Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Дэлхийн дизель түлшний эрэлт буурах магадлалтай байна

Р.Ренчиндулам

Олон улс дахь дизель түлшний эрэлт цаашид буурах төлөвтэй байгаа нь дэлхийн эдийн засгийн салбарт нөлөө үзүүлдэг түлшний хувьд ховор үзэгдэл хэмээн “Transport topic”-т онцолж байна.

Хэдийгээр Парист төвтэй Олон улсын эрчим хүчний агентлаг дизель түлшний эрэлт буурахгүй хэмээн мэдээлж байсан ч нөхцөл байдал эсрэгээр эргэлээ. "Дизель түлш газрын тосны эрэлтийн өсөлтөд нөлөөлөгч түлш байхаа больж байна. Ирэх жил эрэлт нэмэгдэх боловч нийлүүлэлт нь үүнээсээ давах төлөвтэй байна " гэж “Macquarie” группын эрчим хүчний стратегич Викас Двиведи ярьсан байна. Эрэлт, хэрэглээ буурч байгаад олон улсад өрнөж буй геополитикийн нөхцөл байдлаас гадна тэргүүлэгч гүрнүүдийн эдийн засгийн эрэлт нийлүүлэлт нөлөөлж байгаа ажээ.

Хятадад л гэхэд барилга, орон сууц барих нь өмнөх жилүүдтэй харьцуулбал буурч байгаа, мөн шингэрүүлсэн хийгээр ажилладаг ачааны машины үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь эрэлт хэрэгцээнд нөлөөлж байна. Энэтхэгт дизель түлшний борлуулалт 1-10 дугаар сарын хугацаанд ердөө 1.8%-иар өссөн нь цар тахлаас хойших тааруу үзүүлэлт юм. АНУ-ын статистикийн тоо баримтаас харахад бараа материалын нөөц хоёр жилийн улирлын хамгийн өндөр түвшинд хүрч, илүүдэлтэй байгаа ажээ.

Баруун хойд Европт дизель түлшний нөөц улирлын нормоос хэтрэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Нефть боловсруулах үйлдвэрүүд эрэлтээс шалтгаалж үйлдвэрлэлээ нэмэгдүүлдэг. Гэвч цар тахлын улмаас үүссэн өр зээлээ төлөхийн тулд боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлаа нэмэгдүүлсээр байна. Энэ нь сүүлийн 30 жилд тохиолдож байгаагүй үйл явц юм.

 “Шатахууны эрэлт ойрын 10-15 жилийн хугацаанд өсөх хандлага харагдахгүй байгаа, харин нийлүүлэлт нь үүнийг давах тул ирээдүйд шатахууны үнэ илүү их савлагаатай болно" гэж “UBS” банкны шинжээч Жованни Стауново ярьжээ.

Дизель түлшний дундаж үнэ 2024 оны 11 дүгээр сарын дунджаар нэг баррель нь 90 ам.доллар байгаа юм.