсний чадварлаг боловсон хүчин түрэн гарч ирж, чиглэл тус бүрээр багаа удирдан амжилттай ажиллаж байна. Манай компаниудыг мэдлэг, боловсрол өндөртэй чадварлаг залуус удирдаж, эхлүүлсэн ажлыг маань хөгжүүлээд авч явааг харахад баяртай байна. Тэдгээр манлайлагч залуусын нэг нь "Хасу Даян" компанийн Э.Ганхөлөг захирал.
"Оюу толгой" төсөл дээр манай хамтарсан "Даян Контракт Майнинг" компани гадны мэргэжилтнүүдийг урьж ажиллуулдаг. Энэ жил гүний уурхайн барилгын төслийг удирдах гадаад менежерийг богино хугацаанд авчрах боломжгүй болсон.
Бид энэ намар удирдлагын багаараа Өмнөговь аймаг дахь төслүүдтэй танилцаад ирлээ. Мөн энэ үеэр Оюу толгой компанийн удирдлагуудад үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн болон импортын зарим бүтээгдэхүүнийн Дотооддоо үйлдвэрлэх боломжтой болохыг танилцуулсан. Ингэснээр хоёр талдаа хэрэгтэй. Том оврын төмөр хийц, эд ангиудыг импортоор оруулж ирэхэд тээвэрлэхэд хүндрэлтэй, бас эрсдэлтэй. Харин тэдгээрийн түүхий эд болох төмрийг оруулж ирэхэд овор багатай. Түүгээрээ Өмнөговь, Ханбогддоо үйлдвэрлэе гэсэн санал тавьж байна.
Үйлдвэртээ орон нутгийн иргэдийг сурган ажиллуулж, чадавхаа улам бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой. Үйлдвэрлэл дагасан татвар хураамжууд орон нутагтаа төлөгдөнө. Бүс нутгийг хөгжүүлэх Засгийн газрын бодлогын хүрээнд бүх оролцогч талууд эвлээд хөдөлбөл, Өмнөговь аймагт маш их боломж байгааг манай залуучууд олж хараад урам зоригтой ажиллаж байна. Манай улс ихэнх хэрэглээгээ гаднаас худалдан авч байна. Одоо үйлдвэрлэгч болохын төлөө үндэсний компаниуд дорвитой алхам хийе гэж зорьж байна.
2008 онд бид анх төмөр хийцийн үйлдвэр байгуулсан. Тухайн үед оросууд буцчихсан, Оросоос эрчим хүчний төмөр хийц, эд ангиуд оруулж ирэх боломж байсангүй. Тиймээс төмөр хийц, эд ангиудаа дотооддоо үйлдвэрлэе гэж байгуулсан үйлдвэр юм. Зах зээлийн эрэлт хэрэгцээгээ дагаад уул уурхайн төмөр хийц, эд анги үйлдвэрлэгч болон өргөжиж байна. “Хасу Мегаватт" компани улсдаа импортыг орлох чадамж бүхий 3 үйлдвэр байгуулж байна.
СУРГАЛТ БОЛ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭС СУУРЬ
"Xacy Мегаватт" компани Яагаад гагнуурчин бэлтгэх сургууль байгуулах болов. Энэ сургууль жилд Хэчнээн мэргэжилтэн бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд гаргаж байна вэ?
Сургалт бол манай бүх үйл ажиллагааны үндэс суурь. Манай компани жилдээ 150-200 ажилтнаа уул уурхайн салбарт алддаг байв. Бэлдсэн хүмүүсээ бусад салбарт алдаад байх тийм сайхан биш. Сүүлдээ гагнуурчин болох төрөл бүрийн мэргэшсэн ажилтан бэлтгон Герман-Монголын хамтарсан Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг 2012 онд байгуулсан. Жилд 200-250 мэргэшсэн ажилтан бэлтгэж байна.
