Р.Ренчиндулам
Хөнгөн цагааны нийлүүлэлтийн хомсдолын улмаас үнэ нь цаашид өсөх магадлалтай болсон талаар олон улсын эрдэс баялгийн шинжээчид “Steelnews”-д мэдээлжээ. Тэдний онцолсноор хөнгөн цагааны үнэ нэг тонн нь дунджаар 2594 ам.долларт хүрч байгаа бөгөөд 2900 гаруй ам.долларт хүрэх магадлалтай байгаа юм байна. 2021 онд нэг тонн нь 3000 гаруй ам.долларт хүрч, 2008 оноос хойших дээд хэмжээндээ хүрч байсан билээ.
Ялангуяа хөнгөн цагааны гол хэрэглэгчдийн нэг болох Хятадын зах зээлд нийлүүлэлтээс үүдсэн хомсдол улам нэмэгдэж байгаа юм. Үүнд, Хятадын импортын 70%-ийг хангадаг баруун Африкийн Гвиней улсад үнэ тарифын нэмэгдэлтэй холбоотой эсэргүүцлийн улмаас тээвэрлэлт саатсан нь нөлөөлжээ. Мөн Австралийн Засгийн газар байгаль орчны тухай хуулиудыг чангатгаснаас болж олборлолт түр саатаж, үйлдвэрлэгчид хүлээлтийн байдалд орсон байна.
“Forbes”-т онцолсноор АНУ-ын “Alcoa” компани Австрали дахь хөнгөн цагааны гурван үйлдвэрийнхээ нэгийг хааж байгаа бол “Рио Тинто”-гийн боловсруулах үйлдвэр байгалийн хийн хомсдолоос болж бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа юм. Эдгээр нь хөнгөн цагааны эрэлт хэрэгцээ нэмэгдэхэд хүргэжээ.
Хөнгөн цагааныг бокситын хүдрээс ялгаж авдаг бөгөөд зэвэрдэггүй, бусад металлуудтай харьцуулахад хөнгөн, маш сайн цахилгаан, дулаан дамжуулагч болдог. Тиймээс хөнгөн цагаан болон хайлшийг пуужин, нисэх онгоц, тээвэр, цахилгаан дамжуулах болон барилгын үйлдвэрлэлд өргөн ашигладаг юм.