Гүний уурхайн симпозиум сэдвийн хүрээнд Оюу толгойн уурхайн талбарт 1.3 км-ийн гүнд үргэлжилж буй их бүтээн байгуулалт, аюулгүй байдлын стандарт, тактик үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. "Оюу толгой” компанийн Гүний уурхайн тактик, үйл ажиллагааны хэлтсийн менежер Ч.Ариунболор: Бид гүний уурхайн анхны хүдэр юүлүүрийн тэсэлгээ хийгдсэн өдрөөс эхлэн ОРБ-г ашигласнаар хүдэр авалтын бүтээмж хамгийн өндөр түвшинд хүрч байна. ОРБ-н талаар товчхон танилцуулахад, энэ систем нь хүний боловсруулсан оновчтой ганцхан тооцоолол хийх хугацаанд хэдэн сая хувилбарыг боловсруулж, хамгийн оновчтойг нь сонгож ажилладаг бодит цагийн, ухаалаг систем юм.
Үүнээс гадна гүний уурхайд Алсын Удирдлагын Төв саяхан нээгдсэн. Тус төв нь гадарга дээр байрладаг бөгөөд операторууд маань 1,300 метрийн гүнд байгаа тоног төхөөрөмжүүдийг гадаргаас удирдан ажиллуулах боломж бүрдээд байна. Алсын Удирдлагын Төв нь утгуурт ачигчийн 6, өрмийн машины 2 алсын удирдлагатай. Энэ төв маань бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй байгаа хэдий ч одоогийн байдлаар бид гүний уурхайн тэсэлгээний үеэр буюу сул зогсдог цагаараа 2-3 утгуурт ачигч ажиллуулж, 200-300 тонн хүдэр татах байдлаар үр дүнд хүрч байна.
Орчин үеийн ухаалаг систем болон алсын удирдлагын төхөөрөмжүүдийг ашиглан бүтээмжээ сайжруулахаас гадна, аюулгүй ажиллагааг хангаж, ажилчдаа хорт хий болон тоосжилтод өртөх, аюултай орчинд орж ажиллахаас хамгаалж байна.
"Оюу толгой" компанийн Техникийн үйлчилгээ болон өсөлт хариуцсан Ерөнхий менежер Т.Отгонбаяр, “Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээс хойш Панел 0-ийн бэлтгэл дуусаж, ажлууд хүдэр юүлүүрийн сүүлийн хэдхэн тэсэлгээг хийх үлдээд байна. Үүний зэрэгцээ дараа дараагийн олборлолтын блокууд болох Панел 1, Панел 2-ын бэлтгэл малталтуудыг эрчимтэй ахиулж байна.
Хойд Хюго ордын Давхар 1 ашиглалтад бүрэн орсноор олборлолтын хэмжээгээрээ Индонезийн Грасберг, Чилийн Чүкикамата, Эль Тэньентэ зэрэг томоохон уурхайнуудын дараа буюу дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэнэ" хэмээн илтгэлдээ онцолж байв.
Өнөөдрийн байдлаар Оюу толгойн гүний уурхайд 11 хэлтэс, 24 туслан гүйцэтгэгчийн 52 баг ажиллаж байна. Нэг ээлжиндээ 1000 орчим хүн, 450 гаруй техник хэрэгсэлтэй ажилладаг аж.