Манай төгсөгчид маш сайн ажиллаж байна. Гагнуурчдын ур чадварын олон улсын тэмцээнд манай төгсөгчид 4 удаа түрүүллээ. Олон улсын түвшинд ур чадвараараа шалгарсан гагнуурчдыг бэлтгэн гаргаж байгаа нь бидний бахархах зүйлсийн нэг мөн. Гагнуурын чиглэлээр олон улсын 6 стандартыг үндэсний стандарт болгон батлуулсан. Энэ бол амаргүй, урт хугацааны ажил л даа.
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээр /GIZ/ дамжуулан сургууль Дээрээ төсөл хэрэгжүүллээ. Саяхныг хүртэл манайхан Орос, Хятадын тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байсан бол энэ төслийн үр дүнд сургалтдаа дэлхийн шилдэг Panasonic, Lincolin, Miller зэрэг брэндүүдийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна.
Компанидаа хөгжлийн бэрхшээлтэй олон хүн ажиллуулдаг юм байна. Ямар ажлын байруудад түлхүү ажиллаж байгаа бол?
Манай компанид хөгжлийн бэрхшээлтэй 20 гаруй хүн ажиллаж байна. Тэдгээр хүмүүс өөрсдийн онцлогт тохирсон ажлыг хийдэг. Японы ЖАЙКА байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах төсөл хэрэгжүүлдэг. Энэ төслийнхөн манай байгууллагад ирээд "20 хүн ажиллуулдаг компани Япон улсад ч байхгүй" гэж бидэнд баяр хүргэсэн. Саажилттай, ярих чадваргүй гэх мэт онцлогтой хүмүүсийг оффисын үйлчлэгч, засварчин, гагнуурчин гээд олон төрлийн ажил мэргэжилд сурган ажиллуулж байна. Тэд ажилдаа маш үнэнч, тууштай. Ар гэрийнхэн нь ч бидэнд талархлаа илэрхийлж байдаг.
Орон нутаг дахь үйлдвэрийнхээ дэргэд уурхайн ажилчдыг сургаж, мэргэжил дээшлүүлэх Сургалтын төв байгуулж байна гэж дуулсан?
Тийм ээ. Уурхайгаа түшиглэн Ханбогд суманд сургалтын төвийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Уул уурхайн машин техник, тоног төхөөрөмж элэгдэнэ, эвдрэл гарна. Шинэ тоног төхөөрөмжүүд нэвтэрнэ. Тэгэхээр тасралтгүй сургалт явагдана. Тиймээс "Оюу толгой" төслийн ажилтнуудыг Даланзадгад, Ханбогд, Улаанбаатар гээд байгаа газарт нь сургаж байна. Хүндрэлүүд гарна, гэхдээ юу хийх нь тодорхой байхад гарсан дутагдал, доголдлыг шийдэх боломжтой.
Гүний уурхай бол Монголд шинэ. Оюу толгойн зөвхөн Гүний уурхайд хоногийн хоёр ээлжинд 1600 гаруй уурхайчин ажиллаж байна. Тэдэн дунд барилгачин, уурхайчин, нэвтрэлт хийдэг уурхайчин, хүдрийг татдаг гэх мэт маш олон төрлийн уурхайчин байна. Манай хамтрагч "Редпаф Монгол" компани сүүлийн 20 жилд Монголын гүний уурхайчдыг бэлтгэсэн гавьяатай. Анх манай уурхайчдад үйл хөдлөл бүрийг нь зааж байсан бол одоо монголчууд гүний уурхайд бие даан ажиллах чадавхтай болсон.
Энэ бол тасралтгүй явагдсан сургалтын үр дүн. Газрын гүнд уурхайчин нь уурхайчнаа сургаж байна. Бид бол төмрийг төмөртэй нийлүүлэх, өндөр даралтад тэсвэрлэж чадах чанартай бүтээгдэхүүн гаргах сайн гагнуурчдыг бэлтгэж гаргадаг.
Хийж бүтээж буй ажлынхаа талаар цаг гаргаж дэлгэрэнгүй ярилцлага өрнүүлсэн Танд баярлалаа.