Мексикт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ нэмэгдүүлэх санал батлагдвал ирэх хоёр жилийн хугацаанд 6.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг зогсоож болзошгүй гэж тус улсын Уул уурхайн танхим пүрэв гарагт мэдэгдлээ.
Өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн төсвийн төслийн хүрээнд сүүлийн жилүүдэд металлын үнэ өссөн гэх үндэслэлээр Мексикийн засгийн газар АМНАТ-ийг нэмэгдүүлэх санал гаргасан.
Тус улсын Засгийн газар хоёр тусдаа АМНАТ-ийг нэмэгдүүлэх санал гаргасан: нэг нь 7.5% -аас 8.5%, нөгөө нь 0.5% -иас 1.0% болгох.
“Нэгэнт зогсонги байдалд орсны улмаас хөрөнгө оруулалт багассан тус салбарт татвар нэмэх нь сөрөг нөлөө үзүүлнэ” гэж Уул уурхайн танхим мэдэгдэлдээ дурджээ.
Конгресс өнгөрсөн жил концессын хугацааг 50 жил байсныг 30 жил болгон богиносгож, усыг уул уурхайн үйл ажиллагаанд ашиглах зөвшөөрлийг чангатгасан. Мөн ил уурхайг ашиглахыг хориглох гэсэн өөр нэг хуулийн төслийг хэлэлцэж байгаа.
“Нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх, олборлолтын болон хайгуулын зөвшөөрөл олголтыг хязгаарлах зэрэг саад бэрхшээлүүд ойрын хоёр жилд уул уурхайн шинэ төслүүдэд 6.9 тэрбум долларын хөрөнгө оруулахыг зогсоож магадгүй юм.” гэж Уул уурхайн танхим Ройтерс агентлагт мэдэгдэв.
Мексик бол дэлхийд мөнгө, зэс, алтны олборлолтоор тэргүүлдэг. Уул уурхайн салбар нь улсын дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 2.5 орчим хувийг бүрдүүлдэг.
Гэхдээ татварын нэмэлт дарамт нь Мексикийг Чили, Перу, Канад зэрэг томоохон үйлдвэрлэгчидтэй харьцуулахад хөрөнгө оруулах сонирхолгүй болгож болзошгүй.
Уул уурхайн танхимд Grupo Mexico, Minera Autlan, Industrias Penoles, Newmont’s Penasquito зэрэг улсын томоохон уул уурхайн компаниуд ордог.
Линк: https://www.mining.com/web/mexicos-proposed-higher-mining-royalties-could-block-nearly-7bn-in-investments/
Огноо: 2024/11/21
Эх сурвалж: mining.com