Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.02) Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг өргөн барилаа. Тус хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжид 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн хүлээн авсан.

УИХ-ын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль тогтоомжийг хүчингүй болгосон. Үүнтэй холбогдуулан “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол баталсан. Уг тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны дотор УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан юм. 

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан төсвийн цаглаврын дагуу жилийн төсвийн төслийг Засгийн газар 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор УИХ-д өргөн мэдүүлэх, УИХ жилийн төсвийн төслийг 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор батлахаар тус тус заасан.

Иймд Төсвийн тухай хуульд “Төсвийн төслийг дахин мэдүүлж, батлах” гэсэн 321 дүгээр зүйлийг нэмж тусгахаар хуулийн төслийг боловсруулжээ.

Эх сурвалж: Parliament.mn