Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн болон сэтгэлзүйн сэргээн засал, эмчилгээ, сургалт, зөвлөгөөг хүргэдэг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” /ХБХСЗХТ/ мэргэжлийн сэтгэлзүйн өрөөтэй боллоо.
“ЗАМайн Сервисиз” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд ХБХСЗХТ-тэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагчдад сэтгэлзүйн тусламж үйлчилгээг үзүүлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор хүүхдийн сэтгэлзүйн болон гэр бүл, эцэг эхчүүдийн сэтгэл зүйн 2 өрөөг стандартын дагуу бүрэн тохижуулсан байна. 2024 оны 12 дугаар сарын 2-ны өдөр энэхүү төслийн хүрээнд тохижуулсан өрөөнүүдийг ХБХСЗХТ-д хүлээлгэн өглөө.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-ийн дарга Г.Ууганцэцэг: Манай төвөөр сүүлийн 5 жилийн хугацаанд 43000 гаруй хүүхэд үйлчлүүлсэн ба сэтгэлзүйн тусламж үйлчилгээг төрөлжсөн байдлаар үзүүлэх цор ганц төв болон үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.
“ЗАМайн Сервисиз” ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ю.Ариунсайхан: Манай компани 2010 оноос Япон улсын Хитачи брэндийн уул уурхайн тоног төхөөрөмжийн албан ёсны дистрибьютороор ажиллаж байгаа ба манай компани болон Таван Богд Группийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн 17 зорилгыг дэмжин ажилладаг. Эдгээр 17 зорилгын хүрээнд бид жил бүр байгаль орчин, нийгэм болон хүүхдийн эрүүл мэнд, боловсрол рүү чиглэсэн ажлуудыг тогтмол хийсээр ирсэн. Энэ удаад “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-тэй хамтран хүүхэд болон асран хамгаалагч нарт сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээг бүрэн дүүрэн үзүүлэхэд дэмжлэг болох зорилгоор ийнхүү 2 өрөөг стандартын дагуу тохижуулан хүлээлгэж өгч байгаадаа баяртай байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний гэр бүл асран хамгаалагчдад ганцаарчилсан болон бүлгийн сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээг үзүүлэхэд стандартын дагуу тусгайлан тохижуулсан жишиг өрөө нь сэтгэлзүйн тусламж үйлчилгээг үр дүнтэй хүргэхэд эерэг нөлөөлөхөөс гадна хүүхэд, гэр бүлийн сэтгэл санааг амар амгалан, аюулгүй байлгах нөхцөлийг бүрдүүлэх онцлогтой.